Categories
мэдээ улс-төр

Тусгаар тогтнол: Бүтэшгүйг бүтээсэн дээдсийн гавьяа

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар (Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд цолтой)

Ганцхан улс Монгол Улсын тусгаар тогтнолыг зөвшөөрч байв


220 жил харь гүрний харьяанд оршсон монголчууд 1911 онд туурга тусгаар төр улсаа эмхлэн байгуулах их үйл хэргийг эхлүүлсэн билээ.

Монголын язгууртан ноёдын санаачилсан энэхүү тэмцэл мухардалд орж гацахад МАН 1921 онд гардан авч,ард олныхоо дэмжлэгтэйгээр үргэлжлүүлсэн түүхтэй.

Ингэснээр хоёр зууныг дамнасан, монгол үндэстний хүсэл мөрөөдлийн оргил болох тусгаар тогтнолыг бодитоор авчирч үр хойчдоо үлдээсэн юм.

Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүх эхлэхдээ амжилтад хүрэх магадлал тун бага, нугачаа, бартаатай байсныг өнөөгийн бид мартах ёсгүй.

Бүтэн зууны тэртээх үйл явцын дүнд олдсон болохоор өнөөгийн зарим төлөөлөл тусгаар тогтнолын ач холбогдлыг түүхэнд болоод л өнгөрдөг олон мянган ердийн өрнөлийн нэг төдийхөнд бодож, хаачих ч үгүй хаяанд байж л байсан, цаашид ч зүгээр байж л байх, тиймээс цагийн аясаар алсран гандах ухагдахуун мэт үл тоомсорлож, дутуу үнэлэх тохиолдол ажиглагддаг. Ялангуяа өнөөгийн улс төрийн өрсөлдөөний улайрал, нөлөөн дор МАН-ын энэ тэмцэлд гүйцэтгэсэн үүргийг бүдгэрүүлэхийн тулд тэртэй тэргүй нуран унаж байсан гүрнээс бараг аяндаа салан тусгаарлачихсан ч юм шиг, Монголын нутаг дээр харийн цэрэг гэх юм бараг байгаагүй ч юм шигээр сурталдах нь бий. Мөн энэ тусгаар тогтнолын тэмцлийг бид зөвхөн өөрийн улсын дотоод өнцгөөсөө харж ач холбогдлыг нь дэнслэх явдал ч түгээмэл байдаг. Мэдээж манай тусгаар тогтнолын тэмцэл нэн тэргүүнд Монголынхоо түүхэнд л онцгой чухал ач холбогдолтой нь тодорхой. Гэхдээ энэ үйл явц бүсийн мөн дэлхийн түүхийн өрнөл өөрчлөлттэй бас салшгүй холбоотой харилцан нөлөөлөлтэй байсныг тэмдэглэх нь зүйтэй.

ХХ зууны эхэн үеийн манай бүс нутгийн онцлог, хүчний харилцааны байдлыг цогцоор нь авч үзвээс манай улс тусгаар тогтнох боломж, магадлал байхгүйтэй адил хэмжээнд байсан гэж хэлж болох. Учир нь Зүүн Хойд болон Төв Азийн бүс нутагт Орос, Хятад, Японы эзэнт гүрэн гэсэн ердөө гуравхан улс л байсан юм. Эдгээр нь зүгээр улсууд биш, харин тухайн үеийн гүрэн улсууд байв.

ХХ зууны эхэн үед эзэнт гүрнүүдийн хувьд Макиавелли, Рохау нарын тодорхойлсноор “реалполитик” буюу хүчинд суурилсан, ашиг хонжоо, хүйтэн тооцоог дээдэлсэн, бодлого олон улсын харилцааны ердийн л норм, хэм хэмжээ байсан юм. Тиймээс эдгээр шинэ, хуучин том гүрнүүд жижиг ард түмэн, шинэ газар нутгийг эзлэн эрхшээж газар нутгаа тэлэх, байгалийн болон ажиллах хүчний нөөцөө нэмэхийг илт зорьж, өрсөлдөн уралддаг байлаа. Ийм нөхцөлд энэ орон зайд шинэ улс түрэн гарч ирнэ гэдэг магадлал тун бага байсан нь ойлгомжтой.

20 гаруй сая хүний амь насыг авч одсон Дэлхийн нэгдүгээр дайн дуусаад удаагүй байсан тухайн үед жижиг ард түмний тэмцлийн манлайлагчдыг байтугай бүтэн улс үндэстнээр нь зэвсэглэн харгисласан ч онцгой жигшүүр дагуулдаггүй байв. Тэгэх тусмаа ид бяр нь сууж, шинэ түрэмгийлэл эхлүүлж, хүч сүрээ бүс нутагтаа гайхуулж байсан тухайн үеийн Японоос дөрөв дахин том газар нутгийг эзэмдсэн хэрнээ Их наран улсын иргэдээс даруй 100 гаруй дахин цөөн хүн амтай тусгаар улсыг цогцлуулахыг зөвшөөрнө гэдэг өдрийн од харахтай адил бүтэшгүй үйл хэрэг байсан юм. Тэгээд ч дээрх гурван гүрэн аж үйлдвэржилтийнхээ шатанд тус тусын түвшиндээ өөр өөрийн аясаар ороод эхэлсэн, санхүү, цэрэг зэвсгийн гээд хөгжлийн үзүүлэлтүүдээрээ Монголоос зуун давсан хол хөгжилтэй байсан. Тиймээс нэг нэгнийгээ эзэлж гурван тоглогчоос бүрдсэн бүс нутгийг хоёр тэр бүү хэл нэг гоцлон тоглогчтой систем рүү шилжүүлэх гэж өрсөлдөж байсан гүрнүүд дундаасаа хоцрогдсон буурай, зөвхөн мал аж ахуйд суурилсан амьдралын хэв маягтай улс төрийн нэгэн шинэ тусгаар тогтносон субьектийг гаргачихаад гуравтын тогтолцоогоо дөрөвтийнх болгоно гэдэгтэй мэдээж эвлэрэхээргүй л байсан.

Тусгаар тогтнол гэдэг бол олон улсын эрх зүйн үүднээсээ дотоод тэмцэл түлхэлтийн зэрэгцээ гадаад хүлээн зөвшөөрөлт заавал шаардсан ойлголт байдаг. Тиймээс бид хүсэхийн зэрэгцээ тэд зөвшөөрөх нь чухал. 1911 онд эхэлсэн Тусгаар тогтнох гэсэн оролдлого бүтэлгүйтсэн нь тусгаар тогтнох тэмцлийг үр дүнд хүргэх ямар хэцүү болохыг харуулсан юм. Энэ утгаараа 1921 онд сэргээсэн тусгаар тогтнолын төлөөх бодит үр дүн бүхий МАН, Монголын ард түмний тэмцэл бол зөвхөн Монгол Улсын түүхэн хувьсгал байгаад зогсохгүй, мөн бүс нутгийн нэгэнт бүрэлдэн тогтчихсон байсан улс төрийн газрын зургийг тэрслэн өөрчлөх эхлэлийг тавьсан дорно зүгийн хувьсгал байсан юм. Манай улс байгуулагдсанаас хойш Зүүн Хойд болон Төв Азийн бүс дэх өнөөгийн 11 улсаас дийлэнх нь (Дэлхийн хоёрдугаар дайн болон Хүйтэн дайны төгсгөлийн дүнд) үүсэн бий болсон билээ.

Монгол Улс тусгаар тогтнолоо олсны дараагаар манайхныг эхэн үедээ ганцхан Зөвлөлт Холбоот улс хүлээн зөвшөөрч байлаа. Хэрэв 1911 оны хөдөлгөөн манай бүрэн тусгаар тогтнолыг дэмжсэн гадны ганц ч оронгүй байснаас болж цөхрөн унтарсан бол 1921 онд нэг ч гэсэн дэмжигчтэй болсон нь гол ахиц байсан юм. Тухайн үед дэлхийд 70 орчим улс орон байсан бөгөөд тэдгээрийн ганцаас бусад нь бүгд манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй. Биднийг дэмжсэн ганц маань ч эргэлзэж тээнэгэлзэх үе байсныг 1924 оны Орос, Хятадын гэрээ сануулдаг. Хамгийн гол нь монголчууд бид өөрсдөө цаашаа байсан бүх дэлхийг наашаа эргүүлэхийн төлөө 40 жил цуцашгүй (эхлээд хойд хөршийн хамт дараа нь социалист орнуудын хамт )тэмцэж ажиллаж байж 1961 онд НҮБ-ын Бүрэн эрхт гишүүн болсноор манай тусгаар тогтнол эргэж буцахааргүй (de jure) үр дүнд эцэслэн хүрсэн юм.

Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын гишүүн 193 орны ганцаас бусад бүх гишүүддээ дипломат харилцаа тогтоож, хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ гээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын таван гишүүн орны дийлэнхтэй нь стратегийн түнш болоод байгааг МАН-ын дарга У.Хүрэлсүх саяхан тэмдэглэсэн Монгол Улсад улс төрийн нам үүсч хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ дурдсан. Өөрөөр хэлбэл, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын хувьд Монгол Улс геополитикийн тэнцвэртэй, аюулгүй, орчинд оршин тогтнож байна гэсэн үг. Иймээс хийсвэр, хэтрүүлсэн, дотоод улс төрийн шинж чанартай, хийрхэлд түрэгдэн, айдас хүйдэст хөтлөгдөн амьдрах шаардлагагүй юм.

Шууд заналхийлэл байхгүй, байх магадлал тун бага энэ цаг үед тодорхой эрүүл болгоомжлол, эрсдэлийг урьдчилан тооцох, урт хугацааны бодлого бүхий нээлттэй хамтын ажиллагааг дэлхий нийттэй Монгол Улс өрнүүлж ажиллах нь оновчтой. Хөгжсөн эдийн засагтай, хөрөнгөжсөн эрх чөлөөт иргэнтэй хоцрогдолгүй улсыг бий болгох нь 21 дүгээр зууны аюулгүй байдлын хамгийн том баталгаа болох юм. Ингэхийн тулд дэлхийн хамтын нийгэмлэгтэй өрнүүлэх, нээлттэй хамтын ажиллагаа нэн чухал. Дэлхийгүйгээр дангаараа дотроосоо хөгжсөн улсыг монголчууд байгуулах боломжгүй, үүнийг Манж Чин улсын үеийн Монголын тусгаарлагдсан ганцаардлын түүх тодорхой харуулдаг.

Өнөөдөр дэлхий дээр тусгаар тогтнолоо олох гэж олон арав, бүр зуун жилээр ч тэмцэж буй ард түмэн, үндэстэн өнөө хэр нь олон бий. Харин манай тэмцэл ийм хувь заяаг тойрч амжилтад хүрснийг гайхан сонирхдог нэгэн байхад, бүр аз төдийд тооцон доошлуулдаг зарим монголчууд ч байдаг. Гэхдээ бидний амжилтын гол нь объектив шалтгаантай бөгөөд тэдгээр нь дараах зүйлд оршдог.

Их хаан Эзэн Чингисээс улбаатай төрт ёсны уламжлал, түүхийн ой санамж

Улс орнуудын ашиг сонирхлын зөрчлийг түүнээс үүдэх боломжийг ашиглах нүүдэлчдийн түүхэн туршлага

Эрс тэс уур амьсгалтай, онгон дагшин уудам газар нутаг

Бусдаас ялгарах хэл соёл, амьдралын хэв маяг, уламжлал

Үхэхээс үл айх эрх чөлөөний төлөө тэмцэх сэтгэлтэй ард олон, тэднийг манлайлагчдын хатан зориг гэх зэрэг болно.

Эдгээр хүчин зүйлсийг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний хоёр дахь давлагааг манлайлахдаа МАН чадварлаг хийснээр монголчууд бид бодит үр дүнд хүрсэн юм.

ДОРНЫН УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭНЭЭС ТАТГАЛЗСАН ДӨРВӨН УЛСЫН НЭГ БОЛОВ

Нэгэнт тусгаар тогтнолоо олсны дараа бид төр улсаа эмхлэн байгуулахдаа эхлээд дорнын улс орнуудын тогтсон жишгийг даган хэмжээт эрхтэй ч Хаант засгийн тогтолцоог сонгосон байдаг. Тухайн үеийн дэлхийг донсолгосон хувьсгал, эрс өөрчлөлтийн уур амьсгал хаад ноёдыг халж, хатуу ширүүн цээрлүүлж, гадуурхах хандлага руу хөтөлж байхад МАН, Ардын засаг энэхүү догшин жишгээс зайлсхийж Богд хаанаа төрийн тэргүүнээр залж, өндөр сэнтийд нь өөдлөн тэнгэрт дэвших хүртэл нь үлдээх хүлээцтэй сонголтыг хийснээрээ онцлог ялгаралтай байсан юм. Харин 1924 онд бид Бүгд найрамдах улсаа тунхагласнаар дорнын улс төрийн сэтгэлгээ, төрт ёсны уламжлал зонхилсон өөрийн өргөн уудам бүс нутагтаа ийм засаглалыг сонгосон эхний дөрвөн улсын нэг болсон юм. Зүүн Хойд Ази болон Төв Азийн бүс нутгуудад орших бүгд найрамдах улсуудын 70 орчим хувь нь энэ сонголтоо манай улсаас хойш хийсэн байдаг. Чингэснээрээ бид мөн л бүс нутагтаа төр засах уламжлалт сэтгэлгээ, жишгийг шийдэмгий өөрчлөх хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж ирсэн.

Монголчууд бидний тусгаар тогтнолын тэмцэлд бид бүс нутгийн болон дэлхийн дайн тулаанд орох цагт нь орж, цэл залуу цэрэг эрсийнхээ халуун амь, бүлээн цусыг өргөх цагт нь өргөж явсан. Өмнөд хөршөө чөлөөлөх дайнд нийт хүн амынхаа цэрэгт явах насанд хүрсэн бүх эрчүүдийн тоотой тэнцэх армийг дайчлан хөдөлгөж, улмаар Дэлхийн хоёрдугаар дайнд цэг тавилцаж явсан билээ. Ингэснээр бүсийн түвшиндээ нөхдийн хүрээгээ аажмаар тэлж, хүнд хэцүү цагт найдвартай анд шиг анд байж, чадлаараа туслан дэмждэг хариуцлагатай түнш гэдгээ нөхдөдөө баттай ойлгуулж чадсан юм. Дэлхийн түүхийг өөрчилсөн, хүн төрөлхтнийг цөмийн зэвсгийн эринд шилжүүлсэн энэхүү дайны эхний дохио болсон салхинд ч, эцсийн шуурга болсон тулалдаанд ч оролцож энхийг авчралцсан орны хувьд цаашид Дэлхийн хоёрдугаар дайн дууссан есдүгээр сарын 2-ны өдрийг хүн төрөлхтөн дайн хэмээх хөнөөлт ухагдахууныг оюун санаандаа халж, түүнийг ялсан өдөр болгон олон улсын хэмжээнд тэмдэглэдэг болгох саналыг МАН-ын дарга У.Хүрэлсүх намын баярынхаа үгэнд дурдсан нь чухал ач холбогдолтой юм. Өнөөг хүртэл хүн төрөлхтөн аливаа дайны эцсийг нэг нь ялж, нөгөө нь ялагдсан агуулгаар нь тэмдэглэсээр ирсэн. Гэтэл дайн хэмээх хөнөөлт хэнээрхлээс ангижирснаар ялсан нь ч, ялагдсан нь ч ялдаг болохыг 1945 оноос хойших дэлхийн эдийн засгийн үсрэнгүй хөгжилд тодхаруулна.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд ч бид худалдаа, хөрөнгө оруулалтын голлох түнш улсуудтайгаа стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Японтой байгуулсан чөлөөт худалдааг хөгжүүлэх Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Энэтхэгтэй босгож буй газрын тосны үйлдвэр бүгд Монгол Улсын хөгжлийн стратегид нэн чухал ач холбогдолтой нь тодорхой. Мөн хоёр хөршийг холбосон эдийн засгийн коридор, түүгээр баригдах хийн хоолой, эрчим хүчний транзит шугам, төмөр замын тээвэр Монгол Улсын үйлчилгээний худалдаа, экспортыг эрс нэмэгдүүлэх бололцоо, потенциалтай гэдгийг бүгд харж байна.

Эдүгээ бид НҮБ-ын гишүүн орнуудын 75 хувьтай 13 орчим тэрбум долларын худалдаа хийж байна. Манай экспорт сүүлийн таван жил эрчимтэй өссөний дүнд гадаад худалдаа дурдсан хугацаанд ашигтай байлаа. Энэ нь улс орны хөгжлийн томоохон төслүүдийг гадаадын зээл тусламжийн гар харахгүй санхүүжүүлэхэд цар тахлын үеийн урьдчилан тооцолох боломжгүй эрсдлүүдийг давахад нэн тустай байсныг тэмдэглэх хэрэгтэй. Цаашдаа нэгэнт гаргасан энэ хандлагыг улам лавшруулж, улс орны эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах болно. Гэхдээ экспортоо төрөлжүүлж уул уурхай, түүхий эдийн давамгайллаас ангижруулах нь чухал.

ЗЭТ, АЛЬФА ҮЕИЙНХНИЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ БОДЛОГОТОЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

Сүүлийн 30 жилийн хугацаанд манай улсад оруулсан нийт гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ээс хоёр дахин их буюу 29 орчим тэрбум доллартай тэнцэж байна. Энэхүү хөрөнгө оруулалтын дүнд байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн жилд төлж буй татвар манай нийт татварын орлогын 23 хувьтай тэнцдэг. Бид гадаадын хөрөнгө оруулагчдынхаа эгнээг уул уурхайн бус салбарын төлөөллөөр өргөжүүлж хэтэрхий нэг тал руу хэвийсэн хандлагыг цэгцлэх хэрэгтэй.Нөгөө талаасаа бид нээлттэй, авлига хээл хахуульгүй, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэн хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд анхаарч ажиллах нь чухал. Ирээдүйд зэт, альфа үеийнхнийхээ хэрэгцээ хандлагыг тооцоолон шинэ технологийн хөгжлийг урамшуулсан орчин цагийн бодлого, хандлагыг төлөвшүүлэн ажилласнаар энэ чиглэлийн хөрөнгө оруулагчдыг татах нь зайлшгүй хэрэгцээ болоод байна.Бид ард иргэдийнхээ амьдрал амьжиргааг сайжруулъя гэвэл илүү хурц сэтгэж, гадныхнаас дутахгүй тооцоотой, мэргэн бодолтой байх хэрэгтэй. Мөн макро түвшний бодлого нь сонгуулиас сонгуульд намчирхсан өөрчлөлтөд өртөөд байдаггүй, уужуу сэтгэлгээнд суурилсан залгамж чанартай улс төрийн соёл тогтсоноор өндөр технологийн үйлдвэрлэгчдийн сонирхлыг татах хаалгыг нээж өгөх боломжтой.

Энхийг сахиулах ажиллагаанд олон жил хөөцөлдсөний үр дүнд манай цэргүүд оролцдог болсноос хойш Монгол Улсын нэр хүнд энэ чиглэлд тогтвортой өсч байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх Монголын армиас төрд зүтгэх замналаа эхэлсэн хүнийхээ хувьд Суданд алба хааж байсан цэргүүдээ эргэж очсон удаатай. Тэнд Монгол дайчдын цэргийн эрдмийг НҮБ-ын командлагчид, орон нутгийн цэрэг, цагдаагийнхан чин сэтгэлээсээ үнэлэн ярьж байсныг санаж байна. Мөн огт өөр соёл уламжлалтай орон нутгийн иргэдтэй хүндэтгэлтэй, түүртэхгүй харилцаж, эх монгол хэлээ Судан улсын иргэдийн дунд “мода”-нд оруулсан байсныг хараад “Монгол бахархал”-ын омогшил өөрийн эрхгүй төрж байсан юм. Магадгүй Эзэнт гүрнээс хойш Төв Азийн тал нутгаас олон арван мянган бээрийн тэртээх өөр үндэстэн угсаатны хүмүүс олноороо манай хэлийг сонирхсон анхны тохиолдол ч байж болзошгүй. Энхийг сахиулах үйл ажиллагааны амжилт Монгол Улсын аюулгүй байдлын бэхжилтэд чухал нөлөөтэй гэдгийг энд онцолмоор байна.

Бид далайд гарцгүй орнуудын сургалт, судалгааны олон улсын төвийг Улаанбаатар хотод байгуулсан. Энэ нь далайд гарцгүй дэлхийн 30 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Монгол Улсад төвтэй, НҮБ-ын дэмжлэг дор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын анхны байгууллага юм. Энэ байгууллага нь гишүүн орнууддаа бодлогын дэмжлэг үзүүлж, транзит орнуудын хүнд суртал, саад тотгоруудыг судлан тодруулж хөнгөвчлөхөд анхаардаг байгууллага. Энэ нь манай эдийн засгийн коридорын санаачилгыг үр ашигтай хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой билээ.

Дээрх арга хэмжээ үйл ажиллагааны зэрэгцээ манай гуравдагч хөршийн бодлого дэлхийн хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн, зүй ёсоор үнэлэгдсэн, олон улсын харилцааны онол, практикийн түвшинд шинэлэг ухагдахуун нэмсэн прагматик бодлого болоод байна. Энэхүү бодлогоо манай гадаад бодлогын ерөнхий зарчим болсон нээлттэй, олон тулгуурт, залгамж чанартай уялдуулан хэрэгжүүлснээр бид түншийн хүрээгээ амжилттай тэлэн урагшилж байна.

Эцэст нь дүгнэхэд, 100 жилийн тэртээ ганц андаас эхэлсэн Монгол төрийн “алтан аргамж”-ит гадаад бодлого, дипломат үйл ажиллагаа Монгол Улсыг даян дэлхийтэй холбож, бүх чиглэлийн хамтын ажиллагаагаар ойртуулснаар аюулгүй байдлыг нь баталгаажуулж, хөгжил цэцэглэлийг нь тэтгэн дэмжсээр ирэх зууныг чиглэн дэвшил өөд урагшилж байна.

2021.3.22

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *