Categories
мэдээ эдийн-засаг

Цар тахлыг далимдуулж үнийн хөөрөгдөл үүсгэж байгааг хэн хянаж, хэрхэн хөрсөн дээр буулгах вэ?

Төр засгаас эдийн засгийг элгээр нь мөлхүүлэхгүйн үүднээс цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд зориулан 10 их наядын цогц төлөвлөгөө боловсруулж “Ажлын байрыг дэмжих зээл” буюу 3 хувийн хүүтэй зээлийг олгож буй. Зээлийг арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр олгож байгаа. Тэгвэл тавдугаар сарын сүүлийн байдлаар банкуудад нийт 5.9 их наяд төгрөгийн 54 мянган зээлийн хүсэлт ирснээс 14 мянган зээлд нэг их наяд төгрөг олгосон талаар Монголбанкнаас мэдээлсэн. Үүнээс 60 хувь нь аж ахуйн нэгжид, 40 хувь нь иргэнд очсон байна. Товчхондоо үүгээр 47 мянга гаруй ажлын байрыг авч үлдэхэд дэмжлэг болсон гэж байгаа. Тэгвэл эдийн засгийг сэргээхээр төрөөс бодлогоор олгож буй 3 хувийн зээл яг хэрэгтэй хүндээ, хэрэгтэй газартаа очиж чадаж байна уу гэдэг асуудал үүсэх боллоо. Арилжааны банкууд шаардлага хангахгүй нэрээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг хаалга мөргүүлж зөрүүлээд хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсээ оруулж зээл өгч байна. Харин арын хаалганы нөхдүүд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэггүй учраас бага хүүтэй зээлийг байр, машин авахад зарцуулж, улмаар эрэлтийг нэмэгдүүлж үнийн хөөрөгдөл бий болгож байна гэсэн хардлага нийгмийн дунд төрөөд байна. Арга ч үгүй биз. шинэ орон сууцны метр квадратын дундаж үнэ өнгөрсөн намар 1.6 сая байсан бол байршлаас үл хамаарч дунджаар 2.5 сая хүрчихсэн байна. Хуучин орон сууцны метр квадратын үнийг захын нэг зар руу залгаад асуухад 1.8-2 сая төгрөгийн үнэтэй байна. Үнэ ханш нэмэгдээгүй салбар гэж ч байхгүй болж. Иргэдийн гол хэрэглээ болсон хүнсний үнэ бүр ярих юмгүй талийж өгсөн. Нэг хөл хорионоос гарахад л 1000, 2000 төгрөгөөр нэмэгдсээр байдаг зуршилтай болсон. Нэг уут нарийн боов дунджаар 3000 гэдэг байсан бол одоо захын дэлгүүрт 4500 болж. Бидний өдөр тутмын хэрэглээ болох өндөгний үнэ 250-280 төгрөг байсан бол хэл ам хийж байж 450 төгрөг дээр авч үлдсэн. Сүүлийн үед автомашины үнэ мөн тэнгэрт хадаж. Хэдийгээр жил бүрийн наадмын үеэр ченжүүд эрэлтэд дөрөөлж үнээ өсгөдөг ч энэ жил хил гаалийн асуудлаас болж байгаа хэдээ ахиу үнээр зарах сонирхолтой болсон байгааг иргэд ярьж байна.

Тиймээс бид 3 хувийн зээлтэй холбоотой асуудал болон нийгэмд үүсээд буй үнийн хөөрөгдлийн талаар салбарын төлөөллүүдтэй холбогдож тодрууллаа.


Ч.БАТБОЛД: БАНКНЫ ШААРДЛАГААС БОЛЖ 3 ХУВИЙН ЗЭЭЛД ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХҮРТЭЭМЖТЭЙ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Зарим нь авч байгаа гэх боловч “Ажлын байрыг дэмжих” 3 хувийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд эх үүсвэргүй хэмээн авахгүй зогсоосон бололтой. Энэ талаар Монголын жижиг дунд бизнес эрхлэгч залуучуудын холбооны гүйцэтгэх захирал Ч.Батболдоос тодрууллаа.


-Ажлын байрыг дэмжих зорилгоор олгож буй гурван хувийн зээлд аж ахуйн нэгжүүд хүртээмжтэй хам-рагдаж чадаж байна уу?

-Манайх шиг банкны өндөр хувийн хүүтэй зах зээлд 3 хувийн хүүтэй зээл гарч ирж байдаг гэдэг нэг талаас давуу тал, өгөөжтэй. гэвч зээлд хамрагдах хүрээ болоод эх үүсвэрийн нөөц бага. Хоёр их наядаар батлагдаад сүүлд эх үүсвэр нэмэгдээд гурван их наяд болсон л доо. Бид албаны хүмүүстэй багагүй уулзаж, явж үзсэн. Банкны шалгуур өмнө нь ч, одоо ч өндөр байна. Хэдийгээр ковид буюу гадны зүйлээс хамаараад үйл ажиллагаа нь зогсонги байгаа бүх жижиг, дунд бизнес эрхлэгчид энэ зээлд хүсэлт өгч байгаа боловч бүгд хамрагдаж чадахгүй байна.

-Зээлд хамрагдаж чадахгүй байгаа гол шалтгаан нь банкны шаардлага л байна уу?

-Банкны шаардлагаас хамаарч байна. Үйл ажиллагаанаас хамаараад бизнес эрхлэгчид зээл авч байгаа хэдий ч хүртээмжтэй биш.Банк өөрөө бизнесийн байгууллага учраас найдвартай үйл ажиллагааг үндэслэж зээл олгох нь мэдээж. Банк нэгдүгээрт үл хөдлөх шаарддаг. Манай холбооноос судалгаа хийхэд бидний 90 хувь нь үл хөдлөхийн шаардлагыг хангахгүй байна. Өөрийн нэр дээр үл хөдлөхгүй. Тиймээс бид бизнесийн үйл ажиллагааг нь, төслийг, санаачилгыг нь үнэлээч ээ гэсэн зүйлийг тавьсан. Энэ бол төдийлөн амжилт олоогүй. Хоёрдугаарт, үл хөдлөхийн үнэлгээ бага. Тэгэхээр үл хөдлөхгүй л бол таны бизнес ковидын орлогоос шалтгаалж зогссон байна уу, унасан байна уу хамаагүй л болчихож байгаа юм. Худалдаа наймаа хийдэг наймаачдад түлхүү гарсан нь анзаарагдсан. Барьцаа хөрөнгөтэй, борлуулалтын орлого сайтай байхад хувь хүнд ч гэсэн сайн гарсан байх. Наймаачид бага зэргийн татвар төлөөд бараа авчираад зарчихдаг. Уг үйлдвэрлэл эрхэлдэг нэмүү өртөг шингэсэн газруудад зээл гаргавал жинхэнэ монгол хүндээ цалин нь очоод, татвараа төлөөд, тог усныхаа мөнгийг төлөөд мөнгөний эргэлт нь дотооддоо үлдэх юм.

-Танай холбоонд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс дунджаар хэдэн төгрөгийн зээл авч байна вэ?

-Үйл ажиллагаанаасаа хамаараад 100 сая дотор байна. Ингэхдээ 250 сая төгрөгийн зээлийн хүсэлт өгсөн бол 50 сая төгрөг гарч байна. 50 сая төгрөгийн хүсэлт өгөөд 15 сая орчим гарч байна. Би өөрөө үйлдвэрлэл эрхэлдэг, 58 сая төгрөгийн хүсэлт өгөөд 12 сая төгрөгийн зээл авсан. Би эко уут үйлдвэрлэдэг. Миний хувьд хөл хориотой байсан ч үйл ажиллагаа арай зогсчихоогүй. Буяны компанид уут нийлүүлдэг учраас үйл ажиллагаа хэдийгээр тогтвортой биш ч үргэлжилж байсан болохоор зээл гарсан байх. Гэтэл бүтэн зогсчихсон газрууд борлуулалтын орлого бүр байхгүй учраас зээл авах боломжгүй болчихож байгаа юм. Уг нь сайд дарга нарын ярьж байгаа нь ажлын байрыг хадгалж үлдье гэж байгаа. Хэрэгжүүлэгч нь арилжааны банкууд учраас шалгаруулалтаа өөрсдөө хийнэ. Ингэхдээ үл хөдлөхтэй юу, үйл ажиллагаа явагдаж байсан уу гэдэг гол шалгуур тавьчихаад байна. Нөгөө талаас банкууд өөрсдийн харилцагч, зээлийн түүхтэй, найдвартай эргэн төлөлт хийдэг газрууддаа зээлийг шийдэж өгч байна. Уг нь жижиг дунд бизнес эрхлэгч гэж яриад байгаа. Гэтэл бичил, өрхийн үйлдвэрлэлийг бүр хаячихаад байгаа. Өрхийн үйлдвэрлэл хийж байгаа хүмүүст бүр байхгүй. Нэг судалгаа бас бий. Дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв гэж байдаг. Тэнд очиход 10-20 түрээслэгч үйл ажиллагаа явуулж байгаа.Эндээс нэг нь ч тэр гурван хувийн хүүтэй зээлийг авч чадаагүй байгаа. Хамгийн дээд үл хөдлөх хөрөнгө нь л хашаа байшин. Гэвч үнэлгээ бага учраас хамрагдах боломжгүй. Ер нь энэ зээл зарлагдахад их хүлээлттэй байсан. Тиймээс олон ч хүн хүсэлт өгсөн байх. Одоо бол хүсэлт авахгүй байгаа.

-Банкууд зээлийн хүсэлтээ авахгүй зогсоосон байна уу?

-Авахгүй байгаа. Дийлэнх нь эх үүсвэргүй гээд авахгүй байгаа. Өмнө зээлийн хүсэлт өгөөд бичиг баримтаа судлуулж байгаа хүмүүс л яваа. Ковидын үед ч авахгүй байсан. Бүр онцолбол дөрөвдүгээр сарын 8-наас сарын хугацаанд бараг хөл хорио тогтоох хугацаанд 600 тэрбумын зээл шийдэгдэж байна гэсэн мэдээллийг Сангийн яам, Монголбанкнаас хийж байсан. Хөл хорио тавигдаад банкинд зээл авахаар хандахад аль хэдийнэ эх үүсвэр дуусчихсан зээлийн хүсэлт авахгүй гэсэн хариу өгч байсан. Томоохон газруудад хөл хорио тогтоосон. Бусад газарт хөл хорио тогтоогоогүй, орон нутагт банкуудын үйл ажиллагаа хэвийн учраас зээл гараад бид бичиг баримт хөөцөлдөөд явж байхад нам зогсчихсон. Магадгүй энэ бизнесийн зээлийг хөл хориотой үед нөөцийг бодолцох хэрэгтэй байсан байх.

М.БАТБААТАР: АРМАТУРЫН ҮНЭ НЭМЭГДЭХЭД ОРОН СУУЦНЫ МЕТР КВАДРАТЫН ҮНЭ 150-160 МЯНГАН ТӨГРӨГӨӨР Л ӨСНӨ. ЭНЭ 2.5 САЯ ГАРААД БАЙГАА ҮНЭ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨӨСРӨЛТ

Барилгын салбарт үүсээд буй үнийн хөөрөгдлийн талаар Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатараас тодрууллаа.


-Олон улсын зах зээл дээр барилгын материалын үнэ үнэхээр нэмэгдчихээд байна уу. Эсвэл ганц хоёр импортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнийг далимдуулан үнийн зохиомол хөөсрөлт явагдаад байна уу?

-Барилга хот байгуулалтын яам болон Монголын барилгачдын нэгдсэн холбоо хамтран хоёр, гурван сарын өмнөөс судалгаа хийхэд цар тахалтай холбоотойгоор импортын бараа бүтээгдэ-хүүний тээвэрлэлт тасалдаж, удааширснаас үүдэж гол нэрийн цөөхөн бараа материалын үнэ нэмэгдэхээр байсан. Тухайлбал, дотоодод үйлдвэрлэгддэггүй арматур төмөр, зарим сан техник, цахилгааны материалын үнэ бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байсан. Одоогоор гадаад зах зээл дээр арматурын төмрийн үнэ л нэлээд нэмэгдсэн. Бусад барааны үнэ тогтвортой байгаа. Ганцхан татан авалт л гацсаныг далимдуулаад ихэнх барилгын бараа материалын үнэ нэмэгдчихлээ.

-Үнийн хөөсрөлтэй холбоотойгоор танай холбооны зүгээс болон холбогдох байгууллагууд ямар нэг арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юу?

-Үүнтэй холбоотойгоор хоёр сарын өмнө БХБЯ болон Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Засгийн газарт асуудал тавьсан. Ялангуяа гангийн арматурын хил гаалийг татвараас чөлөөлөх шийдвэр гаргаж өгөхийг хүссэн. Ингэвэл арматурын үнийн өсөлтийг тодорхой түвшинд барьж болохоор байгаа. Гэвч энэхүү ажлыг Сангийн яамд даалгасан боловч ямар нэг тодорхой шийдвэр гараагүй байна.Арматурын үнэ тонн нь гурван сая төгрөг гараад явчихсан. Бусад барилгын материалын үнэ нэмэгдэх ямар ч үндэслэл байхгүй. Дөнгөж сая манай холбооноос Засгийн газарт албан бичиг явууллаа. Далимдуулж үнийн хөөрөгдөлд оруулж байгаа явдал байна. Өнгөрсөн жил арматурын үнэ бага байхад худалдан авалт хийгээд ашиглаад орон сууцны карказыг босгочихсон, үнэ хямд байхад нь цементээ аваад аль хэдийнэ заслаа хийгээд эхэлчихсэн орон сууцны үнээ метр квадратыг нь хоёр сая төгрөг гаргаад нэмж байна. Энэ бол шударга бус явдал.2019 оноос эхлээд Засгийн газраас ард түмнээ орон сууцжуулах, ялангуяа гэр хорооллыг орон сууцжуулах замаар агаар болон хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд “150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр санаачилсан. Үүний дотор орлогод нийцсэн орон сууц, Түрээсийн орон сууц гээд хэд хэдэн төслүүдийг хамруулж батлаад хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Засгийн газраас гол зорилго нь төрийн оролцоотой орон сууцны төсөл хэрэгжүүлье гэсэн зорилгоор тогтоол шийдвэр гарсан. Аль болох боломжит хямд үнээр. Манай холбооны зүгээс эмзэглэж байгаа зүйл бол тэр зорилтоос нь хазайлгаад түр зуурын тээврийн саатал, гадаад зах зээлд зөвхөн арматурын үнэ нэмэгдсэнийг далимдуулаад үнийн хөөсрөлт болгож орон сууцны метр квадратын үнийг 2.5 сая төгрөг болгох гэсэн санаархал бий болчихоод байна. Ийм зорилготой бүхэл бүтэн бүлэг, зарим мэргэжлийн холбоодууд хүртэл ажиллаж байна.Дуртай нь хөрөнгө оруулж, дуртай үнээрээ зардаг механизмыг дахин сэдрээж ерөөсөө болохгүй. Ялангуяа гэр хороололд хэрэгжүүлэх орон сууцны хөтөлбөрт. Махны үнийг 2000, 3000 төгрөгөөр нэмчихээд Засгийн газраас шаардахаар 1000 төгрөгөөр л буулгадаг яг энэ байдал орон сууцны үнэ дээр харагдаад байна. Метр квавратын дундаж үнийг 2.5 сая төгрөг болгочихоод Засгийн газраас болохоо байлаа гэхээр за тэгвэл тохиръё гээд буулгахдаа 2.2 сая төгрөг болгоно. Ямар ч байсан хоёр сая төгрөгөөс дээш тогтоож авах гээд зориуд үнийн хөөрөгдөл бий болгоод байгаа нь харагдаж байна.Энэ бол ямар ч үндэслэлгүй хөөсрөлт.

-Арматурын үнэ нэмэгдсэн тохиолдолд орон сууцны үнэ тэдэн төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн нарийн тооцоолол гаргадаг уу?

-Бид арматурын болон зарим нэр төрлийн бараа материалын үнэ нэмэгдэх үед урьдчилсан тооцоо буюу үнийн шинжилгээ хийж үзсэн. Арматурын үнэ тонн нь 3.7 сая гээд, бас бус материалын бага зэргийн нэмэгдсэнтэй холбоотойгоор орон сууцны метр квадратын үнэ 150-160 мянган төгрөгөөр л өсөх тооцоолол гарсан. Тэгэхээр метр квадрат нь 1.4 сая байсан бол үсрээд л 1.6 сая болох юм. Энэ бол бодит үнийн нэмэгдэл. Гэтэл шууд 1.4 саяаас 2.0, 2.5 сая төгрөг болгочихож байгаа байхгүй юу. Тэгээд бүр орон сууцны үнэ цаашдаа 2.5 саяас буухгүй гэж зарим хүмүүс зурагтаар ярьж харагдсан. Ингэж зориудаар турхирч болохгүй.

-Тэгэхээр бид даруй л арматураа өөрсдөө үйлд-вэрлэхэд анхаарах хэрэгтэй боллоо. үгүй бол арматураас үүдсэн үнийн хөөрөгдөл үргэлжлэх болов уу?

-Ерөөсөө л тэр. Арматурын үнэ энэ жилдээ нэмэгдэх нөхцөл байдал яалт ч үгүй бий болчихлоо. Дарханы гангын үйлдвэрийн будлианыг гаргаад хүдрийнхээ эзэмшлийг тогтоогоод, Гангийн үйлдвэрээ ондоо багтаагаад ашиглалтад оруулчихвал ирэх жил буцаад орон сууцны1м.кв үнэ 1.4-1.6 сая дээрээ буух боломжтой.

-Барилгын салбарт үүсээд буй үнийн хөөрөгдлийг хөрсөн дээр буулгахын тулд нэн түрүүн ямар арга хэмжээ авбал зохих вэ?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас л энэ орон сууцны зах зээлд үүсээд буй үнийн хөөрөгдлийг шалгаж хяналт хийх хэрэгтэй шүү дээ. Мах, хүнсний бараа гээд бүх л үнийн хөөрөгдлийг шалгах нь тус байгууллагын гол ажил. Өнгөрсөн жил үнэ хямд байхад барилга угсралтаа хийчихсэн барилгын үнийг нэг хянах хэрэгтэй. Нөгөө нь өндөр үнээр арматур авсан ч метр квадрат нь 150 мянгаар нэмэгдэхээр байхад шууд сая төгрөгөөр нэмчихсэн газруудыг мэргэжлийн байгууллагуудаар шинжилгээ хийлгэх хэрэгтэй.Үнээ үгсэн хуйвалдаж нэмсэн энэ байдлыг цөөн тооны барилгын хөрөнгө оруулагчид л хийж байгаа. Барилгын хөрөнгө оруулалттай холбоотой төслөөр банкнаас зээл аваад тэрийгээ энэ мэтчилэн барилгын салбараас гурав, дөрөв нугалж хөрөнгөжсөн 10 гаруйхан компани л бий. Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар ноднин, өнгөрсөн жил барьчихсан ашиглалтад оруулж чадаагүй 12 мянган айлын орон сууцны 8000 нь огт борлогдоогүй. Тэр борлогдоогүй орон сууцны үнийг буулгаж борлуулах байтал арматурын үнэ өсчихсөн нэрээр дээрх хөрөнгө оруулагч компаниуд үнээ нэмж борлуулах сонирхолтой болчихлоо. Түүнээс нэмж баригдаж байгаа орон сууц тун бага. Харин жирийн барилгын гүйцэтгэгч компаниуд бол өөр юман дээр санаа зовж байна.

-Юунд?

-Өнгөрсөн жил улсаас тен-дер сонгон шалгаруулалтаар гэрээ хийсэн сургууль, эмнэлэг гэх мэт барилгынхаа талыг бариад одоо дуусгах гэхээр арматурын үнэ өсчихөөд гацчихсан барилгын гүйцэтгэгч компани маш олон бий. Төсвийн хөрөнгөөр барилга барьж байгаа учраас үнийн хөөрөгдөл бий болгох боломжгүй. Улсын төсвөөс мөнгийг нь нэмж өгөхгүй. Дээр нь 1.5 саяар арматураа авч байтал одоо 3.7 саяар арматур авахаар болчихоор дунд нь нөгөө барилгын компаниуд шатаад байгаа юм. Хажуугаар нь зөвхөн арматур гэхгүй далимдуулаад бусад бараа материалын үнэ өсчихлөө, бид барилгаа барьж чадахгүй алдагдалд орох нь, ажлаа зогсоохоос арга алга гэсэн барилгачид давхар хохироод сүйд болж байна. Тэгэхээр барилгын салбарт үнэ нэмэгдэж буй байдлыг хоёр талаас харах хэрэгтэй. Хямд барьсан орон сууцаа үнэтэй зарах сонирхолтой нэг хэсэг байгаа бол нөгөө талд нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийдэг 2000 орчим гүйцэтгэгч компаниуд хохирч байна. Тиймээс үнийн өсөлтийг Засгийн газраас анхааралдаа авч хэлэлцээч ээ л гэсэн хүсэлтэй байна. Одоо л жаахан дарж авахгүй бол ирэх жил үүнээс ч илүү хөөрөгдөлд хүрэхийг үгүйсгэхгүй. Хөөсөрч байгаад буухдаа хөөрсөн үнэ дээр буудаг. Дахиад үнийг хөөсрүүлэх замаар үнийг үндэслэлгүйгээр нэмсээр байгааг бодлогоор болиулах хэрэгтэй. Засгийн газраас шийдвэр гаргахдаа үнийн хөөсрөлтийг дэвэргэж орон сууцны хөтөлбөр төслүүдийг үндсэн зорилгоос нь хазайлгах гэсэн санаархал байгааг сайтар бодолцох хэрэгтэй байна.

Г.БАТЖАРГАЛ: ТӨР ЗАСАГ ЦААШДАА ЯАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ. ҮҮНЭЭС ҮҮДСЭН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ЭРГЭЛЗЭЭ ҮҮСЭЭД БАЙНА

Санхүүч Г.Батжаргалтай ярилцлаа.

-Монголбанк Засгийн газрын тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу “Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл”-ийг арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа. Тэгвэл энэ зээл эзэндээ хүрэхгүй байна гэх яриа гараад байгаа. Үүнд банкуудад эдийн засагчдын зүгээс ямар нэг хяналт тавьж байгаа юу?

-Засгийн газраас 3 хувийн зээл анх гарахдаа нийгэмд нэлээд өндөр хүлээлттэй байсан. Тиймээс энэ зээлийг авах хүмүүсийн сонирхол их. Банкинд зээлийн хүсэлт маш их ирж байгаа учраас зээл гарах байдал ч удааширч байна. Хүмүүс юу гэж ярьж байна гэхээр өөрийнхөө хийж буй бизнесийг 3 хувийн зээлийн шаардлагыг хангаж байгаа гэж боддог. Гэтэл банкинд очихоор гол шалгууруудыг давдаггүй. ЗГ-аас тавьсан шалгуураас гадна банк өөрийнхөө эх үүсвэрээр зээл олгож байгаа учраас эрсдэлээ тооцож тодорхой хэмжээний шалгуур тавьдаг. Тэгэхээр шалгуурт хүрэхгүй байгаа хүмүүс энэ зээл эзэндээ хүрэхгүй байна гэсэн ойлголт үүсэх талтай. Хоёрдугаарт, ковидын өвчлөл гэнэт гараад ирчихсэн. Тогтмол үйл ажиллагаатай байгууллагууд үүнээс өмнө зээлээ авдгаа аваад байнгын банктай харьцаад явж байсан. Үндсэндээ байнгын үйл ажиллагаатай газрууд тодорхой хэмжээний шалгуураа хангаад аль хэдийнэ зээлээ аваад, төлөөд явж байдаг. Одоо шинээр зээл олгохдоо нийт эх үүсвэрийнхээ 70 хувийг олгоод, үлдсэн 30 хувийг дахиад санхүүжилт хийгээд явж байна. Дахин санхүүжилт хийхдээ банкууд харьцангуй уян хатан, харилцагчаа мэддэг болчихсон, өмнө өндөр хүүтэй зээл аваад ковидод өртсөн гэсэн газрууддаа хурдан санхүүжилт хийгээд хүүг нь бууруулчихсан байгаа. Харин шинээр зээл авахад яах аргагүй шалгуур тавьж байгаатай холбоотой асуудал байх шиг байна. Үүнтэй холбоотой удаашралт, хүлээлт их байна.

-Гурван хувийн зээлийг танил тал, хамаатан садандаа өгч байна, ингэснээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бус хувь иргэн үнэтэй байр, машин захиалж зах зээлд үнийн хөөрөгдлийг бий болгоход нөлөөлж байна гэх яриа ч бий?

-Тийм хардлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ байр, автомашины үнэд нөлөөлөхүйц хэмжээний зээл банкны системээс гарна гэж байхгүй. Яагаад гэвэл зээл гарахдаа 4-5 таван шат дамжлагатай, Бараг бүх банкнууд зөвхөн төв дээрээ шийдэж байгаа. Тиймээс танил тал, хамаатан садандаа гаргана гэдэг ойлголт байхгүй болов уу. Жишээ нь, салбараар бодоход салбарын эдийн засагч, ахлах, захирал гээд гурван шатны хүн байна. Мөн зээлийн эрсдэлийн мэргэжилтэн, төв рүү явуулахаар дахиад зээлийн эрсдэлийн мэргэжилтэн, зээлийн дэд хороо гээд хяналтын системээр дамжина. Банкуудын барьж байгаа өнцөг улсаас хөнгөлөлттэй олгож байгаа зээлийг зорилтот бүлгийн хүмүүст нь олгоно. Баруун, солгойгүй өгөх боломжгүй. Ковидоос үүдэж хүнд байдалд орсон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэсэн чиглэлээ л баримталж байгаа гэж ойлгож байгаа. Олон банк үйл ажиллагаа явуулж байгаа учраас ганц нэг цоорхой байхыг үгүйсгэхгүй л дээ.Гэхдээ энэ зээл зориулалтын бусаар ашиглахдах юм бол Монголбанк хяналт тавьж байгаа учраас арга хэмжээ авч, зээлийг банкны өндөр хүү рүү шууд шилжүүлэх хатуу заалттай. Банк өөрөө асуудалд орох учраас хяналт хатуу байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Арилжааны банкууд гурван хувийн хүү өөрсдөд нь төдийлөн ашиггүй учраас өндөр хүүтэй бусад зээлээ гаргахын тулд аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүсэлтийг авах сонирхолгүй байна гээд байгаа?

-Эх үүсвэрийн хэмжээг Монголбанкнаас хуваарилаад өгчихсөн. Хөтөлбөрт орохдоо банкууд төрөөс явуулж буй уг үйл ажиллагааг дэмжинэ гээд орчихсон учраас эх үүсвэрээ дуустал зээлээ олгоод л явна. Зарим банкууд эхний хагас жилийн эх үүсвэрээ дуусчихсан гэж ч ярьж байсан. Ерөнхийдөө хүү буурч байгаа хэдий ч банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих л ажил.Гурван хувийн зээлийн хөтөлбөрөөс гадна Репо санхүүжилтийн 10.5 хувийн хүүтэй зээл хамт олгогдоод явж байгаа. Энэ жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжих зорилтот зах зээлд чиглэсэн гурван тэрбум хүртэл олгогдох арай томоохон компаниудад зориулсан зээлийн хөтөлбөр бас хэрэгжиж байгаа. Энэ хоёрыг бас хүмүүс мэдээлэл дутмаг байгаагаас ялгаж салгахгүй нэг зээлийн хөтөлбөр мэт ойлгоод байх шиг байна. Банкны зээлээ зориулалтын бусаар олгоод үнийн хөөрөгдөл үүсгээд байна гэж хүмүүс ярьж байх шиг байна. Мэдээж хардах нь зөв. Гэхдээ тоо баримт харвал мөнгөний нийлүүлэлт 2021 оны нэгдүгээр сараас хойш нэг их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнийг задалбал 400 их наяд төгрөг нь иргэн, байгууллагын харилцах дансны үлдэгдэл өссөн байна. Иргэдийнх нь харилцах дансны үлдэгдэл өссөн үзүүлтэд тэтгэвэрийн зээл аваагүй хүмүүст олгосон сая төгрөг, 300 мянга, 50 мянга зэрэг улсаас өгсөн бусад төрлийн халамж нөлөөлсөн байна. Бага болон дунд орлоготой иргэд тухайн халамжийг шууд худалдан авалт хийж байгаа бол дундаас дээш орлоготой иргэдийн харилцах дансанд хуримтлал үүсээд явж байна. Энэ мөнгөний нийлүүлэлтэд яаж нөлөөлөх вэ гэхээр сая хөл хорио 5 дугаар сард тавигдахад худалдан авалт эрс нэмэгдсэн. Үүнийг дагасан үнийн өсөлт бий болж байгаа юм. Нөгөө талаар Бараа бүтээгдэхүүний үнэ мөнгөний нийлүүлэлтээс гадна тээвэр ложистик гацсантай холбоотойгоор нэмэгдсэн байна. Нэг ачааны машин 3 сая төгрөгөөр тээвэрлэлт хийдэг байсан бол сая 20 сая хүртэл өссөн. Гэхдээ одоо тээвэрлэлтийн үнэ эргээд бага зэрэг бууж байх шиг байна. Хэрэглээний барааны үнийн индекс буюу инфляцийг харахад 2020 оны есдүгээр сард 1.7 хувь бага түвшинд байхад хүнсний барааны үнэ 2.4 хувь байсан. Энэ оны нэгдүгээр улирлаас харахад инфляци 5.4 хувь хүрч хүнсний барааны үнийн индекс12.4 хувь болоод өсчихсөн. Нэг талаас нийлүүлэлтийн асуудал, нөгөө талаас худалдан авалт идэвхижсэнтэй холбоотойгоор өссөн гэж харагдаж байна.

-Автомашины үнэ өссөн нь татан авалтаас шалтгаалж байна уу. наадмын эрэлтээс үүдэж байна уу?

-Монголд ойрын 1-2 сард хил дээр ачаа саатаж байгаатай холбоотой автомашин хилээр орж ирэхээргүй гэсэн мэдээлэл байна. Наадам болохтой дөхсөнтэй холбоотойгоор эрэлт их. Гэвч нийлүүлэлт багасчихаар одоо дотоодод байгаа автомашины үнэ өсчихөөд байна. Дотоод гадаад аль аль хүчин зүйл байгаа учраас зах зээлд үнийн өсөлт явагдаад байна. Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд дахь тээврийн саатлыг арилгах ажлын хэсэг байгуулагдсан байна. Үр дүнд хүрч ажиллавал сайн байна. Удаан даамжирвал асуудал үүсэхээр байна. Дээр нь онцлоход эм тариа, орон сууцны үнэ нэмэгдэж байна. Ер нь эдийн засагт бодлогын арга хэмжээ авахдаа аажмаар явуулахгүй бол гэнэт зарлахаар нийгэм дунд гэнэт шок үүсч эдийн засагт нөлөөлөөд байгаа юм.

-Шатахууны үнэ бас өснө, өсөхгүй гээд сая хэсэг шуугилаа…?

-Бас нэг аюул нь нефтийн үнэ. Бидний гол хэрэглээ болох АИ92 шатахууны үнэ 1450 төгрөг. Энэ үнэ өнгөрсөн оны эхээр олон улсын зах зээлд нэг бариал нь 15-20 ам.доллар дээр байхад тогтсон үнэ. Гэтэл энэхүү үнийг тогтвортой барих гэрээ нь дуусангуут одоо шатахууны ханш үнэ өсөх талаар ярьж байна. Одоо дэлхийн зах зээл дээр нэг баррель шатахууны үнэ 70 ам.доллар болчихсон байна. Иймээс инфляцийн асуудал хэдэн сарын өмнөөс дохио өгөөд байхад тоодоггүй. Яг тулаад ирэхээр иргэд нь ч бухимдана, төр засаг нь ч хувийн хэвшилүүдтэйгээ үйл ойлголцсон байдалтай байдаг. Төр засаг нь аж ахуйн нэгжүүдээ алдагдалд оруулаад байж болохгүй. Шатахууны үнийг төрөөс олон жил зохицуулалт хийгээд явчихсан учраас хувийн хэвшлийнхэн дангаараа тогтоох боломжгүй байдаг. Тэгэхээр эхний ээлжинд богино хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй тохиролцоонд хүрэх. Нөгөө хувилбар нь үнэ бага байхад нь урт хугацааны форвард хэлцэх хийх боломжууд бий. Үүнд голзохион байгуулалтыг улсаас хийж өгөөд манай шатахуун импортлогчид нэгдээд төлөөлөл нь гадна талын экспортлогчтой гэрээ хийвэл уг нь зөв. Нэг компани форвард гэрээ байгуулах гэхээр хэмжээ, үнийн дүн багадаад байдаг. Тэгэхгүй бол шатахууны үнэ өслөө гээд л байнга л ярьдаг. Дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг, эргээд буудаггүй, тэгээд мартдаг, дахиад л энэ яриа гардаг. Ийм байж болохгүй л дээ. Төрөөс бодлогоор дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Дээр нь энэ хооронд барьж байгаа нефтийн үйлдвэрүүдээ яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй.

-Нефтийн үйлдвэрийг дотооддоо ашиглалтад оруулснаар үзүүлэх бодит ач холбогдлыг дурдахгүй юу. Одоогоор импортын хэдэн хувийг нефть эзэлж байна вэ?

-Гадаад худалдааны импортын балансыг харахад нийт импортын бараг 30 хувийг дизель, автомашин, онгоцны бензин дангаараа эзэлж байна шүү дээ. Бидний хэрэглээ маш их боловч өөрсдөө хийж чадахгүй байна.Иймээс энэ хэмжээгээр гадаад валютын урсгалыг гадагшаа алдаж байна гэж ойлгож болно.

-Түрүүн ярьсан үнэтэй машинуудын захиалга дүүрсэн нь төрөөс өгч буй халамж төдийлөн нөлөөлөхгүй байх. Эсвэл туйлдаад байна гээд байгаа хэрнээ монголчууд ийм баян болчихсон юм уу?

-Тайлбарлахад их төвөгтэй л дөө. Хувь хүний асуудал учраас. Дийлэнх хүмүүс автомашин захиалахдаа урьдчилгааг өгөөд лизингээр худалдаж авдаг. Автомашин борлуулалтын 70 орчим хувь нь энэ хэлбэрээр явагддаг. Яг хэдэн зуун саяын мөнгө төлөөд машин авч байгаа хүмүүс байгаа хэдий ч бага. Энд дахиад гаалийн мэдээлэл хэлье л дээ. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн бол нүүрс, зэс, төмрийн хүдэр. Харин импортоор автомашин, дагалдах сэлбэг хэрэгсэл, гар утас, цахилгаан бараа хамгийн их авч байна. Тэгэхээр бид уул уурхайн баялгаа гаргаад оронд нь хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн худалдаад авчихдаг. Монгол хүмүүсийн онцлог байх шиг байна. Эргээд эдийн засгийн хувьд өөрийгөө хүнд байдалд оруулдаг. Зөвхөн банкин дээр ланд крузертэй холбоотой жишээ их бий. Дөнгөж бизнес эхлээд 100, 200 сая төгрөгийн эргэлтийн мөнгөтэй болонгуутаа үнэтэй автомашины зээл авчихдаг. Сардаа 3-4 сая төгрөгийн эргэн төлөлт хийдэг. Бизнесээ өргөжүүлэхийн тулд банкнаас зээл авах гэхээр автомашины зээлтэй эргэн төлөлт өндөр учраас танд зээл өгөх боломжгүй гэсэн хариу сонсдог. Үүнээсээ болоод хаалгаа барьсан олон бизнесийг мэднэ. Аль аль талдаа эдийн засгийн хэрэгцээгээ бодохгүй байна.

-Ирэх сараас бүх халамж, хөнгөлөлт зогсоно. Тэгэхээр нийгмийн эдийн засгийн байдал хэрхэн хүндрэх бол. Эдийн засгийн хувьд ямар аюул нүүрлээд байна вэ?

-Манай засаг төр цаашдаа ингэнэ тэгнэ гэсэн тодорхойгүй байна. Тодорхойгүй болохоор эдийн засаг, банк санхүүгийн байгууллагууд урьдчилан төлөвлөхөд төвөгтэй. Ямар шийдвэр гарах бол гээд хүлээлттэй. Манай улсад тодорхой юм байхгүй болж. Ялангуяа хоёр жил дараалан сонгууль болсонтой холбоотойгоор унтаад босоод ирэхэд бараг шийдвэр өөрчлөгдөөд байгаа болохоор үнэндээ хэлэхэд хэцүү байна. Өнгөрсөн оноос ковид эхлэхээс л эдийн засагч, санхүүчид ярьсан. Төсөвтөө тодотгол хийгээд нэн шаардлагагүй зарцуулалтаа хойшлуулах хэрэгтэй байна. Энэ өвчний үед 300 суманд соёлын төв барих нэн шаардлагатай асуудал мөн үү гээд үнийн дүнг нь хүртэл гаргаж ирээд ярьж л байна. Төсвийн тодотгол хийж эдийн засгаа нэмэгдүүлэх арга хэмжээ аваачээ гэж мөн ч олон хэллээ. Өчигдөр байна уу төсвийн тодотгол хийх талаар харин ярьж байх шиг байна. Төсвийн тодотгол хийгээгүйгээс болж алдагдсан мөнгийг тооцвол асар их. Сургуулийн заал нэмж барьж байхаар эхний ээлжинд амьсгалын аппаратаа хүртээмжтэй аваад хүмүүсээ хурдан эдгээгээд хэвийн амьралдаа шилжих хэрэгтэй байна. Төрийн тогтолцооны, удирдлагын менежментийн хямралд орчихоод байна. Уг нь эдийн засаг чинь амьтай зүйл байхгүй юу. Аж ахуй нэгжүүд эдийн засгийн хувьд шахах нь шахагдаад, босох нь босоод, боссон нь шахагдсанаа татаад сэргэдэг байхгүй юу. Гэтэл босгох гээд байгаа ч юм шиг, унагах гээд байгаа ч юм шиг гэнэтийн шийдвэрүүд гаргаж ирээд байгаа нь үнэхээр туйлдуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *