УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн өөрчлөлтөд нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэх байсныг болиулах асуудлыг тусгасан байна.
Тодруулбал, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 оноос үе шаттай нэмж, нийт таван хувиар өсгөснөөр 2021 онд 9.5 хувьд хүргэхээр хуульчилсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учир тус шимтгэлийг энэ оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.5 хувь хэвээр мөрдсөн. Өөрөөр хэлбэл, 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг өмнөх буюу 8.5 хувиар нь тогтоох тухай хуулийн төсөлд тусгасан юм.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлөвлөсөн ёсоор хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг 2021 оны долдугаар сарын 1-нээс тооцвол 94.6 тэрбум төгрөг, оны эхнээс тооцвол 190-ээд тэрбум төгрөгийн нэмэлт зардал улсын төсөвт үүсэх юм. Харин уг өөрчлөлтийг 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлбэл, Нийгмийн даатгалын санд шимтгэлээс орох орлого 195.2 тэрбум төгрөгөөр буурч, мөн дүнгээр улсын төсвийн ачаалал нэмэгдэхээр байгаа юм байна. Тиймээс энэхүү зардлыг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болох юм.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд: Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ажлын байрыг хадгалах зорилгоор хуулийн өөрчлөлтийг долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуульд тусгасан. Долдугаар сарын 1-н хүртэл төрийн албан хаагч, төрийн өмчит ААН-ийнхэн л шимтгэл төлж байгаа. Харин 900 мянга гаруй даатгал төлөгч нар 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс бараг таван хувь хөнгөлөгдөж байгаа. Зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг хувиас гадна үйлдвэрлэлийн ослын, мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн зэрэг нийт таван хувиар шимтгэлийг хөнгөлж байгаа.
УИХ-ын гишүүн П.Анужин: Нийгмийн даатгалын сан өнөөдөр ямар байдалд ажиллаж байгааг бид мэдэж байгаа. НДШ-ийг хоёр хувиар бууруулах ххуулийг төсөл нь КОВИД-ийн үед нүдээ олсон арга хэмжээ. Гэхдээ том зургаар нь харвал энэ бол зүгээр л амь тариа. Аргацаасан л арга хэмжээ. Нийгмийн даатгалын багц хуулийг яаралтай горимоор хэлэлцмээр байна. Намайг УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш өчнөөн асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж байсан. Үүнийг яагаад яаралтай горимоор оруулж ирээд, шийдчих эр зориг гаргахгүй байгаа юм бэ. Миний мэдэхээр сүүлийн 8-10 жил Сингапур, Норвеги шиг хуримтлалын сантай болъё гэж ярьсан. Үүнийг хийдэггүй шалтгаан нь юу вэ. Цаана нь ямар эрх ашиг байгаад явуулдаггүй юм бэ?
Тогтолцоог өөрчилнө гэж яриад байна. Түүнээс өмнө шийдэх өчнөөн арга зам байна. Алдсан мөнгөө олж авдаггүй юм уу, ямар арга хэмжээ авч байна вэ А.Ариунзаяа сайд аа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Капитал банк дампуурсан асуудалтай холбогдуулан банкны эрх хүлээн авагтай удаа дараа уулзаж, тодорхой арга хэмжээ аваад явж байгаа. Шүүхийн процесс дуусаагүй байгааг сануулсан нь зүйтэй байх. Нөгөө талаас банкны эрх хүлээн авагчтай уулзсаны дүнд сүүлийн хагас жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Нийгмийн даатгалын санд тэтгэврийн даатгалын өр, авлага байхгүй. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалгаалах өвчнийх, ажилгүйдэл, тэтгэмжийн сангууд 104 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. Сүүлд банкны эрх хүлээн авчтай уулзахдаа бэлэн мөнгөөр олдохгүй бол барьцаалагдсан эд хөрөнгөөр багаар ч болтугай хохирлоо барагдуулж байсан нь зүйтэй юм байна гэж ярилцсан. Үүнийг Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.
Нийгмийн даатгалын багц хуулийн тухайд маш олон хүнийг хамарсан асуудал учраас няхуур хандаж байгаа. Одоогоор яамныхаа хүрээнд багц хуулиа бэлэн болгоод байна. Тун удахгүй өргөн мэдүүлнэ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Ер нь тэтгэврийн даатгалын сан л алдагдалтай ажиллдаг юм байна. Тэтгэмж, гэнэтийн ослын зэрэг бусад сангууд тодорхой хэмжээнд хэмнэлттэй ажилладаг юм байна. Тиймээс 2021 оны долдугаар сарын 1-нээс он дуустал хооронд нь шилжүүлэх бүрэн боломжтой.
УИХ-ийн гишүүн Г.Ганболд: Сан дотроо зохицуулалт хийхэд долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх боломжтой. Харин оны эхнээс хэрэгжүүлэх бол төсөвт тодотгол хийнэ.
Ийнхүү байнгын хорооны хэлэлцүүлгээр НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг зогсоох хугацааг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэдэгт санал нэгдлээ.