Categories
мэдээ утга-зоxиол

“Илиада” туулийг монгол хэлээр унших боломжтой боллоо

Эртний Грекийн уран зохиолын гурван оргилын нэг болох Илиада их хөлгөн туулийг анх удаа бүрэн эхээр нь монгол хэлээр орчуулан уншигч олны сонорыг мялаахад бэлэн болжээ.

Өрнийн уран зохиолын анхдагч бүтээлүүдэд зүй ёсоор тооцогддог сохор туульч Хомэрын Илиада, Одиссэй зэрэг их хөлгөн туульсыг өмнө нь монгол хэлнээ тууль хэлбэрээр нь бүрэн төгс орчуулсан удаагүй бөгөөд МУСГЗ Д.Цахилгаан уншигч түмнийг яруу тансаг орчуулгаараа хүргэж байна.
Зохиолын тухайд Тройн дайны арав дахь буюу сүүлийн жилийн 51 өдрийн үйл явдлыг нийт 24 дуулал, 15,693 бадгаар өгүүлнэ. Тройн дайны тухай гэхээсээ илүүтэй Ахиллын уур хилэн, түүний учир шалтгаан, уг хэлбэр, уршигт үр дагаврын тухай өгүүлэх уг тууль хүмүүний сэтгэл хөдлөл хэмээх хөндөхөд хялбар ч давж гарахад бэрх зүйлийн талаар өгүүлсэн тул туурвисан цагаас 2700 жилийн дараа ч уншигчдад хүртээмжтэй, ойлгомжтой хэвээр ажээ.
Дэлхийн уран зохиолын төрөл зүйл бүрд өнөөг хүртэл онцгой байр суурь эзэлж, тоолж барамгүй олон зохиолчийн цаашдын бүтээл туурвилд нь сэдэл болсон Илиада туулиас хүн төрөлхтний хүсэл тэмүүллийг олж харах нь дамжиггүй. Түүнчлэн 2020 онд Монсудар хэвлэлийн газраас Одиссэй туулийг монгол хэлээр орчуулан уншигчдын хүртээл болгосон билээ.

Эх сурвалж: Монсудар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *