Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ?

Ном уншаад мэдлэг мэдээлэл авч, бичих чадвараа хөгжүүлж, номын гол утга санааг сайтар ойлгоход туслах хамгийн үр дүнтэй арга бол яах аргагүй номын тэмдэглэл хөтлөх билээ. Та бүхэн номын тэмдэглэл хийе гэсэн ч хаанаас эхлэх, хэрхэн хөтлөхөө мэдэхгүй байгаа бол энэхүү зөвлөгөөг дуустал нь уншаарай.

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Номын тэмдэглэл хөтлөх гэдэг нь уншсан номынхоо гол утга санаанд өөрийн бодлоо тусган эргэцүүлэл хийх үйл юм.

Номын тэмдэглэл хөтлөх нь ой тогтоолт, анхаарал төвлөрөлт болон бичих чадварыг сайжруулах зэрэг хэд хэдэн давуу талтай. Мөн уншсан номынхоо талаар тэмдэглэл бичиж өөрийн зүгээс дүгнэлт хийж байгаа тул номыг үг, өгүүлбэрээр нь хөөж уншихаас илүүтэйгээр номын утга санааг бүхэлд нь ойлгоход чиглэн унших чадвар ч сайжруулах боломжтой.

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?

  • ХИЧЭЭЛИЙН НОМ

Хичээл дээрээ уншсан номуудынхаа тэмдэглэлийг хийх нь хожим шалгалтад бэлдэх үед өмнө үзсэн сэдвүүдээ сэргээн санахад тусалдаг. Мөн олон дахин уншаад ч сайн ойлгоогүй сэдвүүдээ уншаад дүгнэлт бичих нь тухайн сэдвүүдийг ойлгоход тусалдаг.

  • УРАН ЗОХИОЛЫН НОМ

Хичээлээс бусад шалтгаанаар буюу өөрийн сонирхлоороо уншиж байгаа номын тэмдэглэлийг дараах загварын дагуу хийх боломжтой.

1. Эхлээд номын нэр, зохиолчийн нэр, номын төрөл жанрыг бичнэ. Хүсвэл хэвлэгдсэн он, хэвлэлийн газрыг ч бичиж болно.

2. Ингээд тухайн номыг уншаад танд ямар бодлууд төрсөн талаараа бичнэ. Бичихдээ дараах үндсэн асуултуудад хариулаад бичвэл тэмдэглэл тань илүү цэгцтэй болно.

  • Энэ ном таны сэтгэлийг татаж чадсан уу?
  • Номын аль дүр өөрт тань таалагдсан бэ?
  • Номын яг аль хэсэг нь сэтгэлийг тань догдлуулсан бэ?
  • Аль хэсэг нь ойлгомжгүй байсан бэ?
  • Номоос ямар сургамж авсан бэ?
  • Номыг 1-10 оноогоор дүгнэвэл?

  • ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН НОМ

Хувь хүний хөгжлийн номд харилцааны чадвараа сайжруулах, цагийн менежмент хийх, бусдыг удирдан манлайлах зэрэг өөрийн тань аль нэг дутагдалтай чадварыг засахад тусалсан номууд багтдаг.

Хувь хүний хөгжлийн номын тэмдэглэл хийх нь ерөнхийдөө хичээлийн номын тэмдэглэл хийхтэй ижил зарчмаар явагддаг. Өөрөөр хэлбэл та энэ төрлийн номуудыг уншаад зөвхөн гол санаануудыг нь л тэмдэглэн бичих хэрэгтэй.

НЭМЭЛТ ЗӨВЛӨМЖ

  • ТОДОРХОЙ БИЧИХ

Номын тэмдэглэлийг хэнд зориулж бичиж байгаагаас шалтгаалан өөр өөр хэв маягаар бичиж болно. Хэрвээ тэмдэглэлээ дараа нь өөр хүмүүст уншуулах зорилготойгоор бичиж байгаа бол цөөн үгээр, тодорхой бичих хэрэгтэй. Харин зүгээр л өөрийн бичих чадвараа сайжруулах гэж байгаа бол уран сайхны найруулгатайгаар бичиж болох юм.

  • ОНЦЛОХ ХЭСГҮҮДИЙГ ТЭМДЭГЛЭХ

Тэмдэглэл хийхдээ сэтгэлд хүрсэн эшлэл, ухаарал хайрласан үгийг заавал тэмдэглэн аваарай. Магадгүй эдгээр үгс нь таны ирээдүйн амьдралдаа баримтлах зарчим болохыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Мөн эдгээр үгсийг тэмдэглэлийнхээ тусгай хэсэгт эсвэл өөр дэвтэр дээр бичиж авбал харахад амар байдаг.

  • ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ БИЧИХ

Мэдээж бусдад зориулж бичиж болно л доо. Гэхдээ номын тэмдэглэл гэдэг өөрийн тань бичвэр, өөрийн тань өмч тул бусдад таалагдах гэж биш, зөвхөн өөртөө зориулан бичих нь зүйтэй. Эхний үед тэмдэглэлүүдээ хэнд ч үзүүлээд хэрэггүй. Хүнд үзүүлээд ирэхээр “Хүмүүс тэмдэглэлийг маань уншаад юу гэх бол? Ямар хариу үйлдэл үзүүлэх бол?” гэхчлэн бусдын хариу үйлдэлд хэт их анхаараад өөрийн бодлыг тусгахад бэрхшээлтэй болдог. Тиймээс өөртөө л зориулж бичээрэй.

  • ГОЁООР ЧИМЭГЛЭЭРЭЙ

Номын тэмдэглэл хийхдээ бужо дэвтэр хөтөлдөг шиг чимэглэл хийвэл илүү сонирхолтой байх болно гэж амлая. Та олон өнгөөр бичсэн, энд тэндээ саа чимэглэл, наадаг зурагтай тэмдэглэл хийх дуртай төрлийн хүн бол өнгөлөг байдлаар, минималист хэв маягт дуртай бол цөөн хэдэн өнгөөр, цэвэрхэн байдлаар тэмдэглэлээ чимэглэх боломжтой.

Интернэтэд бужо дэвтрийг хэрхэн өнгөлөг, анхаарал татахуйц байдлаар чимэглэх талаар хэдэн зуун зөвлөгөө байдаг учраас хайгаад үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *