Categories
мэдээ цаг-үе

Э.Бат-Үүл: Би монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр гэм хийгээгүй

Хотын дарга асан Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүл “Сүүлийн үед намайг шүүх хурал хойшлогдсонтой холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмний тархийг угаах зорилготой гүтгэлэг мэдээлэл тарааж байна. Тиймээс дараах таван зүйлийг мэдэгдэхийг хүслээ.

Нэгдүгээрт, Тухайн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах болсон шалтгаан нь шүүх хурал цар тахлын эсрэг авсан хорио цээрийн дэглэмийг зөрчсөн нөхцөлд болох гэж байгаа тухай прокурор н.Золзаяагийн өөрийнх нь гаргасан гомдол, мөн бусад шүүгдэгчдийн өмгөөлөгч, хорио цээрийн дэглэмд орсон зэргээс шүүх хурал хойшлох болсон гэж ойлгосон.

Хоёрдугаарт, Дэлхий даяар цар тахлын хорио цээрийн дэглэмд амьдрах болсон. Манай улсад коронавирус өвчин гарна гэж хэн ч бодож байгаагаагүй. Тэр тусмаа шүүгдэгч надад шүүх хурал хойшлуулах зорилгоор коронавирус халдвар тараах төлөвлөгөө байгаагүй. Миний нуруу хугарч, хэвтрийн дэглэм баримтлах шаардлага үүссэн. Би нуруугаа төлөвлөгөөтэй хугалаагүй. Харин ч эмчилгээний горимоо зөрчиж шүүх хуралдаа очиж байсан.

Гуравдугаарт, Бүлэглэсэн гэмт хэрэгт холбогдуулах зорилгоор гэмгүй олон хүнийг яллагдагчаар татсан. Энэ олон хүнийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, хорио цээрийн дэглэмийн шаардлагад нийцүүлэн шүүх зэрэг нь амаргүй байдаг юм билээ. Гэхдээ шүүгдэгч би цаг алдалгүй шударга ёс тогтоохыг хүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй. Одоо шүүх хурлыг хурдан хийлгэх хүсэлтэй байна.

Дөрөвдүгээрт, Хэрэг хянан шийдвэрлэх явцад намайг гэм буруутай мэт олон түмний тархийг угаах үйл ажиллагааг байнга явуулж ирсэн. Ийм үйл ажиллагааны үргэлжлэл нь н.Золзаяа прокурорын хардлага гэж үзэж байгаа.

Тавдугаарт, Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг улс төрийн үйл хэрэг дөхөх үед намайг элдэв хэрэгт холбогдуулан 30 жилийн турш гүтгэж ирсэн. Тухайлбал, айл ухдаг хулгайч, гадаадад олон хаустай, найз нөхдөө хөнөөдөг алуурчин, оффшор хөрөнгөтэй зэргээр гүтгэсэн. Энэ байдал одоо ч үргэлжилж байна. Би монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр гэм хийгээгүй. Авилга гэх муухай хэргээс хэзээд хол явсан.

Миний бие прокурор н.Золзаяаг шүүхэд өгнө. Гүтгэлэг хэрээс хэтэрч байгааг тэвчиж чадахгүй. Хэн энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар шалгуулахаар УИХ-д хандана” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *