Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед Монгол Улсын засгийн газраас 3.373.025 иргэнд 300.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр /пүрэв/ гаргаж, тухайн өдрөөс эхлэн төрийн сангаас гүйлгээ хийгдэж эхэлсэн. Энэ талаар Монгол улсын сангийн сайд Б.Жавхлан “Татварын албанаас Оюутолгойд ногдуулсан НӨХӨН ТАТВАР, ТОРГУУЛЬ, АЛДАНГИ болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийг төлөлтийг иргэн бүртээ тэгш хуваарилж байна. Мөн энэхүү гүйлгээг бид 7-10 хоногийн дотор хийж дуусгахыг зорьж байна” гэж мэдэгдсэн.
2021 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаар 3.173.897 иргэний 952.169 тэрбум төгрөгийг төрийн сангаас шилжүүлсэн нь 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн өдрийн байдлаар нийт 32.144 иргэний гүйлгээ буцаагдсан байгаа нь хүлээн авагчийн данс хаагдсан, иргэн ebarimt.mn-д бүртгэлтэй боловч хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй дараах шалтгааны улмаас гүйлгээ буцсан байна. Үүнд:
- Хүлээн авагчийн данс хаагдсан,
- Хүлээн авагчийн нэр латин үсгээр бичигдсэн,
- Хүлээн авагчийн нэр латин болон крилл үсгээр хольж бичигдсэн,
- Хүлээн авагчийн нэрийн өмнө болон хойно сул зай авч бичсэн,
- Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичигдсэн,
- Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон
Иймд ebarimt.mn дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг зөвлөж байна.