Categories
xурдан-морь мэдээ үндэсний-бөx

Үндэсний спортын холбоод улсын хэмжээнд наадам тэмдэглэхийг хүсэв

Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ), Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ), Монголын Үндэсний харваачдын холбоо (МҮХХ) өнөөдөр (2021.06.18) хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисст үндэсний их баяр наадмыг улс, аймаг, сум бүрт нэгэн зэрэг хийх хүсэлт хүргүүллээ


Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг улс, аймаг, сум бүрд нэгэн зэрэг зохион байгуулахыг хүсэж байна гэв. Наадмыг нэгэн зэрэг зохиосноор цар тахлын үеийн хэт төвлөрлийг сааруулах боломжтой гэж Үндэсний спортын холбоод үзэж байна.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: Түр зуурын саад бэрхшээлийг давахад Засаг төрөөс зөв шийдвэр гаргаж бидний хүсэлтийг хүлээн авна биз. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 20 мянга орчим бөх барилддаг. Бөхчүүд наадамдаа оролцоно гээд бэлтгэлдээ гарчихсан буй. Наадмуудыг төвлөрөл үүсгэхгүйгээр нэгэн зэрэг хийх боломжийг судалж үзээсэй. Нийслэлд наадам хийгээд хөдөө орон нутгийн наадамчдын эрхийг ор тас орхиж болохгүй байх. Эсвэл наадмыг хойшлуулах талаар хэлэлцээсэй гэж хүсэж байна.

ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан: Манай холбоо нь 120 мянга гаруй уяачдыг нэгтгэсэн. Аймаг, сумдын наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрт орон нутгийн уяачид их бухимдаж байна. Нөхцөл байдлыг ойлгож байна. Бид шаардаж байгаа юм биш. Гэхдээ наадам болоход сар гаруйн хугацаа байна. Энэ хугацаанд халдварын нөхцөл байдал буурах хандлага байгаа учраас тухайн цаг үед нь шийдэж өгөөч гэж хүсэж байна. Одоогийн байдлаар 17 аймаг, 167 сумаас наадам тэмдэглэх хүсэлтээ ирүүлээд байна.

МҮХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямбаяр: Засгийн газар шийдвэрээ эргэн харж бүх наадмыг нэг өдөр тэмдэглэх эсвэл хойшлуулах талаар бодолцож үзэхийг хүсэж байна. Зөвхөн өнгөрсөн жилд 5676 харваач харвасан. Аль болох халдвар хамгааллын дэглэмээ бариад харвах гэсэн боловч Засгийн газрын шийдвэрээр бүх ачаалал нийслэлд төвлөрөх гээд байна. Энэ эрсдэлийг арилгахын тулд бүх аймаг, сумдын наадмыг нэгэн зэрэг хийх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *