Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Баатархуяг: АН-ыг оролцуулахгүй байх, хэрвээ оролцуулбал оролцоог хангах төдийхнөөр олон нийтийг хуурах ажиллагаа явж байна

Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуягтай ярилцлаа.


“Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялбал нэг намын дарангуйлалд орно” гэдэг зүйлийг та анх ярьж эхэлсэн. Ийн дүгнэх шалтгаан тань юу вэ?

-Төрийн гурван өндөрлөгийг үнэмлэхүй эрхтэйгээр нэг нам авна, захирна гэдэг нь бодит байдал дээр нэг намын тогтолцоотой болчихлоо гэсэн үг.

Эндээс хаашаа ч холбироход бэлэн болчихсон байна. Тиймээс үүнийг нэлээн сайн шүүж харах хэрэгтэй гэж бодож байгаа. Учир нь ардчилсан тогтолцоо улс төрийн хүчний тэнцвэр дээр явдаг. Хоёрдугаарт, АН-аас төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга гурвуулаа байсан үе бий. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд байсан. Гэхдээ тэдний толгойд хэзээ ч дарангуйлагч болох тухай санаа орж ирэхгүй. Тийм систем байхгүй. МАН-ынхан болохоор У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нараас хамаарахгүй. Систем нь хуучин социалист учраас аюултай гэж болгоомжилж байна. Ялгаа нь энэ. Юу юугүй дарангуйлаад эхлэх нь ч хаашаа юм бэ. Гэхдээ нөхцөл байдлыг нь хар л даа. Цагдаагийнхны ааш авир, ковидтой тэмцэж байгаа байдал, гаргаж байгаа шийдвэрийг нь хар. Хэдийгээр залуу хүмүүс удирдлага болсон ч гэсэн мөн чанар нь болохгүй байна. Үүнээс болгоомжлуулаад байгаа юм.

-Зарим улстөрчид АН-ын доторх маргааныг МАН-тай, тэр дундаа Сү.Батболд гишүүнтэй холбож яриад байх юм. Холбох үндэслэл нь юу юм бэ. АН-ын одоогийн байдал нь намын удирдлагуудын доторх маргаанаас л болсон юм биш үү?

-Бас л болж байгаа үйл явцаас хамааралтай. Жишээлбэл, С.Эрдэнэ гэдэг хүн би явлаа гээд намынхаа тамгыг өгсөн. Орон нутгийн сонгуулийг хаясан. Тэгснээ гэнэт босч ирээд би намаа авна гэсэн. Тамгыг нь өгөхгүй байхаар өөр тамга хийлгэж, энэ тамга хүчинтэй гэсэн. Тэгвэл өмнө хуурамч тамга өгчихөөд явсан байсан юм уу. Хоёрдугаарт, 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын санхүүгийн бүх зүйлийг зохицуулсан тамга хуурамч байсан юм уу. Энэ асуудлыг харахаар гаднаас хийсэн явуулга мөн гэж харагдаад байгаа юм. Намын дотоод асуудалд Улсын бүртгэлийн ерөнхий газар оролцдог. Шүүх нь эс үйлдэх буюу идэвхгүй оролцоотой байсан. Шүүхэд ямар нэгэн асуудал тавихаар дотооддоо асуудлаа шийдэж ир гээд буцаадаг. Бодит байдал дээр хүмүүс үүнийг хараад тэгж яриад байгаа юм.

-Тэгвэл Сү.Батболд гишүүнтэй яагаад холбоод байдаг юм бэ?

-Бодит байдал дээр улс төрийн нөхцөл байдал юунаас болж хурцадсан бэ гэхээр Нью-Йорк дээр Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа зэсийн баяжмалыг цааш нь өөрийн компаниудаар дамжуулж зарах замаар 240 сая ам.долларын хууль бус ашиг олсон байна гэдгийг Засгийн газрын харьяа байгууллага Төрийн өмчийн хороо, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Монгол компани хамтарсан манай Монголын Засгийн газрын заргаар тэр хэрэг үүсчихсэн явж байгаад замхарчихсан. Тиймээс гарцаа байхгүй үүнээс болсон байна гэсэн таамаглалыг хүмүүс дэвшүүлээд байна шүү дээ. Үүний дараагаас улс төрийн үйл явц эрс эргэсэн. Асуудал нь юундаа байна гэхээр улс төрд болж байгаа үйл явц бол өнгөц зүйл. Цаад талд нь эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс бүтсэн үйл явц гэж олон нийт харж байгаа. Ерөнхийлөгч оффшорт байгаа мөнгөнүүдийг татаж Монголын эдийн засагт буцааж оруулж ирнэ гэсэн зүйл ярьсан. Оффшорт мөнгөтэй хүмүүс дундаас хамгийн том мөнгөн дүн эзэлж байгаа, магадгүй сүүлийнх нь Сү.Батболд байж болзошгүй.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилоход УиХ, Засгийн газар оролцдог, АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгож томилуулдаг болсонд та ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Учир юу вэ?

-Улс төрд хүчний хуваарилалтын асуудал явагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа энэ өөрчлөлт орсон. Нэг нам эрх барьж буюу давуу эрхтэй байхдаа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийсэн. Үүний дараахнаас эрх мэдлийн хэт төвлөрлийг бий болгох чиглэл рүү яваад эхэллээ. АТГ-ыг Засгийн газар авдаг. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгчдийг томилоход УИХ, Засгийн газар оролцдог болсон. Өмнө нь Ерөнхийлөгч УИХ-д мэдүүлж томилдог байсан. Үүнийг өөрчилж Засгийн газар шийддэг боллоо. Гэтэл нэг нам парламентад үнэмлэхүй олонх, дангаар засаглаж байгаа үедээ Шүүхийн хараат бус байдал руу халдана гэдэг нь өөрөө асуудал. Энэ чинь зарчмын асуудал шүү дээ. Тэрнээс нэг намыг муухай гэж байгаа юм биш.

-ҮХНӨ-г хийхэд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцож л байсан. Ерөнхийлөгч ажлын хэсгийг нь ч ахалсан шүү дээ?

-Оролцоог формал байдлаар хангасан зүйл. Гэхдээ тухайн үеийн АН-ынхан ч, эрдэмтэд ч “Нэг нам дангаар засаглаж байгаа үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болдоггүй” гэж хэлж байсан. Эрх ашгийн зөрчил бодит байдал дээр үүсч байгаа биз дээ. Үндсэн хуулийг хэн баталдаг вэ гэвэл бүх ард түмний оролцоотой баталдаг. Учир нь энэ нийгмийн гэрээ байхгүй юу, хууль биш. Хүмүүс хууль гэж ойлгоод байна. Хүнийг ялладаг, шийтгэдэг, зөрчлийг тооцдог зүйл биш. Энэ бол тунхаг. Өөрөөр хэлбэл, бид ингэж амьдарна гэсэн дундын гэрээгээ тохирч байгаа юм. Бид ингэж амьдарна, эдийн засгаа ингэж өсгөнө, жишээлбэл, зах зээлийн эдийн засагтай, ардчилсан засаглалтай байна. Парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч ийм эрх мэдэлтэй байна гэдгийг ард түмэн дундаа хэлэлцээд дундын гэрээ байгуулж байгаа хэрэг. Хууль биш конституци байхгүй юу. Гэтэл үүнийг парламент ердөө хууль баталж байгаа юм шиг баталж болохгүй. Бүх ард түмнээр хэлэлцэж байж батлах ёстой.

-Энэ удаагийн сонгуулийг сонголтгүй сонгууль боллоо гээд байх юм…

-Сонголт байхгүй боллоо. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гажиг нэлээн том дохио өгч байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчгүйгээр нэг нам ялдаг, Үндсэн хуулийг дураараа тайлбарладаг, тэр нам нь Үндсэн хуулийн Цэц, Шүүхийг өөрийн дураар хөдөлгөдөг, дуртай заалтуудаа засдаг. Дарангуйллын шинж бол энэ. Ард түмнээс сонгогдсон байж ард түмний эрх ашгийн эсрэг байх нь ардчилал биш. Нөхцөл байдал ийм байгаа болохоор л шүүмжлээд байна л даа. Ардчилсан нам бол хамгийн том сөрөг хүчин. Ардчиллыг авч ирсэн ганц хүчин байтал энэ намыг оролцуулахгүй байх, хэрвээ оролцуулбал оролцоог хангах төдийхнөөр олон нийтийг хуурах ажиллагаа явж байна. Тиймээс үүнийг хүмүүс “Тоглоомын сонгууль боллоо”, “Сонголт байхгүй боллоо” гэж хэлээд байгаа юм. Ардчилал гэдэг бол сонголт. Сонголт байхгүй учраас хүмүүс “Энэ ардчилал биш” гээд байгаа юм.

-Өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өмнө гарсан захирамж хуульд нийцээгүй буюу түдгэлзүүлсэн явдал нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх явцдаа ноцтой алдаа гаргасан гэж үзсэн. Үүнд та ямар дүгнэлттэй байна?

-Дахиад л тодорхойгүй байдал руу оруулчихаж байгаа юм. Жишээлбэл, СЕХ С.Эрдэнэ гэдэг хүнийг бүртгэж авсан. Тэгвэл сонгуулийн нөхцөл байдал одоо юу болж байна гээд үзье л дээ. МАН-аас У.Хүрэлсүхийг сонгуульд ялах юм байна гэж тооцоолж байсан. Тэгээд Д.Энхбат, С.Эрдэнэ нарыг оролцоо хангах юм байна гэж бодсон. Гэтэл У.Хүрэлсүхийнх нь нэр хүнд муудаж, Д.Энхбат гол өрсөлдөгч болоод ирэхээр дахиад Шүүх тоглож байна. Өөрөөр хэлбэл, Д.Энхбатыг хуваах, С.Эрдэнээс чанартай хүн гаргахын тулд шүүхээс дахиад буруу шийдвэр гаргаж хуулиар тоглож байна. Олон нийт харахдаа С.Эрдэнийн талд шийдвэр гаргалаа гэж хараад байна. Үгүй байхгүй юу. С.Эрдэнээс илүү чанартай хуваагч шаардаж байна гэсэн үг. Ийм л улс төрийн тоглоом хийж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *