Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярхүү: Ерөнхийдөө гэгээтэй гээд хэлчихмээр ямар ч баримт АНУ, Хятадын хэлэлцээнээс олж харсангүй

Олон улсын харилцааны судлаач, эрдэмтэн Д.Баярхүүтэй ярилцлаа.


саяхан аляскад хятад, анУын хоорондын худалдааны талаарх дээд түвшний яриа хэлэлцээ хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Уулзалтад хоёр талаас томоохон улс төрийн төлөөллүүд оролцох шиг боллоо. хэлэлцээг хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнгөрөгч пүрэв, баасан гаригт Аляска муж улсын Анкориж гэх хотод “2+2” форматаар хоёр улсын өндөр түвшний төлөөлөгчдийн уулзалт боллоо. АНУ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан нар, БНХАУ-ыг төлөөлж ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Ян Зэчи, Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээг явууллаа. Энэ дөрвөн албан тушаалтан бол хоёр улсын төр улсдаа олон улсын харилцаа гадаад бодлогын асуудлыг зангидаж чиглүүлж явуулдаг гол хүмүүс. Ноён Ян Зэчи намын том тушаалтан хэрнээ анх удаа бие дааж АНУ-ын шинэ Засаг захиргааны голлох төлөөлөлтэй халз уулзсан нь анхаарал татлаа. Энэ юун хүн, хаанаас гараад ирэв гэх шахуу асуулт ч тавьж байна. Тэрээр Хятадын эрх баригч намд гадаад харилцаа хариуцсан гол хүн. Өөрөөр хэлбэл, гадаад бодлого дээр нам талаасаа Си Жиньпин даргын дараагийн хүн гэдгийг гадаадынхан тэр бүр анзаарахгүй байж болно. Мөн цэл залуугаараа АНУ-д Элчин сайд байсан, дараа нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, чухам Ван И-гийн өмнөх сайд байсан гэдгийг ч тэр бүр мэдэхгүй байж болно. АНУ-ын ерөнхийлөгчөөр Жо Байден заларч ирээд тангаргаа өргөөд хоёр сар болсны дараа гадаад бодлогын асуудлаар глобал хэмжээний хоёр талын томхон уулзалтаа Хятадаас эхлүүлж байна.

Тэр тусмаа нутагтаа урьж яриа хэлэлцээ явуулж байна гэдэг бол олон асуултын хариулт болох биз.

Талууд нэлээд ширүүхэн хэлэлцээ болсныг тодотгож байсан. Хэлэлцээгээр ямар асуудлууд ярилцсан бол. “Хятад, Америкийн харилцаа муудсаар буйг зогсоох хэрэгтэй. АНУын үндэслэлгүйгээр буруутгаж буйг Хятад хүлцэн тэвчиж байгаагүй бөгөөд цаашид ч тэвчихгүйгэж БНХАУын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн байна лээ. Хятадын талын байр суурь, мэдэгдлүүдэд дүгнэлт хийж үзэв үү?

-Энэ талаар үлгэр домог шиг их мэдээлэл таржээ. Тэр бүрийг энд тоочин ярих боломжгүй. Яриа хэлэлцээний хоёр өдрийн уур амьсгал, хэлэлцээний протокол дээр ам мурийсан, ам нээх тоолондоо хатуу үгээр харилцан шидэлцсэн байдлыг авч үзвэл хоёр улсын хоорондын өнөөгийн харилцаа нь “Хүйтэн дайн”-ы үеийн Зөвлөлт-Америкийн харилцааг санагдуулах шиг. Энэ хоёр гүрний харилцааны ерөнхий уур амьсгалыг бид харж, мэдэрч байна. Худалдааны дайн нь технологийн дайн болж хувирсан. Технологийг хэн нь түрүүлж эзэмшинэ, тэр нь дэлхийд манлайлна гэх уриагаар халз тулсан. Худалдааны алдагдал нь АНУ-д илүү хасах оноотой гарсан, Хятадын дотоод хэрэг рүү орж Вашингтоноос ширүүхэн шүүмжилж байна. Ковидтой тэмцэх дээр ч хэн нь хэнийгээ вэ гэх шахуу ширүүн өрсөлдөж, боломж л гарвал оноо авахын төлөө байна. Зэвсэглэлээр хөөцөлдөх дээр Зөвлөлт-Америкийн харилцааны түүхийг хараахан давтаагүй ч улс төрийн харилцаа, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэг гээд бүх салбарт зөрчилтэй байна. “Хүйтэн дайн”-ы жилүүдэд дэлхий ертөнц хоёр лагерьт хуваагдаж, СССР ба АНУ хоёр туйл болж, хоёр блок-эвслээ толгойлж, дэлхийн бодлогыг тодорхойлж явсан бол эдүгээ дэлхий дахин “Хүйтэн дайн”-ы үеийнх шигээ маш гүн хуваагдалд оржээ. Үүнийг НҮБ-ын ЕНБД Антониу Гутерриш хүртэл хүлээн зөвшөөрсөн. Давосын форумд цахимаар үг хэлэхдээ тэрээр дэлхийн хүчирхэг хоёр эдийн засаг АНУ ба Хятадыг дагалдаад дэлхий хоёр хуваагдах тийшээ эргэж байгааг анхааруулсан. Энэ бол маш ноцтой анхааруулга. Даян дэлхийн валют, худалдааны ба санхүүгийн бүх дэг журам энэ хоёр улсын үзэмжээр явж байгаа учраас улс орнууд хоёр талд гарах аюул нүүрлээд ирэх магадлалтай. АНУ, Хятадын харилцааны зөрчлийг ажих тусам хоёр л зүйл тодорхой болж байна. Эхнийх нь гадаад хүрээллээ Хятад юу гэж үздэг вэ гэдгийг хэлээд өглөө. АНУ ба бусад хэмээн хоёр ертөнцтэй л Хятад харьцана, ажиллана гэдэг тодорхой боллоо. Хоёр дахь нь зөрчил дунд Хятад тун чадмаг тоглолт хийж, алхам тутамдаа гадаад сурталчилгаагаа эрчтэй хийж, ахиулж байгаа нь харагдлаа. Ковидтой тэмцэж байгаагаараа аль нийгмийн байгуулал нь илүү зөв бэ гэсэн асуулт тавиад өөрсдөө үйл хэргээрээ харуулаад ч явах шиг. Хамар дороо байгаа тэр их зөрчил бүтэлгүйтлээ яая даа гэж байж Хятадын дотоод хэрэгт бүү ор гээд сая хэлэлцээ дээр шууд хэлээд тавьчих дөхлөө. Америкийн ардчилал, либерлизм, хүний эрхийг дээдэлдэг тэр нийгмийн байгуулал ковидыг яаж ч чадсангүй тавиад туулаа, хамгийн олон хүний амийг АНУ-д, Өрнөд Европт аваад явчихлаа.Гэтэл захиргаадалт, нэг коммунист намын хатуу засаглалтай Хятад ковидыг ялж байна, эдийн засаг нь нэмэх үзүүлэлттэй, бүр өсөлттэй яваад байна.Тэгэхлээр Хятадын зөв биш үү, тогтолцооны давуу талыг нь нотолж байгаа юм биш үү хэмээн америкчуудаас ам асуух дээрээ тулсан байна. Ерөнхийдөө Хятадын талын байр суурь, мэдэгдлүүдийг харах юм бол “Хятадын зөв” гэсэн ганцхан логик буухаар байна.

Түүнчлэн АНУын тал ч БНХАУын Шинжаан, Хонконг, Тайваньд явуулж буй ажиллагаа, цахим халдлага, эдийн засгийн шахалт нь дэлхий нийтийн тогтвортой байдлыг хангах дэг журамд аюул учруулж байна гэж үзэж байгаа талаараа хэлсэн байна лээ. Хоёр улсын хэлэлцээ дахиад үргэлжлэх нь үү?

-“2+2” уулзалтын оролцогчид аль аль нь хэлж байна лээ. АНУ-ын ТНБД бүр ил тод хэлж байна. Шинжаан, Төвд, Хонконгод хүний эрхийг зөрчиж байна, кибератак хийж байна, Тайванийг дарамталж байна, тэр бүхнийг АНУ-д тэвчишгүй гэж. Харин Иран, Хойд Солонгос, Афганистан, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хоёр улсын ашиг сонирхол солбицож байна хэмээн ярьсан байсан. Аль аль нь хүлээн зөвшөөрч байна. Яриа хэлэлцээ хүндхэн боллоо. Санал зөрөлдөх асуудал олон байлаа.Гэхдээ яриа хэлэлцээгээ цааш үргэлжлүүлэх нь зөв гэснийг үзвэл дэлхий дахинд айхавтар аюул учруулаад, гарах гарцгүй болгочихоогүй, нөхцөл байдлыг хоёр талаасаа эрхбиш хянаж чадаж байгаа юм болов уу гэх сэтгэгдэл төрүүлж байна.

Цаашид хоёр улсын худалдааны дайн намжих тал руугаа орох эхний алхам хийгдсэн болов уу?

-Америк-Хятадын зөрчлийн цөм нь зэвсэглэлээр хөөцөлдөх бус, худалдааны дайн гээд би дээр тойруу замаар хэлчихсэн. 5G, 6G-г эзэмшихийн төлөө амь дүйсэн тэмцэлд энэ хоёр улс татагдаж орсон. Аль аль нь буулт хийх шинжгүй, эрх ашгаа хамгаалан үзэлцэх бололтой. Хоёр улсын харилцаа Дональд Трампын өнгөн дээр айхавтар хурцдаад, Жо Байдены өнгөн дээр эргэж зөөлөрнө гэдгийг олж харах боломж одоогоор алга. Харин тэр зөрчил нь дэлхийн худалдаанд сөргөөр нөлөөлөх, түүнчлэн улс төрийн харилцаанд нь нөлөөлөх тухайд улс орон бүр тооцож байх шиг байна. Дэлхийн худалдаа 2021 оноос аажмаар сэргэлээ гэхэд түүний залуурдагч нь Хятад байна гэдгийг лав ОХУ хүлээн зөвшөөрсөн. Хятадын хөгжлийн шинэ загвар, Хятадын тэр хөгжил нь гадаадын олон улс оронд хөгжил авчирсан гэх имидж, хөгжлийн эсрэг явъя гэвэл Хятадын эсрэг яв гэх эсрэг аргумент, энэ бүхэн нэг л зүйлийг хэлж ойлгуулаад байх шиг. АНУ-ын хувьд Хятадыг тогтоон барих, Хятадын буруу гэдгийг олон улсад харагдуулах чиглэл рүү л явж, тэр нь ч худалдааны дайны уур амьсгалыг тодорхойлж байна.

Худалдаан дээр шударга бусаар өрсөлддөг, оюуны өмч хулгайлдаг, ажлын байруудыг булаадаг, валют дээр манипуляци хийдэг, аж үйлдвэрийн тагнуул хийдэг гээд олон ял зэм Бээжин рүү буулгадаг. Трампын үед Хятадын барааны эсрэг тавьчихсан гаалийн татварыг Жо Байден цуцлах бодолгүй. Харин ч Хятадын эсрэг дараа дараалсан ял зэм нэмэгдэх хандлагатай боллоо. Зах зухаас нь дурдвал Орос, Ираны эсрэг тавьсан санкцыг Хятад зөрчлөө. Иран, Венесуэлээс Хятад газрын тос аваад байна. Хятадын цэргийн хүч чадал нэмэгдэж байна.Цэргийн зардал нь өсч байна, түүнийг нь зэвсэглэлд хяналт тавих тогтолцоонд оруулах хэрэгтэй гэхчлэн ял зэм хөвөрч өгнө. Ерөнхийдөө гэгээтэй гээд хэлчихмээр ямар ч баримт АНУ, Хятадын харилцаанаас одоогоор олж харсангүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *