Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-ТОДРУУЛГА: Хөл хорионд дахиад жаахан л удсан бол дампуурахад ойрхон байлаа

Коронавируст цар тахал дэгдснээс үүдэн манай улсад хөл хорионы дэглэм тогтоож, аж ахуйн нэгж байгууллагууд олон сар хаалгаа барьсан билээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхлэн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг нээсэнтэй холбогдуулан хувиараа бизнес эрхлэгчидтэй холбогдон, өнөөгийн нөхцөл байдлыг тодрууллаа.

“Монкек бейкери” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Ундрам:

-Манай компани бялуу, бейкери үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлээд 16 жил болох хугацаанд анх удаагаа ийм хямралтай нүүр тулж байна. Бидний хамгийн их ойлгосон зүйл бол манай улс үйлдвэрлэгч орон биш учраас гаднаас шууд хамааралтай юм байна. Тортны хамгийн гол түүхий эд болох өндөг нэг хэсэг олдохгүй үйлдвэрлэл доголдож, супермаркетуудад жилийн гэрээтэй байдаг нийлүүлэлт тасалдахад хүрч байсан.

Дээр нь хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өссөн. 4200 төгрөгөөр авдаг байсан крем гэхэд 6500 төгрөг болж нэмэгдсэн. Түүхий эдийн зардал өссөн ч иргэдийн худалдан авах чадвар муудсан хүнд үед үнээ нэмэх арга байхгүй алдагдалтай шахуу ажиллах үе байна. Манайх 62 хүнийг ажлын байраар хангадаг.

Хэдийгээр хэцүү байгаа ч ажилчдыгаа хэнийг нь гэж халах вэ дээ. Хэрвээ хөл хорионд дахиад жаахан л удсан бол дампуурахад ойрхон байлаа. Дахиад хөл хорио тогтоовол аж ахуй нэгжүүд үнэндээ тэсэхгүй. Болно доо, сайхан цаг ирнэ гэсэн итгэл үнэмшлээр болгоод явж байгаа олон захирлууд байгаа байх.

Одоо засгаас олгож байгаа зээлд хамрагдахаар хүсэлтээ өгчихсөн байна.

“Молор ХХК”-ийн менежер А.Ариунтунгалаг:

-Манайх ресторан, кофе шоп гэсэн хоёр чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 100 хувь үйлчилгээний бизнес. Цар тахал, хөл хорионд хамгийн их өртсөн салбар гэж болно. Энэ хугацаанд олон сар хаалгаа барьсан ч ажлаа байраа хадгалж үлдэхийг, 180 гаруй ажилчдыгаа нэгийг нь ч цомхотгохгүй байхыг хичээж бүтэн жил гаруйн хугацаа өнгөрлөө. Хөл хорионд орсон олон сар ажилчдынхаа цалингийнх нь тавин хувийг олгож байсан. Мэдээж бүх л бизнесүүд банкнаас их хэмжээний зээл авч үйл ажиллагаандаа хэрэглэдэг. Гэтэл үйл ажиллагаа зогссон байхад хамгийн хэцүү нь банкны хүү юм байна. Түүнчлэн хөл хориог хэсэгхэн нээгээд, буцаад хорьчихдог төр засгийн ойлгомжгүй шийдвэрүүдээс болж их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн муудах эрсдэл үүссэн.

Саяхнаас үйл ажиллагаа нээсэн ч өмнөх шигээ олон хүн цуглах хориотой болохоор захиалга орж ирэх нь багассан. Мөн Мэргэжлийн хяналтын шалгалт гэдэг бизнес эрхлэгчдийн хувьд хүнд сурталтай хамгийн хэцүү асуудал болж хувирдаг.

“Young Rich bubble” ХХК-ний захирал С.Түмэннассан:

-Хоёрдугаар сарын 23-наас хорио суларч, нээгдсэн боловч урьдных шигээ хэвийн байдалдаа ороогүй л байна. Нэг талаас иргэдийн худалдан авах чадвар муудсаных гэж харж байна. ковидын үед гурван сар хаалгаа барьсан. Манайх 2018 онд байгуулагдаж, bubble tea гаргаж эхэлсэн. Ихэнх үйлчлүүлэгчид маань залуучууд болон сурагчид байдаг. Тиймээс карантины үед хөл хөдөлгөөн эрс багассан нь борлуулалт буурахад нөлөөлж байна. Төрөөс цахилгаан, дулааны мөнгийг тэглэсэн нь бага ч болов нэмэр болж байгаа. Бид нар дотоодоосоо авдаг түүхий эд гэвэл сүү л байгаа. Тэрнээс бусдыг нь бүгдийг гаднаас авдаг.

Өнгөрсөн жил гэхэд бид нар нэг шуудай элсэн чихрийг 65 мянган төгрөгөөр авдаг байсан. Одоо тэгтэл 105 мянган төгрөг болчихсон байх жишээтэй. Хүн хоорондын зай хоёр метр байхаар зааж өгсөн болохоор сандал, ширээгээ хураасан. Тиймээс сууж үйлчлүүлэх хүний тоо төдий чинээ багасна гэсэн үг. Өнгөрсөн жил авсан зээлүүдээ ерөнхийд нь дараад, үүсгэсэн хуримтлалаараа явж байгаа ч одоогоор яг ашигтай ажиллаж байна гэж хэлэхэд хэцүү. Төрөөс зарласан зээлийг авахаар хөөцөлдөж, хүсэлтээ өгсөн байгаа. Банкууд нь хэлэлцээд шийднэ гэсэн.

“Цахим худалдаа” ХХК-ийн захирал Л.Дагвасүрэн:

Манай компани www.tsetseg.mn гэх цэцэг хүргэлтийн үйлчилгээ эрхлээд таван жил болж байна. Ковидын үед хамгийн эмзэг бизнесийн нэг боллоо. Амьд цэцгийн хадгалах хугацаа богино учраас тээвэрлэлт, борлуулагдах хугацаа хамгийн чухал байдаг.

Цэцэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн биш болохоор хүмүүс голдуу тэмдэглэлт баярынхаа үеэр худалдаж авдаг. Тиймээс иргэдийн амьжиргаа муудахын хэрээр борлуулалт буурна. Саяхан нэгдүгээр сард хил дээр ачаанууд гацах үеэр захиалсан олон зуун цэцэг үхэж, алдагдал хүлээсэн. “Үнэгүй аваарай” гээд цэцгийн лангуугаа буулгаж байгаа зураг фейсбүүк дээр явж байгаа харагдсан. Тэгэхээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад газрууд ч бас адилхан байгаа болов уу.

Ч.Биндэръяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *