Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сүүжийн булгийн чулуун хутга, зэвүүд


Монгол орны шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгалт газруудын томоохон бүс нутгийн нэг бол Онон, Улз голын сав газар бөгөөд энэ бүс нутгаас олдсон дурсгал бол Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт буй Сүүжийн булгийн дурсгал юм. Дурсгалт газраас олон тооны чулуун зэвсгийг түүвэрлэснээс чулуун хутгууд, нум сумны зэвүүд сонирхолтой.
Зэв. Эндээс бүтэн, хугарсан нийт 41 ширхэг зэв олджээ. Зэвүүд нь хэлбэрийн хувьд суурин хэсгээр нь тэгш суурьтай, хүнхэр суурьтай, гүдгэр суурьтай байна. Зэвийг бэлтгэхдээ суурь хэсэг болон хажуу ирмэг захуудыг төв рүү чиглэсэн цуулалтаар 2 талаас нь холтчон ирлэсэн байна. Хэлбэрийн хувьд гурвалжин хэлбэр зонхилох бөгөөд ирлэлтийн арга ажиллагаа ч төсөөтэй юм. Зэвийг хийхдээ тэгш хэмийг маш сайн гаргажээ.
Хутга. Энэ төрөлд нийт 3 ширхэг эдлэл бий. Эдгээр хутгыг хийхдээ түүхий эд бүхий чулууг шууд засах байдлаар хийхдээ эхлээд хоёр хавтгай талыг том залтас цуулах байдлаар холточилон хэлбэр оруулаад дараа нь ирийг хэд хэдэн дарааллаар засаж хэлтлэн ир гаргасан байна. Энд гурван хэсэг хугарсан хутга нь гүдгэр хэсэгтээ ирийг томоор хэлтлэн ир гаргасан бол хүнхэр талдаа маш нарийн ирийг хичээнгүйлэн бэлтгэсэн байна. Энэ хутгийг мод, ясан бариуланд суулгаж хэрэглэж байсан байх боломжтой байна.
Сүүжийн булгийн чулуун зэвсгүүд нь шинэ чулуун зэвсгийн үеийн эртний хүний суурьшил, аж ахуй, үйлдвэрлэл, танин мэдэхүйн дэвшил, чулуун зэвсгийн шат дараалсан хөгжил, хүрэл зэвсгийн үе рүү шилжсэн шилжилтийг тодруулахад чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *