Categories
гадаад мэдээ

Хятадын “Синовак” вакцинд ДЭМБ зөвшөөрөл олголоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын Ковидын эсрэг Синовак вакциныг яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрчээ. Энэ нь Синофармын дараах ДЭМБ-аас зөвшөөрөл олгож буй Хятадын хоёр дахь вакцин юм. Ингэснээр уг вакциныг Ковакс хөтөлбөрт хэрэглэх боломжийг нээж өгч байгаа аж.

Хэд хэдэн улсад хэрэглэж буй Синовак вакциныг 18-аас дээш насныханд хийхийг зөвлөсөн бөгөөд хоёроос дөрвөн долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийдэг байна. Яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн гэдэг нь тус вакцин “аюулгүй байдал, үр нөлөө, үйлдвэрлэлийн олон улсын стандартад нийцсэн” гэсэн үг юм гэж ДЭМБ мэдэгджээ.

Судалгаанаас үзэхэд Синовак вакцин хийлгэсэн хүмүүсийн талаас илүү хувьд нь өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд өвчин хүндэрч, эмнэлэгт хүргэгдэхээс 100 хувь урьдчилан сэргийлж чадсан байна.

Синовак вакциныг яаралтай горимоор хэрэглэх вакцины жагсаалтад оруулсан нь нийлүүлэлтийн асуудалтай тулгараад байсан Ковакс хөтөлбөрт түлхэц болно гэж найдаж байгаа ажээ. Хятадаас гадна Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, Турк зэрэг оронд Синовак вакциныг хэдийнэ тарьж эхлээд байна.

Тус компани тавдугаар сарын сүүлчээр 600 сая гаруй тунг дотооддоо болон гадаадад нийлүүлсэн ба 430 сая гаруйг нь дархлаажуулалтад хэрэглэжээ. Синовак вакциныг ердийн хөргөгчинд 2-8 хэмийн температурт хадгалах боломжтой нь тус вакцины гол давуу талуудын нэг аж. Ингэснээр бага температурт их хэмжээний вакцин хадгалах боломжгүй хөгжиж буй орнуудад ашигтай гэж үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *