“Хийморь” төсөлд оролцсон улсын харцага цолтой найман бөхийн долоо нь өөрсдийн хүсэлтээр допингийн шинжилгээнд хамрагдсан билээ. Сүүлийн үед цахим орчинд допингийн шинжилгээнд хамрагдсан эдгээр долоон харцага цолтон дотроос хоёр бөх нь допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх мэдээлэл түгсэн. Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр (2021.06.21) мэдэгдэл гарган, долоон харцага цолтны допингийн шинжилгээний хариуг ил болголоо.
Тус холбооны мэдэгдэлд “Монгол Улсын харцага цолтой бөхчүүд өөрсдийн санаачилга, санхүүжилтээр допингийн хяналтын шинжилгээ өгсөн бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр зургаан бөх, Covid-19-ийн улмаас нэг бөх тавдугаар сарын 13-ны өдөр өгсөн болно. Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лаборатори зургаан бөхийн шинжилгээний хариуг Монголын үндэсний допингийн эсрэг төв зургадугаар сарын 10-ны өдөр, үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариуг зургадугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байна.
Монголын үндэсний допингийн эсрэг төв шинжилгээний хариуг танилцуулах журмын дагуу бүх шинжилгээг нэгтгэн, Монголын үндэсний бөхийн холбоонд 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр ирүүллээ. Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй байна. Цэвэр, шударга өрсөлдөөнийг уриалж байгаа харцагууддаа спортын өндөр амжилт хүсье” гэжээ.
“Хийморь” төсөлд оролцсон улсын харцага А.Цацабширээс бусад долоон харцага цолтон бүгд шинжилгээ өгсөн бөгөөд тэдний сорьцоос хориотой бодис илрээгүй байна.