Саудын Араб, ОХУ-ын зүгээс газрын тосны нийлүүлэлтийг ирэх гурван сард нэг өдрийн 2 сая баррелиар нэмэгдүүлэх санаачлага гаргасныг OPEC нэгдлийн гишүүд дэмжээд байна.
Түүнчлэн, газрын тосны нэг өдрийн эрэлт 6 сая баррель хүрч өсөх төсөөлөлтэй байгаа тухай OPEC мэдээлэв.
Энэтхэг, Бразил зэрэг зарим улс оронд цар тахлын дэгдэлт нэмэгдэж буй хэдий ч дэлхийн эдийн засгийн өсөлт сэргэж байгаа тул газрын тосны эрэлт нэмэгдэх эерэг хүлээлттэй байгааг мэдэгдээд байна. Мөн өнгөрсөн онд буураад байсан газрын тосны эрэлт энэ оны 2-р улирлын эцэст хэвийн түвшинд шилжинэ гэж үзжээ.
Цар тахлаас шалтгаалан OPEC-ийн улс орнууд газрын тосны нийлүүлэлтийг аажмаар, болгоомжтой нэмэгдүүлэх стратеги барина хэмээн нарийн бичгийн дарга Мохаммад Баркиндо хэлжээ.