Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын зэвсэгт хүчинд “Чингис хаан” одон хүртээлээ

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ.
Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ.
5 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “…Өнгөрсөн түүхийн туршид Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, Их эзэн Чингис хааны ялагдашгүй цэргийн залгамж Монгол цэргийн нэр төр яруу алдрыг өндөрт өргөж, дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд эр зориг тэсвэр тэвчээр, сахилга бат, ур чадвараар манлайлан оролцож, эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн, Зэвсэгт хүчний үе үеийн ажилтан, албан хаагч, цэрэг, офицер, ахлагчдын гарамгай гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон –“Чингис Хаан” одонгоор шагнасугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд боллоо. “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг төлөөлүүлэн Зэвсэгт хүчний Жанжин штабт гардуулав.

1 хүн, зогсож байгаа, гадаа болон хөшөө дурсгал гэх мэтийн зураг байж болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга “Чингис хаан” одон хүртээх болсон талаараа “Энхийг сахиулагчид аа,
Генерал, офицер, ахлагчид аа,
Монгол цэргүүд ээ,
Өвөг дээдсийнхээ мянга мянган жилийн баатарлаг түүх, дайчин уламжлалыг залгамжилж, энхийг дэмжих эрхэм хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа монгол цэрэг, энхийг сахиулагчид Та бүхний амрыг эрж, Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн халуун баярыг хүргэе!
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг баримтлан, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ зорилтыг хангахад энхийг сахиулагчдын гүйцэтгэх үүрэг, үйл хэрэг үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй улс орныхоо аюулгүй байдал, оршин тогтнохын баталгааг бэхжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд анхлан үүрэг гүйцэтгэж эхэлсэн мөчөөсөө л үйл хэрэг, үйлс бүтээлээрээ үлгэрлэж, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэрийг дуурьсгаж, ур чадвараа батлан харуулж ирснээр Монгол Улсын Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд туйлын бахархаж, сэтгэл хангалуун байдаг.
Даян дэлхийд энх амгаланг сахиулахад Монгол Улс, Монголын ард түмний оролцоо, хувь нэмрийг илэрхийлж, Эзэн Чингисийн дайчин монгол цэргийн залгамж хойч үе гэдгээ нотолж яваа Та нараар эх орон, ард түмэн чинь төдийгүй Хүннү гүрэн, Их Монгол улсын дайчин өвгөд, дээдсийн сүнс бахархаж байгаа. Монгол бол нэн эртнээс цэрэг армийн арвин уламжлалтай, дэлхийн цэргийн урлагийн түүхэнд үлдээсэн тод мөртэй, баялаг түүхтэй улс. Монгол эр болгон цэрэг болон өсөж, үүрэг гүйцэтгэж байсан түүхэн уламжлал, дайчин замналтай.
Энэ жил монголчууд олон түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаагийн дотроос би орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг энэ өдөр, энэ цаг мөчид онцлон дурдах байна. Хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн нүүдэлчдийн төрт улсууд, Хүннү гүрнээс улбаалаад Их Эзэн Чингис хааны туг дор ертөнц дахинаа алдраа дуурьсгаж явсан талын дайчдын хойчис орчин цагийн цэргийн зохион байгуулалтад орсноос хойш эдүгээ 100 жилийн ойтойгоо золгож байна.
Монголын Зэвсэгт хүчин орчин үеийн цэрэг армийн зохион байгуулалтад шилжсэн цагаас өнөөдрийг хүртэл эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ чанд биелүүлж ирсэн. Шинээр эмхлэн байгуулагдсан Монгол Ардын Журамт цэрэг 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлснээр орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн бий болсон. Энэ цагаас хойш Монголын Зэвсэгт хүчин 1939 онд Халхын голын, 1945 онд Чөлөөлөх дайнд оролцон бахдам ялалтуудаар түүхээ зузаатгасан юм. Энхийн цагт хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, барилга, дэд бүтэц, төмөр замын талбарт гар бие оролцон, үндэсний түүхэн бүтээн байгуулалтын фронтод ялалт байгуулан ард түмнийхээ бахархал болсон билээ.
Дайчид аа,
Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, албан хаагчид аа,
Миний бие Монгол Улсын төрийн тэргүүний болоод Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Орчин цагийн Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний 100 жилийн ялагдашгүй дайчин замнал, энх цагийн бүтээн байгуулалтын гарамгай үйл ажиллагаа, үр дүнд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг төлөөлүүлж, Зэвсэгт хүчний Жанжин штабыг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон – “Чингис Хаан” одонгоор шагнахаар зарлиг буулгалаа. Бүгдэд баяр хүргэе.
Та бүхэн энэ одонг хүртэх эрхтэй, Их Эзэн Чингис хаанаараа овоглосон цэргүүд байх ёстой. Өндөр өвгөдийн захиасыг хөсөрдүүлэлгүй, тэдний дайчин алдрыг нэр төртэй залгамжлан авч яваад тань баярлалаа.
Монгол цэрэг – Чингисийн цэрэг, Монгол цэрэг – Дэлхийн цэрэг.

Та бүхнийг Бүх цэргийн Их хар сүлд ивээж, Мөнх тэнгэрийн хүчин дор монгол цэргийн сүр хүч, хийморь жавхаа үеийн үед мандан бадарч, Монгол төрийн өлмий бат оршиг!” гэлээ.

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

7 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, гадаа болон хөшөө дурсгал гэх мэтийн зураг байж болно


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *