Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Малын их эмч Х.Бодьсайхан: Улсын хэмжээнд малын гоц халдварт өвчин 49.2 хувиар буурсан үзүүлэлт байна

МЭЕГ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн Х.Бодьсайхантай ярилцлаа.


-Ковидоос өмнө манай улсад малын элдэв халдварт өвчний тархалт эрчимтэй байсан. Цар тахлаас үүдэлтэйгээр хөл хорио тогтоож, хил гааль хаагдсанаас хойш жил гаруй хугацаанд өвчлөл гарсангүй. Энэ нь юутай холбоотой вэ. Магадгүй малын халдварт өвчин тарааж, улмаар халдварын эсрэг вакцинаар хөлждөг бүлэглэл илчлэгдээд байх шиг?

-Сүүлийн хоёр жилд буюу 2019-2020 онд хил даван тархдаг, гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээгүй. Энэ нь олон хүчин зүйлээс хамааралтай. Манай улсад хамгийн сүүлд 1974 онд уг өвчин гарч байсан. Үүнээс хойш 2000 онд дахин сэргэж, улмаар 2020 оныг хүртэл нийт 7-8 жилд уг өвчин гараагүй тайван байжээ. Хонины цэцэг өвчний хувьд улирал харгалзахгүйгээр 2015-2017 онд хамгийн өргөн тархалттай байсан бол шүлхий өвчин 2017-2018 онд хамгийн ихээр тархсан түүх байна. Өвчлөлийн улирал буюу 1-3 дугаар сард эрчимжиж байлаа. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан 2019 оны II хагасаас хойш улсын хэмжээнд дархлаажуулалтын хугацааг нэгэн жигд болгож аравдугаар сард тарьсан нь өвлийн саруудад жигд дархлаатай байлгасан. Улмаар дараагийн ээлжит дархлаажуулалтыг 2020 оны тавдугаар сард жигд зохион байгуулсан нь тодорхой үр дүнгээ өгсөн гэж дүгнэж байгаа. Мөн МЭЕГ-аас өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор шүлхий өвчнөөс сэргийлэх 500,0 мянгаас 1,0 сая тун вакцины нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн малын шилжилт хөдөлгөөн, гарал үүслийг Мал эмнэлгийн нэгдсэн системээр хянадаг болсон нь ихээхэн үр дүнтэй ажил болсон.

-Малын халдварт өвчин бүртгэгдээгүй нь олон хүчин зүйлээс хамаарна хэмээн түрүүн дурдлаа. Энэ талаар тодруулбал?

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 онд УИХ-аар соёрхон баталж, 2018 оны зургадугаар сараас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдаж /МЭЕГ/ мал эмнэлгийн салбар бие даасан нэгдсэн удирдлагатай, босоо тогтолцоотой болсон юм. Улмаар өвчин гарахаас өмнө сэргийлэх вакцины нөөцийг урьдчилан бүрдүүлэх боломжтой болсон. Тодруулбал, хуулиар вакциныг үйлдвэрлэгчээс шууд гэрээ байгуулан авах боломж бүрдсэн гэсэн үг. Мөн шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг 2019 оны II хагасаас хойш нэгэн жигд хугацаатай болгож чадсан. Урьд нь өвчний гаралт, вакцины хүрэлцээ зэргээс хамаараад янз бүрийн хугацаанд тарилга хийсэн байдаг. Энэ нь вакцины дархлаа дуусах хугацааг хянахад хүндрэл үүсгэж байсан. Харин одоо өвчний хэвшилд тохируулан вакцины омгийг үйлдвэрлэгчид шууд захиалан үйлдвэрлэх боломжтой. Тодруулбал, Үйлдвэрлэгчээс гэрээгээр вакциныг авдаг болж нэгж өртгийн хэмжээ буурснаар авах вакцины тоо хэмжээ нэмэгдсэн. Ингээд эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүргийг малын төрлөөр ялгахгүйгээр толгой дараалан дархлаажуулсан. Мөн мал эмнэлгийн арга хэмжээнд хийгддэг үйл ажиллагааны хяналтыг Мал эмнэлгийн салбар өөртөө авсан (Монгол Улсын бүх сумын МЭТ-т мал эмнэлгийн улсын байцаагч ажиллаж байна). Түүнчлэн мал, малын гаралтай бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд Мал эмнэлгийн цахим гэрчилгээ олгох, гэрчилгээний хяналтыг цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэснээр замбараагүй шилжилт хөдөлгөөн багассан. Ингээд зогсохгүй, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар малчдын хүлээх хариуцлагыг тодорхой болгон зааж өгсөн зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан сүүлийн хоёр жил гарангийн хугацаанд малын гоц халдварт өвчний гаралт эрс буурсан. Бид бүхэн аливаа малын өвчлөлийг гарсан үед биш урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцоор нь төлөвлөгөөтэй хийдэг болсон. Жишээ нь, Малын эрүүл мэндийн үзлэг, мал угаалга, туулга, боловсруулалтыг бүх шатандаа амжилттай хэрэгжүүлсэн юм.

-Өвчин дэгдэхээр манай махны экспортыг хаадаг хор хөнөөлтэй шүү дээ. Үүнийг бодохгүйгээр хэсэг бүлэг этгээд хувийн ашиг боддог наймаа байсан уу, эсвэл малчид энэ цаг үед мал аж ахуйд ихээхэн анхаарч байна уу?

-Хил даван тархдаг, гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг 2018 оноос өмнө дотооддоо нээлттэй тендерээр худалдан авч байсан. Энэ нь хугацаа их шаарддаг учраас өвчин гарсны дараа вакцинаа авч өвчнийхөө хойноос нь хөөж дархлаажуулдаг хүндрэлтэй байдлыг үүсгэсэн байж болох талтай. Миний хувьд мал эмнэлгийн салбарын үе үеийн мэргэжилтнүүд нь малын өвчлөлийг бууруулах, зогсоох, мал аж ахуйг зах зээлийн эргэлтэд оруулахын төлөө л ажиллаж ирсэн гэж боддог. Зөвхөн мал эмнэлгийн байгууллага төдийгүй сүүлийн жилүүдэд малчид, иргэд, холбогдох салбарын байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирсан гэж үзэж байгаа. МАЭМХууль болон холбогдох журам, заавраар малчдыг хүлээх үүрэг, хариуцлагыг нэлээд тодорхой болгож өгсөн нь малын гоц халдварт өвчний гаралт буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

-Өмнөх онуудад малын халдварт өвчний тархалт орон нутагт ямар байсан статистик мэдээллийг дурдвал?

-Монгол Улсын хэмжээнд жил бүр 18-21 нэр төрлийн халдварт өвчин гарч, мал, амьтныг өвчлүүлж байдаг. Сүүлийн таван жилийн байдлаар мал, амьтны халдварт өвчнүүдээс зонхилон тохиолддог дотрын халдварт хордлого, цусан халдварт, колибактериоз зэрэг өвчнүүд бүртгэгдэж байгаа бол малаас хүнд дамжин халдварладаг боом, галзуу зэрэг өвчнүүд хангай, хээрийн бүсэд голлон тохиолдож байна. Сүүлийн таван жилийн халдварт өвчний гаралтыг судлан үзэхэд жилд дунджаар 21 аймагт давхардсан тоогоор 660 суманд халдварт өвчний гаралт бүртгэгдэж, 1314 удаагийн гаралтаар 12,0 мянган мал өвчилж, ойролцоогоор 3,0 мянган мал хорогдсон судалгаа байна.

Улсын хэмжээнд 2020 онд 21 аймаг, нийслэлийн 776 сум, дүүрэгт 1105 удаагийн гаралт бүртгэгдэж нийт 21 төрлийн халдварт өвчнөөр 8950 толгой мал, амьтан өвчилсний 28.4 хувь буюу 2548 толгой мал, амьтан хорогдсон. Халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг тогтмол гүйцэтгэснээр өнгөрсөн 2019 онтой харьцуулахад өвчилсөн мал, амьтны тоо 49.2 хувиар, хорогдсон мал, амьтны тоо 39.3 хувиар тус тус буурсан байна. Мал, амьтны аливаа халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой зохион байгуулж байгаа учраас жил бүр халдварт өвчний гаралт буурч байгаа. Мөн тухайн жилийн цаг агаар, хур тунадасны хэмжээнээс хамааран байгаль орчноос шалтгаалах өвчний гаралт харилцан адилгүй байна.

-Шүлхий, галзуу зэрэг өвчин нь олон улсын худалдааны хорио цээртэй учраас эдийн засагт сөргөөр нөлөөлж байсан шүү дээ. Тиймээс одоо өвчлөлгүй болсонтой холбогдуулан хөдөө аж ахуйгаа сайжруулах боломж харагдаж байна?

-Өвчлөлгүй болно гэдгийг зүгээр суугаад ийм үр дүнд хүрсэн гэж ойлгох нь өрөөсгөл. Малчид, мал бүхий иргэд, хамтран ажилладаг бусад салбарын байгууллагуудын оролцоо ч их байсныг дурдах хэрэгтэй. Монгол Улс дотооддоо аливаа нэг халдварт, гоц халдварт өвчнөөс эрүүлийг баталгаажуулах хууль эрх зүйн үндэс бүрдэн хэрэгжүүлж эхлээд байна. Энэ цаашид мал аж ахуйн зах зээлд сайнаар нөлөөлөх боломжтой болно. Тухайлбал, Өмнөговь аймаг малын бруцеллёз өвчингүй, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг үхрийн сүрьеэ өвчингүй болохыг дотооддоо баталгаажуулсан. Монгол Улс дотооддоо төдийгүй олон улсад өвчингүй байдлаа баталгаажуулах ажил хийгдэж байна. Баруун бүсийн долоон аймгийг шүлхийгүй, вакциныг тарьдаггүй, Монгол Улс үхрийн цээж, ямааны годон өвчингүй болохыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага /ДМАЭМБ/-аар хүлээн зөвшөөрүүлэх ажил хийгдэж байна. Энэ нь мал, малын гаралтай бүтээгдэхүүний олон улсын худалдаанд сайнаар нөлөөлөх чухал ач холбогдолтой.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *