Categories
мэдээ улс-төр

Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даалгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даалгалаа.

Сан байгуулснаар байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ.Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ, ипотек, хөрөнгийн зах зээл, арилжааны банкинд байршуулах, боловсролын зээл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг энэ сангаас авах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болов. Ингэснээр нүүрс, бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ хэвийн хэмжээнд хүрэх, цаашид өсөн нэмэгдэхэд чухал нэмэртэй гэж үзлээ.

-“Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер”-ын Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт кластер байгуулахаар төлөвлөж байна. Энд биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи зэрэг тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны төв байрлах бөгөөд 3,000 гаруй эрдэмтэн судлаач, ажилтан ажиллах юм.

-“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г баталлаа. Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа хаягдал усны эх үүсвэр, шинж чанарыг тодорхойлж, мэдээллийн сан бий болгох, үйлдвэрүүдэд хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж, тоног төхөөрөмж суурилуулахад дэмжлэг үзүүлэх, арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэх хүртэл Харгиа цэвэрлэх байгууламжийг хэвийн ажиллуулах, усыг дахин ашиглах, хяналт, зохицуулалттай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажил хийхээр төлөвлөгөөнд тусгажээ.

– “Монгол соёл, Монгол баялаг” стратеги төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болов. Соёлын яам төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол хүн, монгол бүтээлийг дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор төсөл боловсруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *