Монголчууд банштай цай, тэр дундаа долоон банштай цайг хий хуй дарах, ядаргаа тайлах зэрэгт сайн хэмээдэг. Хаврын сүүл ч, зуны эхэн сард хүний биеийн дархлаа суларч, ядрах нь их тул дээрх банштай цайг хэрхэн хийж бэлтгэх аргыг оруулъя.
Хийж бэлтгэх:
- Хонины гуяны махнаас авч жижиглэн татаж, сонгино эсвэл сармис, давсаар амталж, жижгэвтэр банш хийнэ.
- Дараа нь хар цай чанаж, шаарыг нь шүүгээд юүлж бэлтгэнэ. Халаасан тогоонд шар тос(хонины сүүл хийж болно) хийж хайлуулаад, бага зэрэг хуурай гурил цацаж хуурна.
- Үүн дээрээ шүүсэн цайгаа хийж, хонины дунд чөмөг орхиод, хэсэг буцалгасны дараа баншаа нэмж, нэг буцалгасны дараа сүлнэ. Аяндаа баншны гурил махнаасаа хөндийрч хөвсийхөд банш болчихсон байдаг.
Нэг аяганд 7 ширхэг банш орохоор бодож хийгээд, цайгаа халуунаар нь аягална. Эсвэл тусгайлан 7 ширхэг банш хийгээд ууж ч болно. Энэ цайг 7 өдөр уувал архаг ядаргаа тайлагдаж, биеийн тамир тэнхээ нэмэгддэг гэх бөгөөд ядарч тамирдсан үед хамгийн хэрэгтэй цай гэж үздэг аж.