Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Батсүх: Монголын сайхан ард түмэнтэйгээ энэ орчлонгийн вирусийг арилтал сайхан дуулмаар санагдаж байна даа


“Завханы” хэмээн овоглогддог дуучин, гавьяат жүжигчин С.Батсүх Сар шинийн босгон дээр Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Эрхэм алдрыг хүртсэн түүнтэй ярилцлаа.


-Нутгаараа овоглогддог С.Батсүх гавьяат Ардаараа овоглох боллоо, баяр хүргэе. Энэ эрхэм алдрыг хүртэх болсон тухайгаа сонсоод яаж хүлээж авсан бэ?

-Баярлах, айх хоёр зэрэгцдэг юм байна шүү дээ. Би чинь 1993 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээд, тухайн үедээ их цочирдож, банкнаас 100 сая төгрөг аваад, дампуурсан юм шиг болсон шүү дээ. Бүх булчирхайнууд ажилладаг, ер нь би яах ёстой вэ гэж бодогддог юм билээ. Жижиг тэмдэг шиг хэрнээ олон түмний сэтгэл хайр, илч энерги шингэсэн байдаг юм байна.

Өчигдөр над руу Ерөнхийлөгчийн Тамгын газраас яриад “Ардын жүжигчин боллоо” гэсэн. Баяр хүргэж байгаа энэ олон хүний сэтгэгдлийг хараад их баярлаж сууна. Хүн эрийн сайндаа сайн явдаггүй юм байна, олон түмнийхээ хүчээр явдаг юм байна. Би бол гайхамшигтай том дуучин биш шүү дээ. Зүгээр л чин сэтгэлээсээ дуулахыг хичээдэг, өөрөөрөө байхыг хүсдэг. Одоо нэг их гайхамшигтай юм надаас гарна гэж юу байв гэж дээ. Гэхдээ чин сэтгэлээсээ Монголын сайхан ард түмэнтэйгээ энэ орчлонгийн вирусийг арилтал сайхан дуулмаар санагдаж байна даа. Анх П.Очирбат Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртсэн бол өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгчийнхөө зарлигаар Ардын жүжигчин гэдэг энэ сайхан цол авч байгаадаа бэлгэшээж байна.


-Цахимаар, утсаар мөн ч олон хүн танд баяр хүргэж байна даа. Та энэ сайхан мэдээг аваад хэнтэйгээ хамгийн түрүүн хуваалцахыг хүссэн бэ?

-Хамгийн түрүүнд ханьдаа хэлсэн. Манай хүн баярын нулимс дуслуулсан. Хүүхдүүд маань ярьсан. Хамгийн том эгчдээ хэллээ. Ойр тойрны найз нөхөд маань олноороо холбогдож байна. Сайхан байна. Олон түмнийхээ алга ташилтан дунд урамшин, хөглөгдөж олон жил дууллаа. Би өөрийгөө маш их азтай хүн юм байна гэж боддог. Би нэг ч төгрөгний бизнес хийгээгүй хүн. Зөвхөн энэ хэдэн дуугаа л сэтгэлээсээ дуулж ирлээ. Миний сургийг сонсоод үзэгчид маань ирж үздэг. Улаанбаатарт анх бие даасан тоглолтоо хийхэд тэр их цасан шуурган дундуур С.Батсүхийнхээ билетийг авах гээд ирж байгаа хүмүүсийг хараад миний нулимс гарч байсан. Ийм л сайхан ард түмэн дээ. Хойшдоо ч чин сэтгэлээсээ дуулж явна аа. Надаас хувь илүү атлаа энэ мундаг цолыг авч чадаагүй сайхан хүмүүс олон бий. Би бол яахав, өөрийгөө жаахан голонгуй явдаг хүн. Гэхдээ энэ булчирхайнууд их ажиллаж байна. Их баярлаж байна даа.

-Та энэ өдрүүдэд аав, ээжийгээ дурссан байх. Тэднийхээ тухай яриач?

-Миний ээж хүүхэд рүүгээ ширүүн ч хардаггүй зөөлөн хүн байлаа. Аав маань ширүүндүү, хатуу шаардлагатай хүн байсан даа. Аав, ээжийнхээ зургийн өмнө би бүх зүйлээ авчирч тавьж байсан. Шинэ цомог гарсан ч хамгийн түрүүнд авчирч тавина. Гавьяат аваад тэмдгээ бурхдын өмнө аав ээжийнхээ зургийн өмнө хадгалсан. Дээрээс харж байдаг байх гэж боддог. Хүн хэн байсан бэ, хаанаас ирсэн бэ гэдгээ санаж явах учиртай. Аав маань орос хэлтэй, боловсролтой хүн байсан. “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Чи өөрөө зүтгээд үз” гээд надад зам зурж өгч байсан. Чиний гараа энэ. Замд чинь шавар шалбааг, чөтгөр шулам, даваа гүвээ, зөндөө юм тохиолдоно. Олдсон боломжийг барьж аваад өөрөө зүтгээд яваарай гэж хэлж байсан. Гурван бадаг дуу барьж аваад, явсаар байгаад өнөөдөр олон түмний хайр хишгийг хүртлээ дээ.

-Энэ өдөр анх тайзан дээр дуулж байсан үеэ дурсахад сонин байх болов уу?

-Анх Завханы театрын тайзан дээр хормойгоо чичрээд, уруул ам эвлэхгүй хөөрхөн юм дуулаад явдаг байсан даа. (инээв) Жаахан байхад маань Дэндэр гээд хараагүй хүн үлгэр ярьдаг байсан юм. Тэр хүний үлгэр дуусдаггүй. Төрөлхийн хараагүй мөртлөө сэтгэлдээ хараатай хүн байсан юм билээ. Түүний ярьдаг үлгэрийн баатар шиг болох гээд шөнө орондоо орчихоод уйлдаг, мөрөөддөг байж билээ. Мөрөөдөмтгий сэтгэлгээтэй болсон маань түүний нөлөө. Сэтгэл доторх жаахан цогийг тэр хүн асааж өгсөн гэж боддог юм. Хожим “Дэндэрийн үлгэр” нэрээр кино концерт хийсэн. Тоглолт хийсэн. Дараа нь над дээр хараагүй хүүхдүүд зорьж ирсэн юм. Юм учиртай байдаг юм болов уу даа. Э.Бат-Энгүүн хүү ч байна. Нүдний зурагтай бөгж хийлгэж байсан удаатай. Тэгээд энэ хөөрхөн хүү ирээд одоо хараатай болсон байх жишээтэй. Цаанаасаа бурхны зараалаар хүүхдүүд над дээр ирдэг юм болов уу гэж боддог. Өглөө босоод аав, ээжийгээ бодно. Бага насаа дурсан санана. Хэн байсан гэдгээ хүн бодож явах ёстой юм билээ. Муу хүн гэж байдаггүй юм байна. Муу хүн байлаа гэхэд түүнд ч бас сайн тал байдаг. Түүн дээр нь сайхан сэтгэл нэмж амьдрах хэрэгтэй. Олон түмний сэтгэлийн эрчим хүч энерги гэдэг хүчтэй юм байна гэж мэдэрсэн. Одоо бол урт наслах хэрэгтэй байна. Эрүүл саруул байх ёстой. Би 33 кг хассан шүү дээ. Студи дээрээ “Өөртэйгөө тэмц, өрөөлийг дэмж” гээд уриа хадсан байгаа. Овоо жин хассан байсан чинь гэр бүлийн хүн маань “Мах ид” гэж загнасаар байгаад эргээд бараг арваад кг нэмсэн байна даа. Шинийн 8-наас эхлээд цагаан хоол, янз бүрийн юмнуудаа хэрэглээд, жингээ хасаад, урт наслахыг хичээнэ дээ. Тэгж байж олон түмэндээ зөв мессэж өгч чадна шүү дээ.

-Та олон шинэ дуучин дэмжсэн. Б.Бат-Энэрэл хүү танд баяр хүргэв үү?

-Хамгийн түрүүнд тэднийхэн надтай холбогдож байна лээ. Б.Бат-Энэрэл маань утсаар надад үг хэлж байна лээ. “Хурдан том болоод, хүүхэдтэй болохоор маань та миний хүүхдийг харж өгөөрэй” гэсэн. Ээж, эмээ хоёр нь дахин дахин залгаад, баяр хүргэсэн. Тэд яг манай гэр бүлийнхэн шиг байдаг. Би ч хамаагүй загнах үедээ загнадаг. Юу ч хэлсэн тоохоо байсан шүү дээ, тэд маань. “Хамгийн сайн хүмүүстээ хаврын тэнгэр, бусдад нь бол бурхан” гээд намайг биччихсэн байсан.

-Та шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Би 2019 онд “Очирвааний хүлгүүд” дуугаа хийсэн. Дараа нь “Сэтгэл минь чиний анд” гээд Ц.Бавуудоржийн шүлгээр хийсэн дуу бий. “Ухаарал” гээд дуу хийлээ. Сая цол авахын өмнөхөн Б.Бат-Эрдэнийн (АРАНЗА) “Хотын хүүхнүүд” дуунд клип хийгээд цацаж эхэллээ. Миний зорилго бол нутаг ус руугаа хандсан, монголчууд руугаа хандсан ухаарлын сэдэв рүү орж эхэлж байна. Одоо бол жаахан цагаан гунигтай дууг сонсохоо байж эхэлж байна. Ерэн хэдэн онд цагаан гунигтай дуу сонсож байсан, 2000 оноос оргилсон баярласан бахархсан, бардсан дуунуудыг сонсдог байсан бол одоо ухаарал сонсож эхэлж байна. Монголын нийгэмд үүр хаяарах цаг ирж байна даа гэж би бэлгэшээдэг. Дээхнэ үед гоё дуучны хоолой сонсож, сайхан дуучны дүрс харж алга ташдаг байсан бол одоо нэгнийхээ сэтгэл рүү өнгийж, хүний сэтгэл сонсдог болж. С.Батсүх энэ дуугаараа яг юу хэлээд байна гэж сонсдог болжээ. “Аашаар засардаггүй орчлонг аргадах л гэж дуулдаг юм, би. Дулаахан сэтгэлийг минь мөнхийн анд гэж итгээрэй”гэх мэтчилэн үгтэй дуунуудыг дуулж сая бичүүлж, клип хийлгэсэн байгаа. Дэлхийгээр тархсан монголчууддаа зориулж сайхан дуу хийх сэн гэж хүсдэг. Нийтийн дуу бол ардын дууны үргэлжлэл гэж боддог.

-Цагаан сар дөхөж байна. Хөл хориогүй байсан бол олон хүн гэрээр тань ирж баяр хүргэх байсан даа. Энэ Цагаан сарыг та яаж тэмдэглэх вэ?

– Ноднингийн Цагаан сарыг ч гэртээ ах дүү нартайгаа цахимаар золгож, сайхан таваг идээгээ засаад, тэмдэглэсэн. Энэ жил ч ялгаагүй. Өнөөдөр дэлхий нийтээр вирустэй байгаа үед гэр гэртээ байж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна. Өөрийгөө хамгаална гэдэг өрөөлийг хамгаалж байгаа гэсэн үг. Уг нь Цагаан сараар залуу дуучид өдөржингөө манайхаар орж ирдэг шүү дээ. Гоё л байдаг. Нэг сайхан нартай өдөр бүх юм сайхан болно. Тэгэхэд өөд өөдөөсөө хараад, бие биентэйгээ гар барих цаг ирнэ. Үзэгчид маань даган дуулж, алга ташихыг харан дуулах өдөр ирнэ.

-Ингэхэд хамгийн дурсамжтай Цагаан сар хэзээ байв?

-Хүүхэд байхдаа аавтайгаа хамт өглөө нартай золгоод, манай өвөлжөөний хажуугийн овоон дээр очиж, тойрч явдаг байлаа. Хамгийн гоё мориныхоо дэлийг нь засаад, уяж сойж бэлтгэдэгсэн. Өндөр настай сайхан улсуудад золгох сайхан л даа. Цагаан сар гэдэг цагаахан хайрын баяр гэж хэлж болно. Өвгөд хөгшдийнхөө тохойг түшээд золгодог, нялх балчруудынхаа алгыг тэнийлгэдэг. Шинэ хувцас өмсдөг, юм болгоныг шинээр эхэллээ гэж бэлгэшээдэг. Хөдөөнийхөн чинь хаваржингаа шахуу золгодог шүү дээ. Хоёр аманд байж, “Зун сайхан уулзана даа” гэдэг юм чинь одоо бол энэ вирустэй үед хавар, зун сайхан золгож уулзах бололцоо гарна гэж бодож байгаа.

-Нутгийнхан тань их баярласан байх аа. Завханчууддаа, хайртай хүмүүстээ сэтгэлийн үгээ хэлж болно шүү. Өдрийн сонин чинь хөдөө хотгүй мянга мянгаараа тардаг юм шүү дээ. Отгонтэнгэр хайрхан тань нутгийн хүүгээ цаашдаа ч ивээх байх аа?

– Сүүлийн жар гаруй жил Ардын жүжигчин, арслан цолыг завханчууд аваагүй. Одоо нэг том үүд хаалга нээгдэж байна даа. Цаашдаа олон сайхан хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж, арслан цолтон төрөх байх гэж найдаж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамьян, Урлагийн гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Н.Лутбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан нартаа ханцуйдаа залбирч явдаг шүү. Тэднийгээ төрөөрөө үнэлүүлж байгаад нь сэтгэл өег байдаг. Гавьяатын тэмдгээ айхавтар зүүдэггүй яваад, Н.Лутбаярыгаа Урлагийн гавьяат зүтгэлтэн болоход зүүдэг болсон доо. Завханчууддаа, монголчууддаа танай сониноор дамжуулан баярлалаа гэдгээ уламжилъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *