Сүүлийн өдрүүдэд оргил үеэсээ 50 орчим хувиар унаад байсан биткойны ханш өчигдөр дахин сэргэж, $40.000 давсан байна.
Үүнд Америкийн тэрбумтан Илон Маскын хэлсэн үг гол нөлөө үзүүлжээ. “Олборлогчдын эрчим хүчний хэрэглээний 50 орчим хувь цэвэр эх үүсвэрт шилжсэн тохиолдолд Тесла компани биткойноор хийсэн төлбөрийг хүлээж авдаг болно” гэж тэр твиттер хуудсандаа мэдэгдсэн юм.
Үүний үр дүнд дэлхийн хамгийн том криптовалютын үнэ ханш 12 орчим хувиар өссөн байна.
Маск бас биткойныг зах зээлд огцом хөдөлгөөн үүсгэлгүйгээр бэлэн мөнгөнд хөрвүүлэх боломжийг шалгахын тулд Тесла компанийн дансанд байгаа нөөцөөс 10 хувийг нь зарсан тухай энэ үеэр мэдээлжээ.
Өнгөрсөн тавдугаар сард тэр биткойн олборлогчдын эрчим хүчний хэрэглээ байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг гэсэн шалтгаанаар Тесла автомашины төлбөрийг биткойноор авахгүй болсныг зарлаж байв. Түүний энэ мэдэгдлийн дараа биткойны ханш 10 гаруй хувиар унасан юм.
Жилийн өмнө ширхэг нь $9.500 орчим байсан биткойны ханш энэ оны дөрөвдүгээр сард $63.000 хүрч өсч байв.
Гэвч Илон Маскын мэдэгдэл болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр $32.000 орчимд хүрч унасан юм.
Энэ сарын эхээр Латин Америкийн Эль Сальвадор улс дэлхийд анх удаа биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгох төлөвлөгөөгөө зарласан нь криптовалютын зах зээлд эерэгээр нөлөөлжээ.