Газын зурвас дахь Израилийн арми, Палестины Хамас бүлэглэлийн хоорондох зөрчилдөөн дайнд хүргэж болзошгүйг ажиглагчид онцолсоор байгаа билээ. Өдгөө найм дахь хоногтоо үргэлжилж буй мөргөлдөөний улмаас энгийн иргэд олноороо хохирсоор байна. НҮБ болон бусад олон улсын байгууллагууд энгийн иргэд хохирч байгаа явдалд шүүмжлэлтэй хандаж, харилцан гал зогсоохыг талуудад уриалсаар буй. Өнгөрсөн ням гаригт эгнээндээ 57 орныг багтаадаг Исламын хамтын ажиллагааны байгууллага Израиль болон Палестины асуудлаар яаралтай чуулжээ. Энэ үеэр Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Чавушоглу лалын шашинт орнуудад хандан Газын зурвас болон Газар дундын тэнгисийн баруун эрэг дэх Палестины энгийн иргэдийг Израилийн түрэмгийллээс хамгаалах зорилгоор олон улсын цэргийн механизм буюу хүчинг байгуулахыг уриалжээ. Тэрээр Исламын орнууд Палестины төлөө эв нэгдэл, шийдэмгий байдлыг харуулах цаг нь болсон. Турк улс шаардлагатай бүх алхмыг хийхэд бэлэн байна гэсэн юм. Харин Саудын Арабын Гадаад хэргийн сайд Файсал бин Фархан Аль Сауд Израиль улс Палестины энгийн иргэдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байгааг хурцаар шүүмжлэв. Тэрбээр Газын зурвас дахь мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг мөн уриалжээ. Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн бямба гаригт Пакистаны гадаад хэргийн сайд Шах Махмуд Курешитай утсаар холбогдсон байна. Тэрээр Газын зурвас дахь хурцадмал байдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Түүний мэдэгдсэнээр “ АНУ тус бүс нутагт олон улсын хэм хэмжээ, шударга ёсны эсрэг бодлого явуулж, тусгаар улс байгуулах Палестины бүрэн эрхийг зөрчсөөр ирсэн нь одоо болж байгаа үйл явдлын гол шалтгаан юм. Энэхүү асуудлыг шийдэхгүйгээр Ойрхи Дорнодод хэзээ ч энх тайван байдал тогтохгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч Ойрхи Дорнодод шинэ улс байгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР