Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын хүн ам сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн бага хувиар өсчээ

Өнөөдөр Хятад улсын статистикийн үндэсний хороо арван жил тутамд зохион байгуулдаг хүн амын тооллогын дүнг танилцуулжээ.

Хүн амын тооллогыг 2020 оны сүүлээр зохион байгуулахад долоон сая ажилтан оролцсон байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын хүн ам жилд дунджаар 0.53 хувиар өсч, нийт 1.41 тэрбумд хүрчээ.  Энэ нь 2000-2010 онд гарсан 0.57 хувийн өсөлтөөс буурсан үр дүн бөгөөд БНХАУ-ын түүхэнд хамгийн бага өсөлттэй арван жил болсон байна.

Хүн амын өсөлт удаашрах болсон гол шалтгаан нь шинэ төрөлтийн хувь хэмжээ буурсантай холбоотой. 1979 онд анх нэвтрүүлсэн өрх бүр ганц хүүхэдтэй байх бодлогыг 2016 онд халж, хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч өсөлтөд нөлөөлөөгүй байна. Ганц хүүхдийн бодлогыг халснаас хойш хоёр жилийн хугацаанд төрөлт бага зэрэг нэмэгдсэн ч дараа нь дахин буурч эхэлжээ.

Тухайлбал 2020 онд Хятад даяар 12 сая хүүхэд мэндэлсэн нь 2016 оны 18 саяас нэлээд хэмжээгээр буурсан үзүүлэлт юм.

Хэрвээ цаашид хүүхдийн төрөлт буурч, өндөр настнуудын хүн амд эзлэх хувь нэмэгдсээр байвал ажиллах хүчний хомсдолд оруулж, Хятад улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тус улсын хүн амын ажиллах хүч болох 16-59 насныхны тоо 2020 оны байдлаар арван жилийн өмнөхөөс 40 саяар буурч 880 сая орчимд хүрснийг сүүлчийн тооллогын үр дүн харуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *