XVII жарны “Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилийн Сар шинийн баярт зориулж Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын ард түмэн, нийт сүсэгтнүүддээ хандаж дараахь айлдварыг айлдлаа.
Хулгана жил улирч үхэр жил гарч байна. Монголын ард түмэн болон сүсэгтэн олон Та бүхэндээ Сар шинийн мэндийг дэвшүүлье ээ. Сайхан жил гарч байна. Бид хэдийгээр одоо дэлгэр сайхан золгож, ах дүү амраг садантайгаа золгох боломжгүй ч гэлээ гэр орондоо бэлгэ дэмбэрлээ бэлгэдэж идээ будаагаа засаж, гэр доторх ахмад хүнээсээ эхэлж мэндэлж золгож, үе тэнгийнхэнтэйгээ найрсаж, үр хүүхдээ асарч, сайхан шинэлж хулгана жилээ угтацгаана. Шинэ жил, Сар шинийн эхэн гэдэг бол бас нэг сайхан бэлгэшээлтэй, жилийн эхлэл, билгийн тооллын жилийн эхлэл юм. Тийм учраас монголчууд бэлгэшээж энэ Цагаан сарыг тэмдэглэдэг учир жанцантай. Цагаан сар гэдэг бол уламжлалт баяр, олон зууны турш тэмдэглэж ирсэн ийм сайхан баяр. Ер нь хорвоо юм болсон хойно Монгол Улс өөдөлж яваа, дэгжиж яваа, дээшилж яваа, хөгжиж яваа.
Бид ийм ард түмэн. Тийм учраас энэ хэвэндээ ингээд цаашаа сайхан хөгжиж дэвшинэ ээ гэж бэлгэдэж байна.
Одоо анхаарах юм бол дээдэс гэж ярьдаг дарга, дээдсүүд жаахан алдаа гэлтгүй маш болгоомжтой хөдөлж, ажил үйлээ хийх хэрэгтэй шүү. Хууль, номын дагуу гэсэн нэг иймэрхүү маягийн санамж бол гарсан байна. Дээрээс нь улсын эдийн засагт жаахан өөрчлөлт гарч дэгж, дэвэх маягийн ийм юм харагдаж байгаа. Тэгэхдээ тэрний хажуугаар айл гэрийн эдийн засагт нэг жаахан тиймхэн байдал харагдаж байна. Тийм учраас хувь улсууд ажил хөдөлмөртөө зүтгэх, эв эеэ хичээх, янз бүрийн арга сэдэж өөрсдөө гэр орондоо оёж шиддэг юу байна, тийм юмнуудаа хийж, амьдралынхаа төлөө зүтгэл гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь эв эетэй байх. Ард түмний эв эе их сайхан байвал Монгол орон үймээн, самуунгүй сайн сайхан байх ийм зүйлд зурхайд зурагдсан байдаг юм. Тэгэхлээр бид одоо нэг ард түмэн, Монгол гэдэг нэгдмэл улс, систем учраас бие биедээ сайхан хандаж, биенээ хүндэтгэж, тэгээд бусдыг хайрлах, нигүүлсэх, энэрэх ийм сайхан үзлээр нэгэндээ хандаж ингээд босгох юм бол Монгол орны хөгжил дэвшил бидэнд ойрхон байгаа. Тэр бол тодорхой байдаг. Тийм учраас энэ жил гэлтгүй ер нь жил болгонд бид энийг анхаарч байх ёстой. Эвээ олж, хууль, ном журмаа дагаж ёс зүйгээ баримталж, хөдлөх ийм чухал үе юм даа.
Шинэ жил гээд манай монголчууд нэг, хоёр өдрийг ихэд эрхэмлэж үздэг. Хуучин жилийн хамгийн сүүлчийн өдөр бол битүүн. Битүүний өдрийг баяр цэнгэлтэй тэмдэглэж, чөлөөтэй байгаа үедээ айл хунартаа тавгийн идээ барьж орж битүүлж, идээ будаанд нь хүрч баяр жаргалаа илтгэж ирсэн ийм сайхан уламжлалтай.
Шинийн нэгнээс сар арвидаад шинийн найман гэхэд тал дугуй болдог. Тал дугуй болоод улам арвижсаар байгаад арван таван гэхэд тэргэл сар гардаг. Тэргэл сарнаасаа хомсдох үе эхэлдэг. Хомсдсоор байгаад хорин хоёрны өдөр тал дугуй болдог. Тэгээд улам хомсдсоор байгаад нар үзэгдэхгүй сүүдрээр бүрхэгдэж, битүүрдэг учраас битүүний өдөр гэж жилийн хамгийн сүүлчийн өдрийг онцгойлж ирсэн. Энэ өдрийг эрхэмлэдгийн учир бол бид нэг жилдээ амар тайван, сайхан жаргалтай байж, гэр бүлээрээ өнөр өтгөн сайхан өнгөрөөлөө, шинэ жилийн эхэндээ бэлгэ дэмбэрлээ дээдэлж, сайн сайхан байсан тэр ажил улам үргэлжилж, цаашаа яваад жилийн эцэст ийм сайхан боллоо гэж ажлаа дүгнэж байгаа маягтай баяр цэнгэлийг хийдэг ийм учиртай.
Хорин еснөөс өмнө гэр орноо цэвэрлэдэг, шинэ сайхан, угааж тордсон цэвэр цэмцгэр хувцсаа зэхэж, шинээр дээл хувцас хийж өмсдөг ийм заншилтай байсан. Өр төлөөс юмуу, аливаа нэгэн зүйл байвал хорин еснөөс өмнө төлж бариад сэтгэл уужуурдаг. Мөн урьд жилдээ алдсан, бие биедээ санасан муу муухай зүйл байвал тэрнийгээ шинэ жилдээ авч явахгүйн төлөө хөөрөг зөрүүлж цагааддаг ийм сайхан ёслол урьд байсан, одоо ч тийм байна.
За ингээд шинийн нэгний өглөө нар ургахаас өмнө эртлэн босож, хийморь, сүлд зэргээ эрхэмлэдэг, ингээд зүг чигээ гаргадаг, хөгшдөөсөө эхэлж золгодог, төрийнхөө зүгт хүндэтгэл үзүүлдэг ийм олон янзын ёслолууд урьд байсан. Цагаан сарын үед цагаан зүгийн идээ, аль болох амьтны амь хороогоогүй зүйлсийг хэрэглэхийг чухалчилдаг. Гэхдээ одоо үед эхлээд цагаан зүгийн идээгээ түрүүлж барьж, түүнийгээ цагаалга гэдэг болсон. Дараа нь ёсолгоогоо хийдэг. Энэ үед бурхан шүтээнээ гаргаж залдаг. Хуучны айлууд бүгдээрээ далд байсан бурхан шүтээнүүдээ бүгдээрэнг нь дэлгэчихсэн, тэгээд арц хүж тэргүүтэн анхилам үнэртэй зүйлүүдээ асааж, үнэрээр муу зүйл хөөгддөг гэсэн бэлгэдэл байдаг учраас Цагаан сараа ингэж сайхан тэмдэглэдэг байжээ. Буддын шашин дэлгэрсэн сүүлийн жилүүдэд энэ зочилгооны утга бол нэлээд өргөссөн, нүдэнд нь сайхан дүрс өргөж байгаад гэр орноо цэвцийгээд цэвэрлэчихсэн, бурхан шүтээнээ дэлгэчихсэн, цэвцийгээд байж байгаа энэ байдал бол зочныхоо нүдэнд нь өргөж байгаа сайхан өргөл юм. Дуу хуур тавьчихсан, мэндчилгээ эднүүд их тунамал сайхан, гоё үгээр ярьж, бие биенийгээ хүндэтгэж буй нь чихэнд нь өргөж байгаа өргөл юм, зочныхоо. Сайхан арц хүж уугиулсан нь хамарт нь өргөж байгаа үнэр юм. Аманд нь бол сайхан амт, бууз, хуушуур, тэгээд цагаалга, чихэр бурмаа барьдаг. Энэ бол аманд нь өргөж байгаа сайхан амт юм. Тэгээд бие биедээ хадаг зөрүүлдэг байсан. Тэр нь бол энэ биед их зөөлөн мэдрэмж тусгадаг. Хүртэхүйд нь өргөж байгаа мэдрэмж тэргүүтэй таван эрхтэнд зориулсан ёсолгоог хийдэг ийм сайхан уламжлал манай ард түмэнд зохицсон юм аа.
За ингээд ирж байгаа Үхэр жилдээ Монголын ард түмэн нийтээрээ амгалан жаргаланг эдэлж, эрүүл энх, урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, байгаль дэлхий маань цагтаа хур бууж, ган гачиггүй, зуд цурхангүй, Монголын нийгмийн амьдралд их өөрчлөлт гарсан, өөдөө дэвшсэн, хувь хүний амьдралд сайхан өөрчлөлт гарч, гэр орон нь сайхан болсон ийм өлзийтэй сайхан жил гарахын өлзийтэй сайхан ерөөлийг Та бүхэндээ дэвшүүлье ээ.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Тэмдэглэсэн: Д.ГАНСАРУУЛ