Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг олныг цочирдуулаад байсан юм.
Мөн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байсан. Улмаар БНСУ-д эмчлүүлэхээр авч явсан билээ.
Одоогийн байдлаар биеийн байдал нь дээрдээгүй, ухаан ороогүй байгаа аж. Энэ талаар түүний гэр бүлийнхэн хэвлэлд дараах тайлбарыг өгсөн байна.
Түүний гэр бүлийнхэн “Эмч нар “Ийм тохиолдол бараг анх удаа харж байна. Хүнийг ийм болтол нь зодно гэдэг” гээд толгой сэгсэрч байна лээ. Хэрэв 1-2 хоног л хэтэрсэн бол найдваргүй болох байсан гэсэн. Одоо нэг дор 20-30 дусал залгаж, дөрөв, таван том аппаратад орж байгаа гэсэн. Маш олон төрлийн эмчилгээ хийж байна гэсэн.
Аппарат залгаатай байгаа учраас MRI шинжилгээ өгөөгүй. Хэрэв аппаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй байгаа гэсэн учраас нарийн шинжилгээ өгөөгүй, харзнаж, хүлээлтийн байдалтай байна.
Хамгийн ноцтой нь уушги нь бүрэн устсан байна гэж эмч нар хэлсэн. Хар дарсан зүүд шиг маш аймшигтай өдөр, хоногууд өнгөрч байна.
Хэрэв тэр өдөр л хүмүүстэй уулзаагүй байсан бол өнөөдөр эрүүл байж байх байсан шүү дээ. Гурван хүүхэд нь, аав, ээж, хань, ах, дүү нь амьдын тамд байна. Цоо эрүүл хүн байсан шүү дээ. Эрүүл байсан тулдаа өнөөдөр амьд байна. Тархи гэмтэхээр бусад эрхтэн нь дагаад гэмтчихдэг юм байна” гэсэн тайлбар өгчээ.