Categories
мэдээ цаг-үе

Хөнгөн үйлдвэрлэлийн дэд хорооноос сүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх асуудлаар уулзалт хийлээ

Хөнгөн үйлдвэрлэлийн дэд хорооны гишүүд АПУ хувьцаат компанийнхантай уулзлаа. УИХ-ын гишүүн, Хөнгөн үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ц.Туваан нар Монгол үнээний сүү бэлтгэлтэй холбоотой тулгамдаж буй гол асуудал, тээвэр, хадгалалт, түгээлтийн нөхцөлийг төр, хувийн хэвшлийн хамтын манлайллаар шийдэж малчдын амьжиргааг дэмжих, сүү, сүүний үйлдвэрлэлийн өртгийн асуудлаар тус компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.

Малчдын гар дээрээс шууд хүрч буй цэвэр сүүний нийлүүлэлтийг дэмжих, зах зээлийн эргэлтийг хурдасгахын тулд сүүний урамшууллын бодлого чухал болохыг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Иймээс улирлын нөлөөллөөс хамааралгүйгээр малчдын сүү нийлүүлэх эрчийг нэмэгдүүлэх боломжийн талаар хөндөн ярилцав.

Хөнгөн үйлдвэрлэлийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 70 сая малтай мал аж ахуйн салбарыг сэргээхийн тулд, малчдынхаа хөдөлмөрийг үнэлэх, бодитой үр дүн гаргаж буй бизнес эрхлэгчээ бодлогын төвшинд дэмжих, улмаар эрэлт, нийлүүлэлтийг хоёрыг хангаж өгвөл сүү бэлтгэлийн асуудлыг шийдэх хэцүү ажил биш гэж харж байна. Тиймээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Жижиг, дунд үйлдвэрлэлийн Дэд хороо хамтран энэ жилээс 2024 он хүртэл сүү импортоор авдаггүй улс болгоё гэсэн зорилго тавин ажиллаж байгааг онцоллоо. Мөн Хөнгөн үйлдвэрийг дэмжих хуулийн төсөл, санаачлага гарган Засгийн газрын хэрэгжүүлж буй 10 их наядын төслийн хүрээнд малчдыг сүүгээ сааж үйлдвэрлэлд нийлүүлбэл жилийн дөрвөн улирлын дагуу урамшуулал өгдөг болох төсөл санаачлан ажиллаж байна” гэв.

АПУ компанийн хувьд Ковид-19 цар тахлын үед сүү бэлтгэн нийлүүлж буй 1500 гаруй малчиддаа зориулсан ээлтэй бодлого явуулж хивэг, тэжээлийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ ажлын байрыг цомхтголгүйгээр 100% хадгалж авч үлдэх, үе шаттайгаар ажилтнуудаа вакцинд хамруулах, зайнаас ажиллах боломжоор хангах, сул зогсолтын үеийн цалингийн олговор олгох гэхчлэн хүн төвтэй эрсдэлийн удирдлагын арга туршлагаар хүн амын амин чухал хэрэгцээг хангахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байгаагаа онцоллоо.

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг малчдын сүү бэлтгэн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэхийн тулд хөргөлттэй тээвэр, ложистикийн асуудлыг шийдэх, мэдлэг мэдээллээр хангах гэх мэт олон чиглэлээр ажлууд хийх шаардлагатай. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж хамтын манлайллаар оновчтой шийдэл эрэлхийлэхийн төлөө ажиллах болно” гэлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор АПУ компанийн нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг сайшааж экспортын саад тотгорыг арилгах, малчдын бизнест суурилсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *