Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үхэр жилд тохиосон үйл явдлууд

Улиран одсон хулгана жил монголчууд гэлтгүй хүн төрөлхтөнд хүндхэн он болж өнгөрлөө. Харин айлчлан ирсэн үхэр жилийг монголчууд амны билгээрээ эерүүлж “Эзэндээ ээлтэй үхэр жил, зөөлөн байх болов уу” гэж таамаглаж байна. Үхэр жилүүдэд түүхэнд ямар гол гол үйл явдлууд тохиож байсныг 1901 оны Цагаагчин үхэр жилээс эхлэн тоймлон харуулбал үхэр жилийн ерөнхий ноён нуруу, ая дан, өнгө төрх гараад ирэх байх.


XV жарны Цагаагчин үхэр жил. 1901 он.

1900-гаад он бол Манж улсын суурь ганхаж, харин Монгол туургатан тусгаар тогтнолоо санаж эхэлсэн үе гэж түүхчид үздэг. Монголчууд энэ үед тусгаар тогтнолын төлөө цусаа урсган тэмцэл хийж, хаа сайгүй бослого гаргаж байлаа. 1900 онд 2000 монгол цэргийн бослого, Ард Аюушийн бослого зэрэг томоохон бослого хөдөлгөөн өрнөж, манжуудыг сандаргаж байв. Монголчуудын энэ байдлыг Манжийн тал зүгээр хараад суухыг хүссэнгүй. 1901 онд “Шинэ Засгийн бодлого” гэгчээ идэвхтэй хэрэгжүүлж эхлэв. Энэ нь монголчуудыг соёл, хүн ам, улс төр, эдийн засаг гэсэн дөрвөн чиглэлээр хараан дороо байлгах зорилготой байлаа. Уг бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн нь монголчуудыг атгах биш, харин ч эсрэгээрээ уур хилэнг нь бадраасан үйл явдал болсон юм. Энэ үеэс манжуудыг эсэргүүцсэн бослого энд тэндгүй гарах болов. 1907 онд Хятадын шунахай худалдаачдыг эсэргүүцсэн ард олны бослого, 1910 онд Хүрээн дэх лам нарын бослого зэргээр монголчууд зогсолтгүй тэмцэж, эсэргүүцсээр байв.

XV жарны харагчин үхэр жил. 1913 он.

1913 онд Монгол-Хятадын хооронд болсон “Таван замын байлдаан”-ыг Хятадууд “Үхэр жилийн үймээн” хэмээдэг. 1912-1915 онуудад болсон уг байлдаан нь Монголын тал Өмнөд Монголын нутгийг Хятадын цэргээс чөлөөлөн өөртөө нэгтгэх зорилготой байсан бол Хятадын тал Өмнөд Монголыг алдахгүй байх төдийгүй Богд хаант Монгол Улсыг устган түүний нутгийг булаан эзлэх зорилготой байжээ. Энэ байлдаанд Хятадын үлэмж давуу цэргийн байлдааны ажиллагаанууд нь бүтэлгүй болж ихэвчлэн ялагдаж байсан тул тэд энэ сэдвийг гүнзгийрүүлэн судалдаггүй бөгөөд эх сурвалжуудад өөрөөр тайлбарласан байдаг билээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараачаар Шинжян барга өмнөд монголчууд, дарьгангангын монголчууд Монгол төрдөө нэгдэхээ илэрхийлсэн ч Дундад иргэн улсын Засгийн газар Өмнөд Монголыг алдахгүй гэсэндээ цэргийн хүчээр шахалт үзүүлж эхэлсэн байдаг. Өмнөд Монгол Гадаад Монголоос тусламж хүссэн бөгөөд монголчууд Өмнөд Монголыг хамгаалах цэрэг гаргаж (Богд Хаант улсын арми, Өмнөд Монголын сайн дурын цэргийн ангиудын нийтдээ 10 мянган цэрэг Дундад иргэн улсын 70 мянган цэрэг, 146 их буу, 80-90 пулемётны эсрэг тулалдсан) Манлайбаатар Дамдинсүрэнгийн удирдсан 10 мянган хүнтэй таван замын их цэрэг Өмнөд Монголыг чөлөөлж, 1913 оны намар гэхэд Гадаад Монголын цэрэг Цагаан хэрэмд тулсан юм. Гэвч Оросын шахалтаар Өмнөд Монголоос цэргээ татсанаар Бүх Монголоо нэгтгэх гэсэн оролдлого тасалдсан билээ.

XV жарны Хөхөгчин үхэр жил. 1925 он.

1924 онд Богд хаан таалал төгсөв. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. 1925 оны хөхөгчин үхэр жил бол Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, банк санхүү гээд нийгэм, эдийн засаг руу чиглэсэн бүхий л салбарын суурийг тавьсан, бүтээн байгуулалтын шавыг тавьсан онцгой жил байлаа. Монголчууд энэ цаг үеэс эхэлж орчин цагийн хүн төрөлхтний шинжлэх ухааны ололтуудаас амсаж, суралцаж эхэлсэн юм. Бүх нийтээр бичигтэн болох нийт ардын боловсролын болон эрүүл мэндийг хамгаалах системийг тогтоох арга хэмжээнүүдийг авч байсны үр дүнд олон арван бага сургууль, Багшийн сургууль байгуулагдсан ба хүн болон мал эмнэлгүүдийг олноор байгуулж байжээ. Түүнээс гадна үндэсний үйлдвэрийг байгуулан өөрийн хэрэгцээг хангах үүднээс ноос угаах, хувцас оёх, эсгий эдлэл хийх, гэр ахуйн эдлэл хийх зэрэг жижиг артель, цехүүдийг байгуулах, үндэсний худалдааны байгууллага болох Монгол хоршоо зэргийг байгуулсан төдийгүй Үндэсний Улсын банкийг байгуулан өөрийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан байна.

XVI жарны Улаагчин үхэр жил. 1937 он.

Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт 1922 оноос эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрсэн билээ. Хэлмэгдүүлэлт 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн юм. Тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хядлага байсан ч гол бай нь нийгмийн сэхээтнүүд байсан бөгөөд хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Хэлмэгдүүлэлтэд 45-55 мянган хүн амь насаа алдсан гэдэг ч зарим судлаачид “Энэ бол дарсан тоо. Ихдээ 100 мянган хүн хэлмэгдсэн” гэдэг. Монгол Улсын нийт хүн амын 8-13 хувийг хэлмэгдүүлэн хөнөөснөөс 18-20 мянга нь лам нар байсан. Монголын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж, тэр үеийн Монголын сэхээтнүүд баривчлагдан шийтгэгдэж, олонх нь цаазаар авахуулсан байдаг. Мөн Монгол дахь шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгдэж сүм хийдээс оросуудын тоносон олон зуун ачааны тэрэг дүүрэн Монголын соёлын дурсгалууд ЗХУ-д ачигдсан. Иргэдэд Бодоогийн хэрэг, Данзангийн хэрэг, Лхүмбийн хэрэг, Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү нарын хэрэг, Буриадуудын хувьсгалын эсэргүү хэрэг гэсэн зохиомол хэрэг тулгаж хэлмэгдүүлсэн юм. 1937 оны их яргалал, үндэстнийг хоморголон устгасан харгислал Улаагчин үхэр жил болж байжээ.

XVI жарны Шарагчин үхэр жил. 1949 он.

Дайны дараах хүнд он жилүүд үргэлжилж байлаа. Хятадын иргэний дайны дараа Мао тэргүүтэй коммунистууд засгийн эрхийг авахад БНМАУ нь БНХУ-тай байгуулсан дипломат харилцаагаа тасалж шинээр байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 1949 оны аравдугаар сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.

XVI жарны Цагаагчин үхэр жил. 1961 он.

Олон удаагийн хөөцөлдөлгөө, уйгагүй оролдлого, Монголын дипломатуудын өндөр ур чадвар, холыг харсан тууштай бодлогын үр дүнд БНМАУ 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоосон нь өнгөрсөн зууны түүхийн онцлох гол үйл явдлуудын нэг билээ. Цагаагчин үхэр жил ивээлээ хайрлаж монголчууд дэлхийн дахинаа ийнхүү хүлээн зөвшөөрөгдөв. БНМАУ Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноор дэлхийн социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, 1962 оны зургадугаар сарын 7-ны өдөр Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн гишүүнээр элссэн юм. Гадаад харилцааны салбарт гарсан энэ том өөрчлөлт нь Монгол орны хөгжил цэцэглэлтийг түргэтгэх том хүчин зүйл болсон билээ. Социалист орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны гол хэлбэр болох ЭЗХТЗ-д элсэн орсноор манай орны геологийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж эхэлсэн юм.

1961 онд Соёлын довтолгооны хоёрдугаар шат эхэлж “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”, “Эрүүл энх аж төрөхийн төлөө ”гэсэн гурван уриа лоозонгийн дор олон талт үйл ажиллагаа өрнүүлсэн байна. Мөн нэгдэлжих хөдөлгөөн, атрын аян ч энэ он жилүүдэд Монгол оронд ид хүчээ авч байв.

XVI жарны Харагчин үхэр жил. 1973 он.

Таван толгойн коксждог нүүрс, Хөвсгөлийн фосфорит, Цагаан суваргын зэс молибдены орд газрыг зөвлөлийн гишүүн сонирхогч орнуудтай хамтран ашиглах асуудлыг боловсруулжээ. Эл хугацаанд Монгол Зөвлөлтийн хамтарсан “Монголсовцветмет” аж ахуйн газрыг 1973 онд нээн ажиллуулснаас гадна, манай орны нийгэм эдийн засгийн амьдралд өнөө хүртэл үр шимээ өгч буй “Эрдэнэт” үйлдвэр 1978 онд ашиглалтад орсон юм. ЭЗХТЗ-ийн гишүүн орнууд болох БНБАУ, БНАГУ, БНПАУ, БНСРУ, БНУАУ, БНСЧСУ-ын тусламжтайгаар мах комбинат, нэхий, нэхий эдлэлийн үйлдвэр, шилэн дарлага бүхий хүнсний ногооны газар, жимс, ногооны цогцолбор, биокомбинат, оёдлын үйлдвэр, гүн хэвлэл, хивсний үйлдвэр, мод боловсруулах комбинат, хөнгөн бетоны завод, царууц тоосго, шохойн үйлдвэр, автомашины засварын газар, мебель картон үйлдвэрлэх фабрик, гутал, арьс ширний үйлдвэр, цементийн завод, Улсын клиникийн төв эмнэлэг зэрэг нийгэм соёлын олон газруудыг барьж байгуулсан билээ.

XVI жарны Хөхөгчин үхэр жил. 1985 он.

ЗХУ-ын удирдлагад Горбачёв 1983 онд гарч ирснээр социализмыг шинэчлэх, өөрчлөн байгуулах, ил тод байдлын тухай бодлого хэрэгжиж эхэлсэн байна. Ийнхүү аядуу социализмын гол төлөөлөгч болсон Ю.Цэдэнбалыг нам, төрийн эрхээс зайлуулах бодлогыг ЗХУ баримтлан, 1984 онд түүнийг “Эмчилгээ хийлгэ” гэдэг нэрийдлээр Москвад аваачсан билээ. Энэ үед Монгол дахь КГБ-ын төлөөлөгч генерал Радченко болон Элчин сайд Павлов нар ЗХУКН-ын шууд заавраар тайван эргэлтийг Монголын эдийн засгийн шинэчлэгчдийн гараар хийлгэсэн байна. Ерөнхий сайд Жамбын Батмөнхийг АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар томилсон юм. Энэ бол 1985 оны үе юм.

XVII жарны Улаагчин үхэр жил. 1997 он.

1996 оны зургадугаар сарын 30. УИХ-ын ээлжит сонгуульд МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгууллаа. УИХ-ын олонхын бүлгийн даргаар Ц.Элбэгдорж сонгогдов. 1997 онд Н.Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдож тангараг өргөв. 1997 он бол Монголын улс төрийн хямралын суурь тавигдсан өмнөх жил нь байсан юм. 1998 оны дөрөвдүгээр сарын 23. Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газар унаж, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болов. 1998 оны долдугаар сарын 21. Ерөнхий сайдаар гурван сар ажилласан Ц.Элбэгдорж огцров. 1998 оны аравдугаар сарын 2. Дэд бүтцийн сайд, Ардчиллын алтан хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг хэрцгийгээр алагдав. Ерөнхий сайдад нэр дэвшигчид төрийн тэргүүний шалгуурт тэнцэлгүй бүр долоон удаа бүдэрч байлаа. Эрх баригч Ардчилсан холбоо эвслийн дарга нар “Манай фракциудын дээд цэгтээ тулсан дотоод зөрчил дээр сөрөг хүчин тоглож,төрийг хямрааж байна” гэж ээлж дараалан мэдэгдэж байлаа. Төрийн хямрал Үндсэн хуулийн хямрал болон үргэлжилсэн юм.

XVII жарны Шарагчин үхэр жил. 2009 он.

2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын маргааш Улаанбаатарт үймээн дэгдэж, “Долдугаар сарын 1” гэх бараан өдөр шинэ цагийн түүхэнд бичигдсэн билээ. Нийгмийн уур амьсгал бүхэлдээ унаж, түгшүүртэй байсан ч 2008 оны наймдугаар сарын 8-нд Бээжин хотноо хөшгөө нээсэн зуны олимпоос Монголын баг тамирчид анхны алтан медалиудаа зүүсэн нь дээрх уур амьсгалыг жаахан ч атугай зөөллөж, үл ойлголцлоор дүүрсэн улс төрд өчүүхэн ч болов эвлэрэл авчирсан юм.

Дэлхийн эдийн засаг 2008 оны сүүл, 2009 он бүхэлдээ хүнд байлаа. Ашигт малтмалын үнэ шалдаа бууж, 1993 оноос хойш Монголын эдийн засгийн өсөлт анх удаа хасах гарлаа. 2009 онд С.Баяр Ерөнхий сайдын албыг өөрийн хүсэлтээр С.Батболдод шилжүүлсэн билээ.

XVII жарны Цагаагчин үхэр жил. 2021 он. Юу тохиох бол?

Энэ жилийн Цагаагчин үхэр жил хүртэлх өмнөх 10 үхэр жилд хувьсгал, тэмцэл, бослого, тусгаар тогтнолын төлөөх хэлцэл, байлдаан, их хэлмэгдүүлэлт, бүтээн байгуулалт, соёлын довтолгоо, уул уурхайн хөгжил, улс төрийн хямрал зөрчил голдуу болж байсан гэдэг нь дээрх баримтуудаас харагдаж байна. Алим модноосоо нэг их хол унахгүй гэдэг шиг өмнөх үхэр жилүүдийн ерөнхий өнгө аясаар л явчих байх даа гэж таамаг дэвшүүлж болох ч бэлгэдлээ бодоод мөн л “Эзэндээ ээлтэй үхэр жил. Эм жил, зөөлөн жил учир аятай өнгөрөөсэй” гэцгээе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *