Categories
гадаад мэдээ

Газын зурвас хүмүүнлэгийн тусламж хүлээн авч эхэлжээ

Израил, Палестин гал зогсоох тохиролцоонд хүрснээс хэдэн цагийн дараа хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваанууд Газын зурваст иржээ.

Мөргөлдөөний улмаас үүссэн хохирлыг сэргээн босгоход олон жилийн хугацаа зарцуулах төлөвтэй байгааг эрх баригчид мэдэгдэж байгаатай зэрэгцэн Палестины олон мянган иргэн гэртээ эргэн ирж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зүгээс шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд зориулан коридор байгуулахыг уриалжээ.

11 хоногийн турш үргэлжилсэн мөргөлдөөний үеэр 250 гаруй хүн амиа алдсаны дийлэнх нь Газын зурваст амь үрэгджээ. Израил, Хамас хөдөлгөөний аль аль нь ялалт байгуулснаа зарласан байна.

Израилын өмнөд нутгийн оршин суугчид талуудыг эвлэрсэнд баяртай байгаа боловч зарим нь дараагийн зөрчил үүсэх нь цаг хугацааны асуудал гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Израил “Kerem Shalom” гарцыг нээсний дараа НҮБ-ын тэргүүтэй тусламжийн олон агентлагийн ачааны машинууд Газа хот руу эм, хүнс, шатахуун зэрэг шаардлагатай тусламжийг авчирч эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *