Categories
гадаад мэдээ

Европын холбоо ОХУ-тай дээд хэмжээний уулзалт хийх тал дээр санал нэгдэж чадсангүй

Герман улс Европын холбооны уулзалтад Оросын Ерөнхийлөгч Путиныг урих санал гаргаж, үүнийг нь Франц дэмжсэн байна.

Европын холбооны дийлэнх орнууд 2014 оноос хойш хүйтэн уур амьсгалтай байгаа харилцааг сайжруулахад нухацтай хандах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Европын холбооны эрх баригчид уржигдар Брюссель хотноо ОХУ-тай харилцах харилцааны байдал болон дээд уулзалт хийх асуудлыг хэлэлцжээ.

Эхний өдрийн уулзалтаар Европын эрх баригчид Оростой яриа хэлэлцээр хийх формат, нөхцөлийг судлахаар тогтжээ. “Москватай уулзалт хийх асуудлыг маш нухацтай хэлэлцлээ. Гэхдээ энэ бол хялбар шийдэгдэх асуудал биш” гэж Канцлер Меркель Европын холбооны эрх баригчдын эхний өдрийн уулзалтын дараа мэдэгджээ.

Уржигдрын уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Макрон Европын ашиг сонирхол, түүний тогтвортой байдлыг хамгаалахад Оростой уулзалт хэлэлцээ хийх шаардлагатай гэж мэдэгджээ. Гэвч Европын холбооны бусад гишүүн орнууд ялангуяа Балтын тэнгисийн орнууд болон Польш улс уг саналыг эсэргүүцжээ.

Литвийн Ерөнхийлөгч Оростой дээд хэмжээний уулзалт хийх нь Кремльд буруу дохио өгнө гэж анхааруулсан байна.

2014 оны Украины хямралаас хойш Европын холбоо болон ОХУ-ын харилцаа эрс муудсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Франц, Германтай харилцаагаа сайжруулах үүднээс уулзалт хийе гэсэн саналыг дэмжиж байгаа гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *