Categories
мэдээ нийгэм

Буу алдаж хүний аминд хүрсэн хулгайн анчинд 3 жилийн тэнсэн ял оноожээ

Буу алдаж нэгнийхээ аминд хүрсэн хулгайн анчинд 5.5 саяас 7 сая хүртэл төгрөгөөр торгох, 3 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Тодруулбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн нутаг дэвсгэрт иргэн Д нарын 6 иргэн бүлэглэн ховор амьтны жагсаалтад орсон 2 тооны хар сүүлт зээрийг зөвшөөрөлгүйгээр агнажээ.

Мөн үедээ буу алдан тээврийн хэрэгсэлд хамт сууж явсан иргэн Г-ын хүзүүн тус газар онож амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг гарсан байна.

Дээрх хэрэгт тус аймгийн прокурорын газраас

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/,
  • 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хэргийг энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 5,5 саяас 7 сая хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Харин бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон нэг иргэнийг хорих ял оногдуулахгүйгээр 3 жилээр тэнсэж шийтгэсэн байна.

Түүнчлэн байгаль орчинд учруулсан хохирол болох 6.400.000 төгрөгийг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, ангийн бууг улсын орлого болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *