Categories
мэдээ цаг-үе

Япон улс Монголын Хараагүйчүүдийн холбоонд 247 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж хөтөлбөр”-ийн хүрээнд 91,898 ам.доллар буюу ойролцоогоор 247,200,000 төгрөг бүхий тоног төхөөрөмжийг өчигдөр /2021.02.04/ Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ-д хүлээлгэн өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки оролцлоо.

Тус төслийн хүрээнд Монголын Хараагүйчүүдийн холбоо ТББ-д брайл хэвлэлийн машин 5 ширхэг, брайл хэвлэлийн машины программ хангамж 5 ширхэг, брайл дэлгэц 8 ширхгийг тус тус хандивлалаа. Ингэснээр тус холбоогоор үйлчлүүлэгчдэг харааны бэрхшээлтэй иргэд болон Монгол Улсын боловсролын их сургуулийн харааны бэрхшээлтэй 30 орчим оюутнууд кирилл үсгийн хэвлэлийг унших боломж, нөхцөл сайжирч байгаа юм.

Энэ удаагийн буцалтгүй тусламжийн хүрээнд тус холбооны брайл хэвлэлийн чадамж 2 дахин нэмэгдэж, Монгол Улсын 11,800 харааны бэрхшээлтэй хүмүүс үр ашгийг нь хүртэх боломжтой болсон байна.


Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *