Украины зүүн хязгаарт иргэний дайн өрнөөд байна. Сүүлийн хэдэн сар Донбасст зэвсэгт мөргөлдөөний улмаас нөхцөл байдал хурцадмал байгаа аж. Өнгөрсөн ням гаригийн байдлаар Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид гал нээх үeэр 27 украин цэрэг амиа алджээ. ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Патрушев өнгөрсөн долоо хоногт “Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл оросууд Украинд цэргээ оруулж, Донбасс дахь нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцоно” гэж мэдэгдсэн удаатай. Үүнтэй зэрэгцэн Украины эрх баригчид НАТО-гийн цэргийн эвсэлд элсэх хүсэлтээ албан ёсоор зарласан билээ. Харин АНУ Украиныг дэмжиж буйгаа харуулах зорилгоор Хар тэнгист байлдааны хөлөг онгоцуудаа илгээж байна. Тухайлбал, тус улсын байлдааны хоёр хөлөг энэ сарын 14, 15-нд Газрын дундад тэнгисээс Босфорын хоолойгоор дамжин Хар тэнгист нэвтэрч, тавдугаар сарын 4,5 хүртэл байршуулах гэнэ. Энэ талаар Туркийн Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн баасан гаригт Оросын талд мэдэгджээ. Учир нь Швейцарийн Монро хотноо 1936 онд байгуулсан гэрээний дагуу Турк улс өөрийн харьяаны Босфор, Дарданеллын хоолойгоор гадаадын байлдааны хөлөг нэвтрэхэд улс орнуудад нь мэдэгдэх үүрэгтэй байдаг аж. ОХУ Украины хил рүү цэргээ татаж буйд барууны орнууд ихээхэн түгшиж байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Пeсков “Оросын цэргүүд нутаг дэвсгэр дотроо шилжин байрлах нь бусад улсад ямар нэгэн аюул учруулахгүй учир түгших зүйл байхгүй. Донбасст болж буй үйл явдал бол Оросын цэргүүд хэзээ ч оролцож байгаагүй Украины дотоод зөрчил” гэж цохон тэмдэглэжээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР