Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Улс орны засгийн газрууд цар тахлаас сургамж авч, илүү шударга, хүнлэг нийгмийг бий болгох ёстой

УИХын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


Олон улсын парламентын холбооны ээлжит 142 дугаар ассамблейн бэлтгэл ажлын хүрээнд олон улсын парламентын гишүүдийн цахим хурал зохион байгуулагдлаа. Таны хувьдЦар тахал дэлхий дахины тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж байна вэсэдэвт илтгэлийг тавьсан байсан. Ямар асуудлууд хэлэлцсэн бэ?

-Олон улсын парламентын холбооны ээлжит 142 дугаар Ассамблейн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй цахим хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон. Би НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралын хамт оролцсон. Илтгэгчид болон хэлэлцүүлгийн үеэр үг хэлсэн орнуудын парламентын гишүүд дэлхий дахинд тулгараад буй хөгжлийн нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх, цар тахлын дараа улсууд хэрхэн сэргэн босох, тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд дэлхийн улс орнууд хамтран ажиллах тухайд санал хэлцгээсэн. Мөн НҮБ-ын 75 жилийн ойд зориулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын эхлүүлсэн “НҮБ-75” хэмээх “Хүсч буй ирээдүйгээ хамтдаа бүтээн байгуулъя” уриан дор дэлхийн ирээдүйн талаар олон улсын түвшинд өрнөж буй хамгийн өргөн хүрээний яриа хэлэлцүүлгүүдийн нэг болох тунхаглалын талаар хэлэлцүүлэг хийлээ. Би энэ хуралдаанд “Ковид-19” цар тахал дэлхий дахины тэгш бус байдлыг хэрхэн гүнзгийрүүлж байгаа талаар үг хэлсэн. Цар тахал дэлхий дахины тэгш бус байдлыг гүнзгийрүүлж чинээлэг улс орнууд ба хөгжиж буй улсуудын хоорондын ялгааг улам бүр ихэсгэж байгааг илтгэлдээ онцлон дурдсан.

Ажлын байрны тэгш бус байдал бий болж, цар тахал технологийн хөгжлийг хурдасгахад хувь нэмэр оруулж, бизнесийн тодорхой салбаруудад цахимаар ажлаа явуулах, гэрээсээ ажиллах боломжийг гаргаж байгаа ч дэлхийн хүн амын 40 хувь нь интернэтэд холбогдоогүй байгаагийн улмаас цахим хуваагдал гүнзгийрч байна. Мөн цар тахлын сөрөг нөлөө эмэгтэйчүүдэд илүү хүндээр тусч байгааг дурдсан. Дэлхий даяар эмэгтэйчүүд зайнаас ажиллах боломж багатай салбарт зонхилон ажилладаг. Тэр дундаа хөл хорионоос үүдэлтэй ажлын байр алдах явдалд хамгийн их өртөж буй жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд ажиллаж байгаа юм. Дэлхий дахины тэгш бус байдлын нэг илрэл бол “Ковид-19”-ийн вакцины хүртээмж чинээлэг болон ядуу улс орнуудын хувьд ихэд ялгаатай байгаа явдал гэдгийг би дурдсан. Бага орлоготой орнууд вакцины төлбөр төлөх, вакцинжуулалтад хүн хүчний болон эдийн засгийн ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна.Эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал, зохистой цалин хөлс, татварын шударга тогтолцоо зэрэг бодлогуудыг хэрэгжүүлж чадаагүй улс орнууд цар тахлын эдийн засаг, хүн хүчний гамшигт илүүтэй нэрвэгдэж байгаа тул улс орны засгийн газрууд цар тахлаас сургамж авч, илүү шударга, хүнлэг нийгмийг бий болгож, сайн сайхан маргаашийг бүтээх ёстой гэж илтгэлдээ онцлон дурдсан.

Зохиогчийн эрх, Патент, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиудын ажлын хэсгийг та ахалж байгаа. Эдгээр хуульд онцлох ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Аж үйлдвэрийн IV хувьсгал оюуны өмч, зохиогчийн эрхийн салбарт хүчтэй нөлөөлж байна. Технологи хөгжихийн хэрээр шинэ бүтээлийн нэр төрөл олширч байна, мөн тэр хэмжээгээр зохиогчийн эрхийг зөрчих, бүтээлийг илүү хялбар аргаар хувилан олшруулах боломжтой болсон тул эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа юм. Мөн 2006 онд батлагдсан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль батлагдсанаас хойш Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудад дотоодын хууль тогтоомжоо нийцүүлэх шаардлагатай болсон. Иймээс зохиогчийн эрхийн хамгаалалтын олон улсын гэрээ, конвенц болон дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болголоо. Мөн цахим орчин, өргөн нэвтрүүлэг, дуу авиа, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалт, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосон.Түүнчлэн 2015 онд нэгдэн орсон “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай Марракешийн гэрээ”-ний дагуу хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан тэдний хүртэж болох хэлбэрт шилжүүлэх, ийм бүтээлийг хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан үйлчилгээ үзүүлэх байгууллагаас хилээр нэвтрүүлэх, хуулбарлах, нийтэд түгээхэд зохиогчийн эрхийг хязгаарлах, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтыг хийлээ. Бас нэг шинэчлэл бол албан үүргийн дагуу туурвисан бүтээл, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерийн программ, мэдээллийн сан, дүрслэх урлагийн бүтээл, архитектурын бүтээлийн зохиогчийн эрхийг нарийвчлан заасан. Тухайлбал, дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалт тодорхой бус байснаас эрх эзэмшигч, зохиогчид багагүй хохирол учирч байгааг зохицуулж, дүрслэх урлагийн бүтээлийг дахин борлуулалтын үнийн дүнгээс зохиогчид таван хувийг төлдөг байх зохицуулалтыг нэмж тусгасан. Патентын тухай хуулийг мөн адил дэлхийн чиг хандлага болон нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн шинэчилсэн. Тухайлбал, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчлэх, мөн шүүлт хийлгэх хүсэлт гаргах, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын бүтээлийг нийтэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан тусгалаа.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Бараа, барааны тэмдэгтийг хуурамчаар үйлдэхгүй байхыг энэ хууль зохицуулж байгаа гэж ойлгож байгаа.

-Оюуны өмчийн тухай хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгах шаардлагатай болсон. Мөн Монгол Улс дахь бизнесийн үйл ажиллагаа өргөжиж байгаатай уялдуулан аж ахуй эрхлэгчдийг зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс барааны тэмдэгт тавигддаг шаардлагыг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Ковенцид нийцүүлэн аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгохгүй байх зохицуулалтыг хуульд нэмж тусгах шаардлага бий болсон юм. Тиймээс Барааны тэмдэг, Газар зүйн заалтын мэдүүлэг гаргах болон бүртгэхтэй холбоотой зохицуулалтыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болголоо. Тухайлбал, барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Конвенц, Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг таван жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг тусгалаа.

УИХын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, төрийн байгууллагын өмчлөлд байсан өмч, төсөв, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл сонсож, ажлын хэсгүүдийг байгуулсан. Биеийн тамирын тухай хуульд өнөөдөр ямар нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн байна вэ?

-Монгол Улсын төрөөс биеийн тамир спортыг дэмжих тал дээр онцгойлон анхаарч байна. МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгох, мэргэжлийн спортыг дэмжиж, тамирчдын тив, дэлхий, олимпийн түвшинд өрсөлдөх чадвар, амжилтыг нэмэгдүүлэх тухайд онцгойлон анхаарч бодлогын тодорхой заалтууд оруулсан. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороог Засгийн газрын тохируулагч агентлаг болгон байгуулсан. Биеийн тамир, спортыг хөгжүүлнэ гэдгийг зөвхөн мэргэжлийн спортоор ойлгож, тив дэлхийн тэмцээн уралдаанд гаргаж буй амжилтаар хэмжих ёсгүй. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, бүх насныхан спортоор хичээллэх орчин нөхцөлөөр хангах нь Монголын хүн амын талаар төрөөс явуулах бодлогын нэг том чиглэл байх ёстой.Тийм учраас одоо үйлчилж буй Биеийн тамир спортын тухай хууль болон Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтэд тулгамдсан асуудал болон УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж эхлээд байна. Ажлын хэсэг Биеийн тамир, спортын тухай хууль, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөл-бөрт тусгагдсан суманд биеийн тамирын арга зүйч ажиллуулах, зарим дүүргийн спорт цогцолборыг ашиглалтад оруулах, магадлан итгэмжлэгдсэн спорт клубт хичээллэсэн иргэний төлбөрийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх хуулийн заалтыг сэргээн хэрэгжүүлэх зэрэг хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлын талаар хяналт шалгалт явуулж, санал боловсруулах юм. Энэ ажлын хүрээнд анхаарал татаж буй нэг асуудал бол Биеийн тамир, спортын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6-д спортын холбоод баталж, мөрдүүлэхээр заасан тамирчны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн асуудал юм. Сүүлийн үед тамирчид холбогдсон допингийн болон эрүүгийн гэмт хэрэг, ёс зүйн алдаанууд удаа дараа гарах болсон нь олон нийтийн санааг зовоож байна. Тийм учраас спортын салбар дахь ёс зүйн хэм хэмжээг эргэн харах, шаардлагатай бол хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцлагыг чангатгах хэрэгтэй юм.

МАНын Бага хурал болж Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр болсон. Та Бага хурлын орлогч даргаар ажилласны хувьд хурлын тухайд мэдээлэл өгөөч?

-МАН-ын Бага хурлын Х хуралдаан энэ сарын 2-нд цахимаар хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцох МАН-ын нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн баталж, нэр дэвшигчээ тодрууллаа. Мөн МАХН-тай нэгдсэн гэрээний дагуу шат шатны байгууллагад МАХН-ын гишүүдийн орох төлөөллийг хэлэлцэж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан. МАН-ын Бага хурлын гишүүд Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар нэр дэвшүүллээ. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр хэлэлцүүлэг өрнөж, гишүүд саналаа хэллээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөл-бөрөө боловсруулахдаа иргэд сонгогчид, эрдэмтэн судлаачдын саналыг авч, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар боловсруулсан. Мөрийн хөтөлбөрт Монгол Улсад хүний эрхийг хангах, шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэх, нийгэм дэх баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, улс төрийн намын шинэчлэлийг хийж, парламентын засаглалыг бэхжүүлэх зорилтууд тавьсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалагч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн тэргүүн зэрэг өнөөгийн Монголын нийгэмд ард түмнээ талцуулж хуваадаг бус эв эеийг эрхэмлэн, зөвшилцөл ойлголцлыг чухалчилдаг албан тушаал юм. Тийм учраас МАН-ын Бага хурлын гишүүд Монголын нийт ард түмний итгэл дааж ажиллах, бусад төрийн институцитэй хамтран богино хугацаанд улс эх оронд хөгжил дэвшил авчирч чадах хүн гэж МАН-ын дарга У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэн нэр дэвшүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *