Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс 100 сая төгрөг нэхэмжиллээ

Монгол Улсын Засгийн Газрын 100 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулах уулзалтын үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Вакцин саатуулсан буруутны нэг нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ба түүний нөхөр. Тэд гаалийн ажилтан болон тодорхой орны элчин сайдтай холбогдож, вакцин нийлүүлэлтийг гацаасан” хэмээсэн билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь гүтгэсэн гэж үзэн, хуулийн байгууллагад өгч, 100 сая төгрөг нэхэмжилж буйгаа зарлан, төрийн ордонд мэдээлэл хийв.

Энэ үеэрээ тэрээр: “2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр Засгийн Газрын 100 хоногийн тайлан хийх үеэрээ ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ миний нэр хүндэд ноцтойгоор халдсан. Энэ талаар Хан-Уул Дүүргийн Иргэний шүүхэд гомдол гаргасан. Ерөнхий сайд хүн ямар ч нотолгоогүйгээр миний нэр хүндэд халдсан. Тийм учраас нэр төр, алдар хүнд, ажил төрлийн нэр хүндээ сэргээлгэх, хариуцагч уучлал гуйх, мэдээлэл тараасан арга хэлбэрээрээ няцаалт тараах нэхэмжлэл гаргасан байгаа. Уг гэм хорыг арилгуулах хохиролд 100 сая төгрөгийг ерөнхий сайдаас нэхэмжилж байна.

Энэ 100 сая төгрөгийг цар тахлын үеэр орон гэргүй болсон, хохирсон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгнө.

Нэг талаасаа нэг хүн нөгөө хүнийхээ талаар шүүмжлэл хэлсэн юм шиг боловч нэг намын дарангуйлал хэрхэн бий болдог гэдгийн тод илэрхийлэл юм. Сөрөг хүчнийхээ дуугардаг хүмүүсийнхээ амыг таглах, өөрсдийнх нь ажлыг шүүмжилсний төлөө сөрөг хүчнээ гүтгэх, өөрийнх нь дор ажилладаг байгууллагуудтай нийлж энэ хүнийг буруутгана гэдэг ноцтой асуудал үүсч байгаа юм. Би өөрөө Цагаатгалын комиссын дарга учраас эцсийг нь хүртэл явна. 1937 онд хэлмэгдсэн хүний эрхийн асуудал өнөөдрийг хүртэл явж байгаа. Хүний эрхийг зөрчинө гэдэг нь 5 жил, 10 жил, 50 жил өнгөрсөн ч арилдаггүй учраас үүнд бид цэг тавих ёстой. Улстөрийн хэлмэгдүүлэлт хэрхэн үүсдэг вэ?гэхээр хэн нэгэн дарга, эрх мэдэлтэн хүнийг гүтгээд, түүнийг нь холбогдох байгууллагууд нь улстөрийн нөлөөлөлд орж шийигэснээр үүсдэг. Яг үүнтэй адилхан кейс болоод байгаа учраас Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэдэг хүн яг яаж вакцины асуудалд саад учруулсан юм бэ? Хор хохирол учруулсан юм бэ? гэдэг дээр холбогдох 10 гаруй байгууллагаас тайлбар бичгийг гаргуулж байгаа. Мөн нэг ноцтой асуудал байгаа нь Ерөнхий сайд яриандаа гадаадад байгаа элчин сайдтай утсаар ярих үедээ ч гэдэг юм уу? гэр бүлийн хүн нь сэтгүүлчидтэй ярьсан гэх мэт. Ийм асуудлыг яагаад ерөнхий сайд ярьж байгаа юм бэ? Сэтгүүлчтэй ярьсан утсыг тагнаж, чагнадаг болчихсон юм уу? гэдэг асуудлыг би гаргаж тавина. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэж байдаг. Гэр бүлийнх нь хүний утсыг яагаад чагнадаг юм бэ? Энэ улсад өнөөдөр хууль байна уу? Хэн дуртай хүнийхээ утсыг чагнаад, нотолгоо, баримтгүйгээр гүтгэлэг явуулах нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм. Шүүхээр гэм буруутайг нь эцэслээгүй байхад ерөнхий сайдын амнаас сөрөг хүчнийхээ, тэр дундаа УИХ-ын дэд даргын нэр хүндэд халдсан нь туйлын хариуцлагагүй асуудал гэж үзэж байна. Ийм асуудал дахин гаргахгүйн төлөө би нэр төрөө сэргээлгэнэ. Эцсээ хүртэл явна гэж бодож байгаа.” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *