Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарт байгаа уламжлалт карт, түүн дээр гараар бичдэг байдлыг халах ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзаж байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ 223 сум дижитал дэд бүтцэд холбогдсон. Гэхдээ зөөлөн дэд бүтцийг анхаарах шаардлагатай. КОВИД-19-ийн дараа хамгийн том тэсрэлт хийх салбар бол аялал жуулчлал. Тиймээс бид аялал жуулчлалын системийг цахимжуулах хэрэгтэй. Өнөөдрөөс эхлэн 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулна. Төрийн албан хаагчийн ажлыг 20-35 хувиар багасгана. Төрийн албан хаагч болон иргэдийг цахим системтэй харьцахад нь туслах E-Mongolia Academy-г байгуулна” гэлээ.

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “Салангид байгаа системүүдийг холбож байж цахим үндэстэн болно. Улсаараа өөрчлөх зорилтын төлөө хамтдаа алхах ёстой. Тухайлбал, эрүүл мэндийн салбарыг холбоно. Эрүүл мэндийн салбарт байгаа уламжлалт карт, түүн дээр гараар бичдэг байдлыг халах ёстой. Цахимаар дугаараа авдаг, бүх оношилгоо нь гадаадын аль нэг эмнэлэгт очиход хүчин төгөлдөр, Нэгдүгээр эмнэлэгт өгсөн шинжилгээ, оношилгоо нь Гуравдугаар эмнэлэгт ч хүчин төгөлдөх байх ёстой юм. Газрын харилцааг ч мөн цахимд холбоно. Гэрчилгээг цаасаар биш цахимаар, баганан кодоор олгох ёстой.

Гааль, шүүх, татвар цахимжсан. Үүнд Сангийн яамныхан сайн ажилласан. Улсын бүртгэлийг цахимжих хэрэгтэй. Яваандаа сонгуулийг цахимаар өгдөг, тухайн хүн өөрийгөө таниулж чадвал дуртай бүртгэл дээрээ цаг алдалгүй авдаг байх учиртай. Та шаардлагуудыг хангаж чадвал цагийн дотор хүссэн компаниа байгуулах боломжтой болно.

Зам тээвэр цахимжих ёстой. Баянзүрхийн товчоогоор гарахад модоор мөнгө авдгаа болих хэрэгтэй. Тэр нь түгжрэл үүсгэдэг. Мөнгө нь төрд эсвэл хувьд нь ордог нь ч тодорхойгүй. Шууд камераар уншаад гарах ёстой. Улаанбаатарт орон нутгийн дугаартай хэдэн машин явж байна, хэд нь нийслэлийн машин бэ, хэд нь хотын төвөөр хөдөлгөөнд оролцдог, хэд нь зах, худалдааны төвийн орчимд түгжирж байна вэ гэх мэтчилэнгээр их өгөгдлийг цуглуулж, түүнийг боловсруулж байж шийдэл гаргана.

Цахим байгаагүй нөхцөлд иргэний үнэмлэх захиалахад 1 цаг 55 минутыг зарцуулна. Харин цахим байгаа нөхцөлд 5 минут л зарцуулна. Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй. Цахим шилжилт туйлын чухал тул Цахим хөгжлийн яам байгуулах хэрэгтэй. Цахим хөгжил нь нэг салбар бус бүх салбарын асуудал.

Хаврын чуулганаар “Хувь хүний өгөгдөл аюулгүй байдлын тухай хууль”-ийг өргөн барьж батална. Цахим шилжилтэд манлайлж оролцсон банк, үүрэн телефоны операторуудад баярлалаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *