Categories
мэдээ нийгэм

Нийт 589.9 сая төгрөгийг “Өрхийн эрүүл мэнд”-ийн төвд олгожээ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж буй Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний нөхцөл байдлын талаарх хамтарсан хурал боллоо. Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын санхүүгийн хэлтсийн дарга З.Отгонбаяр болон холбогдох газар хэлтсийн дарга мэргэжилтнүүд оролцлоо.

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 67/А268 тоот тушаалаар Эрүүл мэндийн ерөнхий газар энэ оны 3 сараас эхлэн Ковид-19 цар тахлын дэгдэлтийн үед гэрээр үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн нэхэмжлэхэд үндэслэн олгож байгаа билээ. Тус хуралд гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, тандалтын сорьц цуглуулах, дархлаажуулалтын санхүүжилтийг Өрхийн эрүүл мэндийн төвд хэрхэн олгож байгаа талаар болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, уялдаа холбоог сайжруулах талаар ярилцаж, цаашид Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээнд зарцуулж буй санхүүжилтийг хугацаанд нь шилжүүлэх үүрэг чиглэл өглөө.

Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн даатгалын сангаас 85 Өрхийн эрүүл мэндийн төвд санхүүжилтийн урьдчилгаа болох 70 хувь буюу нийт 589.9 сая төгрөг олгоод байна. Тодруулбал, хамгийн багадаа 17, ихдээ 504 хүн буюу нийт 12040 хүний гэрээр үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүллээ. Цаашид Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлсэн бол төлбөрийн нэхэмжлэлийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт цаг тухай бүрт нь ирүүлж санхүүжилтээ авах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *