Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал:
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Хуулийн төслийн танилцуулгыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хилийн захиргаа байгуулъя гэдэг заалт оруулж ирж байгаа гэж ойлголоо. Одоо Замын-Үүдэд гацаад буй ачааны асуудлыг эхлээд шийдээрэй. Засгийн газрын нөөц хөрөнгө 40 тэрбум байсан. Тэр нь дуусчихсан түүнийг нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт өгөөч гэдэг нь буруу. Мөн Эрүүл мэндийн даатгалын мөнгийг ковидын эсрэг зарцуулна гэдэг буруу. ПСР шаардлагагүй үед хэрэгтэй хэрэггүй хүний амийг ухаад 40-50 сая төгрөгийг гарын салаагаар гоожуулсан. Надад үнэндээ итгэл төрөхгүй байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Бид ковидын үеийн эмчилгээний эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын санд багтаах хөнгөлөлтийг эдлэх боломжийг олгосон тушаалууд гараад явж байгаа. Ковидын үед шинэчлэгдсэн тарифын журмууд гарсан. Өмнө нь нэг хүний тариф 4 сая байсан бол шинэчлэгдсэн тарифаар 7.7 сая болсон. Үүнд бүх эмчилгээ эм нь багтсан байгаа. Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүсийн тариф 70-аас 160 мянган болон нэмэгдсэн. Үүнд арбидол зэрэг эм багтсан.