Categories
мэдээ нийгэм цаг-үе

​ТҮҮХИЙН ХУУДАСНАА: 1921 оны 3 сарын 18

Монгол Ардын Журамт цэрэг Нийслэл хүрээнд орж ирж буй нь.

1919 онд Оросын консулын сургуулийн багш Догсомын Бодоо Консулын дэнжийн нууц бүлгэмийг, гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Консулын бүлгэмд Х.Чойбалсан, Д.Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамьян, лам Д.Лосол, Жигмиддорж зэрэг хүмүүс байсан бол Зүүн хүрээний нууц бүлгэмд Цэргийн яамны түшмэл Д.Догсом, Магсаржав хурцын Дугаржав, Д.Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс байжээ. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын дарангуйлал, феодализмыг эсэргүүцэн ухуулах хуудсууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ. Бодоогийн холбоо тогтоосон большевик оросуудаар дамжуулан уулзсан Коминтерны хэсэг төлөөлөгчид нууц бүлгэмийнхэнд Зөвлөлт Орос улс руу очиж тусламж хүсэхийг зөвлөсөн байна.

1920 оны 6-р сарын 25-ны хурлаар Монгол Ардын Нам гэж нэрийдэж Анхны долоо Зөвлөлт Орос улс руу явахаар болжээ.1920 оны 7-р сарын эхээр Данзан, Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн ба уг сарын дундуур Бодоо, Чагдаржав нар араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Богд хааны тамгатай бичгийг Далай лам Пунцагдоржийн тусламжтайгаар олж аван Сүхбаатар, Лосол, Догсом нар 7-р сарын эцсээр Орос руу явжээ. 1920 оны 8 сард Ардын намын төлөөлөгчид бүгд Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан байна. 9-р сарын эхээр Данзан, Лосол, Чагдаржав нар Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэн, харин Бодоо, Догсом нар Их Хүрээ луу буцаад иржээ.1921 оны 3-р сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж, Түр засгийн газрыг байгуулан намын даргаар Данзан, Түр засгийн газрын ерөнхий сайдаар Чагдаржав, гадаад хэргийн сайдаар Бодоо, бүх цэргийн жанжнаар Сүхбаатар томилогдсон байна.1921 оны 3-р сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг чөлөөлөх тулааныг хийн уг хотыг эзлэн авчээ. 1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *