УИХ–ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.
–Манай улс дотооддоо ковидын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлээд явж байна. Нийгэмд вакцинтай холбоотой ойлголт янз бүр байна л даа. Вакцин нь баталгаатай, аюулгүй эсэх, гаж нөлөө нь юу вэ гэх зэргээр иргэдийн дунд эргэлзээ их байх шиг. Коронавирусийн эсрэг вакцины талаар та байр сууриа илэрхийлээч?
-“Ковид-19” шинэ халдвар учраас дэлхий даяар хүн төрөлхтөн дунд хамгаалах тогтолцоо бий болоогүй. Тиймээс нэг дор олон хүн өвдөж, эрүүл мэндийн салбарт асар том ачаа хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Энэ эрсдэлийг давах цорын ганц арга бол дархлаажуулалт. Дархлаажуулалт хийж чадахгүй байх юм бол ковид маш удаан үргэлжилнэ. Хэрвээ анагаахын шинжлэх ухааны ололт байхгүй байсан бол энэ хэвээрээ дор хаяж 20, 30 жил үргэлжлэх аюултай. Үүний нэг тод жишээ, “Испани ханиад” нэртэй халдвар 1914 онд эхлээд 1918 он хүртэл дөрвөн жил үргэлжилсэн. Технологи хурдацтай хөгжиж, вакцины судалгаа шинжилгээ бүтэн нэг жилийн турш өрнөж вакцин бэлэн болчихлоо. Энэ бол анагаах ухааны шинжлэх ухаан ямар хурдтай хөгжсөнийг харуулж буй том илрэл.
Вакцин хийгдсэн байдлыг харахад нано технологи ашигласан байгаа юм. Зах зээл дээр үндсэндээ гурван төрлийн вакцин байна. Нэгдүгээрт, мэдээллийн РНХ-г шууд генийн инженерчлэлээр үйлдвэрлээд өөхөн бүрхүүлээр хучаад хүн рүү хийж буй вакцин. Энэ бол нано технологи. Мэдээллийн РНХ гэдэг нь гадаргуугийн уургийг үйлдвэрлэх мэдээллийг хүний өөрийнх нь эсэд орж бэлэн мэдээлэл аваачиж өгч үүгээр нь уургийг үйлдвэрлээд дархлаа үүсч байгаа юм. Хоёр дахь нь мэдээллийн РНХ кодыг хийдэг ДНХ нь хүнд байдаг вируст суулгаад наагаад дотор нь оруулаад хүний бие рүү оруулж өгч байгаа юм. Гуравдугаарт, ориг вирусийг өөрийг нь үржих чадваргүй, хоруу чанаргүй болгоод хүний бие рүү шууд хийдэг. Хамгийн эхний мэдээллийн РНХ үйлдвэрлэдэг нь prizer, moderna вакцин. Хоёр дахь нь хүнд байдаг вирус дотор гадаргуугийн уураг үйлдвэрлэх ДНХ хийж байгаа юм. ДНХ нь РНХ бий болгоод РНХ гаар дамжуулаад уургаа үйлдвэрлэж байгаа юм. Энэ арга бол Astrazeneca, Sputnik вакцин. Гурав дахь нь Хятад улсын хийж байгаа вакцин. Хятад улсын хийж байгаа вакцин уламжлалт аргаар вирусийг нь идэвхгүй болгоод хүний биед хийж байна. Astrazeneca бас уламжлалт арга. Энэ бол байдаг технологи. Вакцины хөгжил маш том нарийн шалгуураар явагддаг. Эхлээд лаборатори дээр амьтанд хийж үзнэ. Амьтанд гаж нөлөө байгаа эсэхийг үзнэ. Дараа нь сайн дурын оролцогчдыг хамрагдахыг уриална. Хоёр дахь шатны судалгаагаар хүний биед хэрхэн дархлаа үүсч байгааг хардаг. Гурав дахь шатны судалгаанд 30-40 мянган хүнд хийж үзнэ. Ингэж байж зах зээлд гаргадаг. Үүнийг харж байж эмийн агентлаг, олон улсын байгууллага хүлээн зөвшөөрсний дараа асар их том хяналт дундуур явж байж вакцин гардаг юм. Вакцины дөрөв дэх шат гэж бий. Олон нийтэд хийдэг болчихлоо. Тэгвэл хүүхдүүдэд хийх эсэхийг шийддэг. Өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй 70 гаруй орон коронавирусийн вакцинжуулалтад хамрагдаад явж байна. Буурай хөгжилтэй 130 орон вакцинд хамрагдаагүй байна. Харин Монгол Улс вакцинжуулалтаа хийгээд явж байгаа нь сайн зүйл.
–Иргэдийн дунд вакциныг маш шуурхай хугацаанд гаргасан учраас алсын үр дүн ямар байхыг мэдэхгүй байна гэх зовнил байна лээ.
-Энэ бүх вакцин бүгд аюулгүй. Генийн өөрчлөлт оруулах зүйлгүй. Генийн инженерчлэлийн гаж нөлөөгүй. Дэлхий даяар вакцин хийлгэж байгаа. Олдсоныг нь хийлгэе гэдэг тактик бид барих ёстой. Вакцины үйлдвэрлэл, захиалга дэлхийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Бид нийт хүн амынхаа дархлаажуулалтыг 60 хувиас дээш хэрхэн хамрагдуулах вэ гэдэгт голлон анхаарч байна. Вакцинд хамрагдаж хийлгэх нь хамгаас чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.
–Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн хэрэгжилт өнөөдрөөс эхэлж байна. Даатгалын тухай хуульд ямар шинэчлэлт, өөрчлөлт тусгагдсан талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-2020 оны наймдугаар сарын 28-нд УИХ ээлжит бус чуулганаараа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлийг хийж чадсан. Энэ бол эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хамгийн гол түлхүүр ажил боллоо. 2019 онд Сангийн яамыг тэргүүлж байсан Ч.Хүрэлбаатар гишүүн энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөд онцгой анхаарч ажилласан. Санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх тал дээр бүтэн баг ажилласан. Бүтэн жилийн судалгаагаар бид юу юуг өөрчилж байж 3.3 сая хүндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүгийн дарамтгүй, төвлөрөл оочир дараалалгүй, чанартай хүргэх зорилгыг биелүүлэх гаргалгааг гаргаж ирсэн. Даатгалын хуулийг өөрчлөх саналыг Засгийн газар өргөн барьсан. Миний бие ажлын хэсгийг нь ахлаад ажиллалаа. Нэн тэргүүнд төр иргэддээ үзүүлэх эрүүл мэндийн олон тусламжийг даана гэж хэлдэг. Энэ бүхэн амьдрал дээр биелэлээ олж байна уу, бодитой дааж байна уу, яг юу юуг нь дааж байна. Тэр нь чанартай болж чадаж байна уу. Мөнгө нь хүрэлцээтэй байгаа эсэхийг цогцоор нь шийдэж байгаа нь том давуу тал. Бага насны хүүхдүүдийн өвчлөлийн эрүүл мэндийн төлбөр тооцоог төр даана гэдэг. Ингээд ЭХЭМҮТ дээр төсвөөс татаас өгчихдөг. Хэдэн хүнийг эмчилж байна, мөнгө санхүү нь хүрч байгаа эсэх нь огт хамааралгүй явж ирлээ. Одоо төр дааж байгаа тусламж үйлчилгээг даатгалын санд өгчихөж байгаа юм. Даатгалын сангаар дамжуулж худалдан авах гэж байна.
–Тэгэхээр төрөөс даадаг үйлчилгээг даатгалын сангаар хэрэгжүүлнэ гэсэн үг үү?
-2021 оны төсөвт 580 тэрбум төгрөгийг даатгалын санд оруулаад төр дааж байгаа тусламж үйлчилгээг үүгээр худалдаж авч үзүүлээрэй гээд өгдөг болчихож байгаа юм. Төр дааж байгаа тусламж үйлчилгээ дотор жирэмсэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барихын тусламж үйлчилгээ байна. Жирэмсний үед заавал дүүргийн эмнэлэг дээр хяналтад явдаг. Битүү оочертой байдгийг хүмүүс мэдэх байх. Хувийн эмнэлэгт хяналтад оръё гэхээр төлбөртэй. Энэ хуулийн өөрчлөлтөөр дурийн эмнэлэгтээ жирэмсний хяналтад ордог болно. Таныг хянасны төлбөр гэж төр даатгалын байгууллагаар дамжуулж мөнгийг нь өгөх гэж байна. Хувийн байгууллага тав тухын төлөө таван хувийг нэмж магадгүй. Үндсэн том төлбөрийг улсын эмнэлэг ч бай, хувийн эмнэлэг ч бай хамаагүй өгдөг болно. Түүнчлэн хавдар, яаралтай тусламж, түргэн тусламжуудыг төр даана гэдэг. Тэгвэл төр даана гэдгээ илүү бодитой болгоё гэж байгаа юм. 2021 онд төр дааж байгаа тусламж үйлчилгээгээ хичнээн хүнийг, хэдэн төгрөгөөр даасан гэдэг тоо гараад ирнэ. Хавдрыг төр дааж байна гээд Хавдар судлалын үндэсний төвд төсвийг нь өгчихдөг. Тэнд мөнгө нь хүрч байгаа эсэх нь хамааралгүй мэт байлаа. Одоо улсын эмнэлгээс гадна хувийн эмнэлгүүд ажиллаад эхлэхээр өрсөлдөөн бий болно. Та тэр байгууллагын санхүүжүүлэгч болж байгаа юм. Тиймээс иргэн бүрийг хайрлаж эмчилнэ. Салбар дотор өмчлөлөөс үл хамааран өрсөлдөөн бий болж байгаа юм. Үнийн өрсөлдөөн биш, үйлчилгээний чанарын төлөөх өрсөлдөөн. Энэ бол чухал том алхам шүү. Үүнийг стратегийн худалдан авалт гэж нэрлээд байгаа юм. Хуучин эмнэлэгт нь төрөөс, даатгалаас мөнгө өгчихдөг. Хоёр талаас мөнгө ороод ирдэг байсан. Одоо бол орц нь жигд болох гэж байна. Төрийн өмчлөлөөс үл хамааран төр дааж байгаа тусламж үйлчилгээгээ даатгалаар дамжуулаад ирэхээр иргэд чанартай тусламж авдаг болно. Энэ бол эрүүл мэндийн салбарт гарч байгаа томоохон өөрчлөлт.
–Стратегийн худалдан авалт гэж нэрлээд байгаа шалтгаан нь юу вэ?
-Дам хөрөнгө оруулалт. Эрчимт эмчилгээг өмнө нь төр даана гэж хэлээд нэг төгрөг ч төлдөггүй байсан. Тийм учраас томоохон эмнэлгүүд хүнд өвчтэй хүмүүсийг авах сонирхолгүй. Учир нь эрчимт эмчилгээний төлбөрт тэр эмнэлгийн хамаг төсөв санхүүг уучихдаг. Тиймээс өвчтөнүүдийг бие бие рүүгээ чихдэг. Тийшээ, ийшээ яв гэдэг. Эм дутаад санхүүжилт байхгүй болчихоор ар гэрт нь захидаг. Энэ нь эмнэлэг, иргэдийн хоорондын итгэлцлийг байхгүй болгодог. Одоо тэгвэл эрчимт эмчилгээний тасагт хэвтээд гарсан бол тэр эмнэлэгт дөрвөн сая төгрөг төлнө. Эрчимт эмчилгээг Монголд хөгжүүлэхгүй цаг аль хэдийд болсон. Цар тахлын үед эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй байна гэдэг. Ковидоор 100 хүн өвдлөө гэхэд 20 хүн нь хүнд тусна. 20 хүнээс дөрөв нь эрчимт эмчилгээнд хэвтэнэ. Одоо манайд эрчимт эмчилгээний 1000 ор бэлдчихсэн байна. Даатгалаас мөнгө олгоод ирэхээр одоо эмнэлэг бүр эрчимт ороо нэмэх нь байна. Стратегийн худалдан авалтын бодлогоор хөгжөөгүй байгаа салбаруудаа хөгжүүлж гаргаж ирэх гэж байна. Яаралтай тусламж гэхэд зөвхөн дуудлаганд 20 км дотор түргэн тусламж очиход даатгалаас 40 мянган төгрөг, 20-70 км дотор 80 мянган төгрөг, 70-350 км дотор 300 мянган төгрөг, 700 км-ээс цааш бол 750 мянган төгрөг өгнө. Тэгэхээр түргэн тусламж илүү хурдан очно. Бид яаралтай түргэн тусламж очиж чадаагүйгээс болж олон иргэнээ алддаг. Өндөр хөгжилтэй оронд зүрхний шигдээсээр хүн амь насаа алдахгүй байна. Түргэн тусламж маш хурдан очиж байна гэсэн үг. Ийм байдлаар түргэн тусламж, яаралтай тусламжаа хөгжүүлье гэж байгаа юм.
–Энэ жил эрүүл мэндийн даатгалд хэдий хэмжээний мөнгө төсөвлөгдсөн бэ?
-Хуучин эрүүл мэндийн даатгал 600 тэрбум төгрөгт багтаж үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2021 оны төсөвт 1.2 тэрбум болж өссөн. Эрүүл мэндийн санхүүжилт хязгаартай. Хүсэл бол их. Боломж хязгаартай. Энэ мөнгөндөө хэрхэн зөв зохицуулалт хийж, аль тусламжуудаа илүү сайн болгох вэ гэдэг зорилго тавьж байна. Засгийн газрын эрүүл мэндийн бодлогын үндсэн гурван зорилго бий. Нэгдүгээрт, монгол хүн урт наслах ёстой. Хоёрдугаарт, өвчнөөр бага нас бардаг байх ёстой. Гуравдугаарт, өвдлөө гээд ядуурч болохгүй. Ийм л гурван зорилгын төлөө явж байгаа. Энэ гурван зорилгыг биелүүлэхийн тулд энэ бүх бодлогын бичиг цаас, хууль журам гардаг. Санхүүгийн дарамтгүй болох нэг арга бол энэ хуулийн өөрчлөлт. Хүн оношилгоонд хамгийн их мөнгө зарцуулж байдаг. Компьютер томограф, MRI төлбөрийг даатгал даадаггүй байсан. Тэгвэл одоо үүний 70 хувийг төр даахаар болж байна. Хамтын төлбөртэй хэдий ч бага хэмжээг нь иргэн өөрөө гаргана. Ихэнх нь даатгалын сангаас гарна гэсэн үг. Энэ бол иргэдэд очиж байгаа санхүүгийн дарамтыг бууруулж байгаа хэлбэр. Хорт хавдарын эмчилгээг 100 хувь төр даадаг болчихсон. Даатгалаас санхүүжилтээ хийнэ. Ялангуяа өндөр үнэтэй тусламж үйлчилгээ буюу бай эмчилгээнд нэг удаа ороход 2-4 сая төгрөгийн зардалтай. Хөхний хорт хавдраар өвдсөн хүмүүсийн зардлыг төр даана гэдэг мөртлөө нэг иргэний халааснаас жилдээ 10 гаруй сая төгрөг гардаг. Хавдар судлалын үндэсний төв дээр төсөв өгчихөөд үүгээр бүгдийг даагаарай гэдэг. Нөгөө мөнгө нь хүрдэггүй. Ингээд эмч нар нь буруутай болдог. Даавал даасан шиг даая гэдэг зорилгоор өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангаас 10 тэрбум төгрөгийг зөвхөн бай эмчилгээнд төлөвлөсөн. Иргэдээс мөнгө гаргахгүй. Энэ дээр хамтын төлбөр байхгүй. Нэг ёсондоо 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас даахаар болж байна. Түүнчлэн ходоодны хавдарт 2-16 сая хүртэл төлнө. Иргэнээ дагасан санхүүжилттэй болчихсон учраас эмнэлэг бүр иргэндээ хайртай үйлчилнэ. Өнөөдрөөс эхлэн эмчилгээнд орсон бүх хүмүүсийн төлбөр тооцоо яг шинэ журмаар төлөгдөхөөр бүх бэлтгэл ажлууд нь хийгдсэн. Хуульд өөрчлөлт оруулаад тэр өдрөө сайхан болчихгүй. Болох бүх эрх зүйн хууль нь бэлэн болчихсон. Бэлтгэл ажлууд хариуцсан байгууллагууд нь ажиллаж байна. Гуравдугаар сарын 1-нээс засах залруулах зүйлс мэдээж гарах байх. Улс болон хувийн эмнэлгийн байгууллагууд Даатгалын ерөнхий газраас асар их сургалтууд хийж байна.
–Хүүхдэд зориулагдсан эмчилгээний төлбөрийг төр бодитоор даана гэж байна. Хувийн эмнэлгүүдэд хэрхэн хяналт тавих вэ?
-Эрүүл мэндийн салбарт манлайлалтай, олонд танигдсан Б.Болдсайхан эмчийн “Зүрх мартахгүй” төсөл байна. Зүрхний цоорхойтой хүүхдүүдэд Сонгдо болон Гуравдугаар төв эмнэлэгт мэс засал хийдэг. Одоо энэ зардлыг даатгалын сангаас бүрэн даахаар болж байна. Энэ бол том өөрчлөлт. Эрүүл мэндийн салбарт бид хэт их төвлөрөлтэй байдаг. Жишээ нь, ХСҮТ, ЭХЭМҮТ-д оочер ихтэй. Санхүүжилт нь тэр байгууллагад өгөөд байсан учраас бусад эмнэлгүүд тэр тусламжийг авах сонирхол байхгүй. Өрсөлдөгч байхгүй учраас оочир дараа их. Гэхдээ гуравдугаар сарын 1-нээс бүх эмнэлэг энэ хагалгааг хийдэг болчихгүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвтэй өрсөлдөх гэж байгаа хувийн эмнэлэг байя гэж бодоход шинэ төрлийн эмчилгээ хийж чаддаг баг, тоног төхөөрөмж зэргийг харж байж зөвшөөрөл олгоно. Даатгалын мөнгийг нэмж болно. Сайжруулж болно. Давхар даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж хяналттай байх ёстой. Үүнийг Даатгалын ерөнхий газар хянаад явна.
–Улсын эмнэлэгт менежмэнтийн хувьчлал хийх гэж байна гэдэг. Энэ тал дээр та тайлбар өгөх үү?
-Хувьчлал биш. Улс, дүүргийн эмнэлгүүдийг бие даасан бүтэцтэй болгож байгаа юм. ТУЗ-тэй болно. Тэр эмнэлгүүд нь төсөв тооцоогоо өөрсдөө явуулдаг болох юм. Даатгалаас санхүүжилт өгдөг тогтолцоотой уялдаж ажиллана. Эрүүл мэндийн салбар төсвийн хуулиар захирагдаж ажиллахгүй. Нөхцөл байдалтайгаа уялдаж шаардлагынхаа дагуу төлөөлөн удирдах зөвлөлдөө танилцуулаад явна. Жилийн эцэст аудит ороод шалгалтаа явуулна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн дээд хязгаарыг байхгүй болгосон. Гэхдээ доошоо буухгүй. Эрүүл мэндийн төлбөрийн тогтолцоог маш зөв болгож байгаа гэж ойлгож болно. Хувь, хувьсгалын аль ч эмнэлэг тухайн иргэнийг эдгээж эмчлэхийн төлөө өрсөлддөг, санхүүгийн хямралд оруулахгүй, тосон авч үйлчилдэг шинэ тогтолцоо, шинэ хөшүүрэг ажиллаж эхэллээ.