Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Аутизмын хүрээний эмгэгийн талаар өгүүлэх шилдэг кинонууд


Кино бол маш өргөн сэдвүүдийг хамарсан мэдээлэл агуулдаг нэг төрлийн эх сурвалж билээ.

Тэгвэл Аутизмыг таниулах дөрөвдүгээр сарыг тохиолдуулан уг эмгэгийн талаар илүү их мэдэж, аутизмтай хүний ойлгох дэлгэцийн бүтээлүүдийг танилцуулж байна.


Юуны өмнө Аутизмын Хүрээний Эмгэг /АХЭ/ гэж юу вэ? гэдэг ойлголтыг өгөх нь зүйтэй байх.

Энэ нь “Хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээн авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг” юм. 

Аутизмын шалтгааныг одоо хүртэл шинжлэх ухаан олж нээгээгүй бөгөөд тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр судалгаа хийсээр байна. Тархины үйл ажиллагаатай холбоотой тархины хөгжилд нөлөөлдөг биологийн шалтгаантай учраас аутизмтай хүн насан туршдаа аутизмтай хэвээр байна.

АХЭ-ийн дотор “сонгодог аутизм”, “өндөр чадвартай аутизм” “аспергерийн хам шинж” гэх зэргийн хэд хэдэн төрлийн эмгэг багтдаг. Аутизм нь өргөн хүрээний эмгэг тул аутизмтай хүн бүр өөр өөр.

Аль ч төрлийн аутизмтай хүнд дараах гурван бэрхшээл байдаг.

Үүнд:

1. Хэл яриа ба харилцааны бэрхшээл

Бусад хүнтэй үр бүтээлтэй харьцах чадваргүй буюу сул

  • Аутизмтай хүний 30 хувь нь хэл яриа огт ашигладаггүй
  • Тэдний 30 хувь нь хүнтэй харилцахын тулд биш, хэрэгцээгээ хангахын тулд харьцдаг.
  • Хэл яриа сайн ч буруу хэрэглэдэг (харилцан ярианд буруу оролцох, санаагаа зөв илэрхийлэхгүй, дууны хэмжээгээ тохируулахгүй гэх мэт)
  • Харилцааны бусад аргыг ойлгодоггүй буюу ашигладаггүй ( дохио зангаа, дууны өнгө, биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал…)
  • Харилцан яриаг эхлүүлэх, үргэлжлүүлэн ярих чадваргүй
  • Тодорхойгүй сэдвээр ганцаараа удаан ярих.
  • Хүний хэлснийг давтаж цуурай мэт ярих.

2. Нийгмийн харилцааны бэрхшээл

Бусад хүнтэй хэрхэн яаж биеэ зохистой авч явж, харьцахаа сайн ойлгодоггүй

  • Зан үйлийг буруу хэрэглэдэг
  • Хүмүүсийг сонирхдоггүй
  • Хүмүүстэй харилцаа тогтоож хадгалах чадваргүй
  • Баяр хөөр,сонирхол зэргээ хуваалцах чадваргүй
  • Хариу үйлдэл үзүүлэх чадваргүй
  • Хүмүүс хоорондын харилцааны утга учрыг сайн ойлгодоггүй
  • Нэрээр нь дуудахад хариу үйлдэл үзүүлдэггүй

3. Туйлширмал ба баригдмал сэтгэлгээний бэрхшээл

Мэдээллийг хүлээж авч боловсруулж ойлгохдоо муу, сонирхол, өдөр тутмын хийдэг зүйлс, ирээдүйн боломж, дүрэм зэргийг уян хатан ойлгож хүлээж авах чадварын дутагдал.

  • Нэг үйлдэлээ байнга датдаг, нэг хэвийн байдлыг шаарддаг
  • Шинэ орчин өөрчлөлтийг хүлээн авч дасан зохицохдоо удаан буюу дургүй
  • Тодорхой орчинд эзэмшсэн чадвараа өөр орчинд хэрэглэхдээ муу
  • Орчны зарим өдөөгчид хэт мэдрэмтгий байх
  • Бүхнийг шууд утгаар хүлээж авдаг
  • Ач холбогдолгүй нарийн жижиг зүйлд хэт анхаарах
  • Төсөөлөн бодох, хийсвэрлэн сэтгэхдээ сул
  • Хөдөлж, эргэлдэж байгаа зүйлийг хэт дурлаж харах
  • Нэг тоглоомонд хэт автах, юмсыг өрж жагсаах зэргээр үйлдэл ажиглагдана.

Энэхүү ойлголтыг 1943 онд Австри-Германы эмч Лео Каннер дүрсэлж тодорхойлсон ба одоо аутизмын үндсэн гол шинжүүд бүхий аутизмыг сонгодог аутизм буюу “Каннерын аутизм” гэж нэрлэдэг.

ИНГЭЭД ТА БҮХЭНД АУТИЗМТАЙ ХОЛБООТОЙ ДАРААХ КИНОГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА


Rain man” 1988

  • Уг кино нь Оскарын шилдэг кино, шилдэг кино зохиол, шилдэг кино найруулагч төрлүүдэд ялалт байгуулж киноны гол дүр болох Рэймонд Бэббитын дүрийг бүтээсэн жүжигчин Дастин Хоффман шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байжээ. Тэрбээр аутизмын хүрээний эмгэгтэй хүний дүрийг маш бодитой бүтээсэнд тооцогддог аж. Учир нь Хоффман болон кино зохиолч Бэрри Морроу нар аутизмтай эрдэмтэн Ким Пиктэй хамтдаа өдрийг өнгөрүүлж түүний үйлдлээс нь санаа авч дүрээ илүү үнэмшилтэй болгож байжээ.

“What’s Eating Gilbert Grape” 1993

  • Киноны агуулгад гол дүр болох Гилберт Грейп өөрийн өсвөр насны аутизмтай дүү Арнигийн асран хамгаалагч болж байгаа талаар өгүүлдэг. Том ах нь дүүгээ хүрээлэн буй орчин, хөл хөдөлгөөнтэй нийгмээс хамгаалахын тулд бүхий л чадлаараа хичээдэг. Аутизмтай дүүгийн дүрд жүжигчин Леонардо Ди Каприо тоглосон бөгөөд энэхүү дүрээрээ анх удаа Оскарт нэр дэвшиж байсан. Ди Каприо дүрийнхээ бэлтгэлийн хүрээнд өсвөр насны аутизмтай хүүхдүүдийн асрамжийн газраар зочилж ажиглалт хийсэн гэдэг. Түүнчлэн тус кино нь аутизмтай хүүхэдтэй гэр бүлд ямар асуудлууд тулгарч болдгийг харуулснаараа онцлог юм.

“Temple Grandin” 2010

  • Аутизмын хүрээний эмгэгтэй, хүнлэг мал аж ахуйн чиглэлээр нээлт хийсэн хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн Тэмпл Грандины бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн байна. Эрдэмтний дүрд жүжигчин Клэр Дэйнс тоглосон бөгөөд “Emmy” наадмаас гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртэж байжээ. Энэхүү киноны тусламжтай аутизмтай эрдэмтэн Тэмпл Грандин өөрийн салбартаа өндөр амжилт гаргаж олны хүлээлтийг авахын сацуу аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалагч талаасаа нийгэмд танигдаж чадсан юм.

“Fly away” 2011

  • Тус киноны найруулагч Жанет Грилло “Autism: The Musical” нэртэй аутизмтай таван хүүхдийн талаар өгүүлдэг баримтат киног толилуулж, туршлага хуримтлуулсны дараа тус сэдвийн хүрээнд “Fly away” нэртэй киноны ажилдаа орж байжээ. Бүтээлийн агуулгад эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулснаар аутизмтай охиноо бие даан өсгөх болсон ээж болон эмгэгээс шалтгаалсан асуудлуудын талаар гардаг. Охины дүрд жүжигчин Эшли Рикардс тоглосон бол ээжийн дүрийг Бет Бродерик бүтээжээ.

“Atypical” 2017

  • Энэхүү бүтээлд аутизмтай өсвөр насны хүүгийн талаар өгүүлдэг. Кино шүүмжлэгчид, үзэгчдээс дүрээ бүрэн илэрхийлж чадаагүй, жүжиглэлт тааруу байсан гэх шүүмжүүдийг багагүй сонссон ч аутизмтай хүүхдийн өсвөр насанд гардаг хүндрэлүүд, болзоо болон хайр дурлал зэрэг ховорхон сөхөгддөг асуудлуудыг хөндсөн нь “Atypical” киноны онцлог аж.

Д.ОТГОНТУЯА

Эх сурвалж: Buro.mn

http://autism.mn/


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *