Шадар сайд С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал болон Вакцинжуулалтын асуудлаар Эрүүл мэндийн яаманд ажиллалаа.
Өчигдрийн байдлаар орон даяар вакцины II тунгийн хамрагдалт 72 хувьд хүрсэн бөгөөд зургадугаар сарын 15-н гэхэд энэ үзүүлэлтийг 90 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.
Харин одоо вакцин хийлгээгүй эрсдэлт бүлэг буюу 0-17 насны хүүхдүүдийн дундах халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, нийт тохиолдлын 27.5 хувьд хүрээд буйг анхаарах нь чухал байгааг онцлов.
КОВИД-19-ийн халдварын улбаатай нас баралтын шалтгаан, нөхцөлийг эмнэлзүйн шинж тэмдэг, суурь өвчлөл тус бүрээр нарийвчлан тогтоож, эрсдэлийн үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Шадар сайд үүрэг болгов.
Мөн гаднын цөөнгүй оронд мутацилагдсан хувилбар дэгдсэнтэй холбогдуулан цар тахлын эмчилгээний ямар шинэ арга тактик нэвтэрсэн, ямар үр дүн үзүүлж буйг судалж, Монголд нэвтрүүлэх талаар судалгаа тооцоог яаралтай хийж, идэвхтэй ажиллахыг салбарын мэргэжилтнүүдэд хугацаат үүрэг даалгавар өглөө.