Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо сонирхогчдын боксын 2021 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монголын баг тамирчид 3 алт, 5 хүрэл медаль хүртэв.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 56 кг-д Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Универсиад наадмын аварга, 2019 оны Азийн аваргын хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар, “Екатринбург-2019” дэлхийн аварга, “Жакарта-2018” Азийн наадам болон “Бангкок-2019” Азийн аварга Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарч 3:2-оор ялснаар алтан медаль хүртлээ.
Узбекистаны боксчинөмнө нь Х.Энх-Амарыг Жакартагийн Азийн наадамд ялсан бол 2019 оны ДАШТ-д Э.Цэндбаатарыг хагас шигшээд ялж, түрүүлэх замаа засч байв. Энэ удаад манай Х.Энх-Амар эхний үед 3:2-оор хожигдсон ч сүүлийн 2 үед илүү байснаар тивийн аваргад анх удаа түрүүллээ.
Харин 60 кг-д “Ажнай” корпорацийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар “Токио-2020” олимпын эрх аваад байгаа Ираны Данияал Шахбахштай финалд учраа таарч 5:0-ээр илт давуу ялалт байгуулж Азийн хошой аварга болов.
Түүнчлэн 64 кг-д “Алдар” спорт хороо, “Капитрон” банкны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын иж бүрэн медальтай Энэтхэгийн Шива Тапатай тулалдаж 3:2-оор яллаа. Ийнхүү Монголын 3 тамирчин алтан медалийн эздээр тодров. Б.Чинзоригийнхувьд тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан боллоо. Тэр 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртсэн юм.
Мөн энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-д Охонтунгалагын Өнөболд, 69 кг-д Баттөмөрийн Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-д Лутсайханы Алтанцэцэг, 54 кг-д Эрдэнэдалайн Мичидмаа, 75 кг-д Мөнхбатын Мягмаржаргал нар хүрэл медаль хүртлээ.