СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага хянана.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Энэ удаагийн сонгуулийн онцлог нь 100 хувь гар тооллого хийнэ. Мөн сонгууль өгсний бэхэн тэмдэглэгээ хийнэ. Түүнчлэн цар тахал дотоодод тархсан энэ үед бид сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үндсэн хуулиар заагдсан сонгох, сонгогдох эрхийг цар тахлын үед хангах талаар онцгой анхаарал хандуулж ажиллав. Өнөөдрийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа явагдаж байна. Улсын хэмжээнд 25690 хүн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргасан. Эдгээрээс эрүүл мэндийн шалтгааны улмаас саналаа зөөврийн хайрцгаар өгөхөөр 18 мянган хүн бүртгүүлсэн. Харин үлдсэн 7050 хүн нь улаан бүсэд байгаа эсвэл тусгаарлалтад байгаа хүмүүс юм. Түүнчлэн улаан бүсэд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагч нар багтаж буй юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 457 хэсгийн хороо ажиллаж байна. Үүнд 1600 орчим тээврийн хэрэгсэл болон 3000 гаруй хэсгийн хорооны ажилтан ажиллаж байна. Засгийн газрын 152 дугаар тогтоолын дагуу хэсгийн хороодод ажиллах цагдаа эмнэлгийн ажилтнуудыг УОК-оос томилсон.
Өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр гадаадад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулсан. Нийтдээ 8000 гаруй хүн бүртгүүлснээс 5800 орчим хүн саналаа өгсөн. Цар тахлын энэ хүнд нөхцөлд иргэд сонгуульд харьцангүй идэвхтэй оролцсон гэж бодож байна. Цаашид гадаадад байгаа иргэд, уул уурхайн ажилчид, оюутнууд зэрэг хүмүүст цахимаар санал өгөх боломжийг нь олгох ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.
Маргааш улс орон даяар сонгуулийн санал хураалтыг явуулахад бэлэн боллоо. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ил тод байдлыг хангаж ажилласан. Дүн өгөгдөл дамжуулах туршилтыг амжилттай хийсэн. Хэсгийн хороо болгонд дүн дамжуулах өгөгдлийг хүргүүлсэн” гэв.