Өнөөдөр /2021.05.26/ Монгол улсын Ерөнхийлөгч төрийн одон, медалиар 40 хүнийг шагнаж байна.
“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан Хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдлаа.
Тэрээр нийгэмд эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн эрх ашгийн төлөө ажлаа чиглүүлж, тэр дундаа төрийн ажлыг хуваалцаж хүүхэд хамгааллын “Ид шидийн орон” төслийг амжилттай эхлүүлж, хүүхдийн эрхийн төлөө тууштай ажиллаж байгаа нэгэн юм.
2012 оноос эхлэн хүний наймааны талаар дуугарч эхэлсэн тэрээр гадаадад суралцаж ирээд санаандгүй байдлаар хүний наймааны асуудал хурцадсаныг ойлгож, “Лантуун дохио” ТББ-ыг байгуулан ажилласан нь нийгэмд эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийг олны анхааралд аваачсан юм. Улмаар манай улсад хүүхэд хамгааллын ажил системгүй явж ирснийг олж харан, хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, хүүхэд хамгааллын төв, хүүхэд хөгжлийн төв гэсэн хоёр гол барилга бүхий цогцолбор төвийг байгуулах нь үр дүнтэй юм байна гэж шийдэн, энэхүү төслийг эхлүүлсэн байна.
Ийнхүү “Ид шидийн орон” төслийн санаа 2016 оны нэгдүгээр сард төрж, “Лантуун дохио”-хон төслөө бичих, газар хайх зэрэг бэлтгэл ажлуудыг хангаж байгаад 2017 оны 4 сарын 18-нд барилгын ажлаа эхлүүлснээр өнөөдөр олон зуун хүүхэд эрүүл, аюулгүй орчинд эрхээ эдлэх боломж бүрдсэн юм.