Categories
амьдралын-өнгө мэдээ

Дархан-Уул аймагт 15 га талбай бүхий хогийн цэгийг булж, устгах ажил эхэлжээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр болсон хэлтэс, агентлагийн дарга нарын хуралдаанаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Бараат” хогийн цэгийг булж, устгах үүргийг Захирагчийн ажлын албанд үүрэг болгосон. Дархан хот байгуулагдсаны 60 жил ой ирэх сард тохиох учраас долдугаар сарын нэгэн гэхэд уг ажлыг хийж дуусгах даалгавар өгсөн юм.

Нийт 6.2 км урттай 15 га талбайд 40-60 метрийн гүн жалганд хуримтлагдсан хогийг булж устгахад гурван тэрбум гаруй төгрөг шаардлагатай ажээ. Тиймээс аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаныхан аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул, уурхайн компаниудад хүсэлт тавин харилцан ярилцсаны үр дүнд шатахууны зардлыг нь гарган өгч, уг ажлыг сарын хугацаанд гүйцэтгүүлэхээр болжээ. “Green head” ХХК, “Марал тамирын гол” нөхөрлөл, “Уулс ноён” ХХК, “Ган хүдэр орд” зэрэг компаниуд болон иргэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тeхникээ ашиглан хамтран ажиллаж байна.

Бараат хогийн цэгт жилд дунджаар айл, өрх, ААНБ-уудын 50 мянга орчим тонн хог хаягдал буулгадаг байна. Харин дарж булах ажил дууссаны дараа зөвхөн зөвшөөрөлтэй автомашинууд хог буулгадаг, иргэд ААНБ-ууд хог буулгах тохиолдолд заасан цэгт хаях, сар бүр шороогоор дарж булах ажээ.

Мөн цэвэрлэсэн талбайд ногоон байгууламж бий болгох зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Учир нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон Дархан” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Дархан сумын агаар, орчныг бохирдуулагч гол эх үүсвэрүүдийн нэг нь “Бараат хог”-ийн цэг, түүнээс ялгарч буй утаа юм. Тиймээс хогийн цэгийн ойролцоо мод тарих ажлыг ирэх намраас хийх аж.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *