Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ Засгийн газрын анхны ажил бүх нийтийн вакцинжуулалт байх ёстой

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад гурав хонож байна. Шинэ томилогдсон болон улирч үлдсэн гишүүдийг сайлж, муулж есөн шидээр нь хэлж байгаад гайхаж эгдүүцээд байх юм алга. Ийм л байдаг. Харин шинэ засагт хэд хэдэн содон гишүүн орж ирлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ц.Нямдоржийг томилсонд нийтийн зүгээс “тэр хүн тэнд юугаа хийж яваа юм” гэх өнгө аяс олонтаа гарч байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон гол алдаа нь Ерөнхийлөгчтэй таарамж муутай байснаас үүдэлтэй гэж онцолж байгаа энэ үед Ц.Нямдорж шинэ засагт уул шиг нөмөр, уйгагүй нэмэр болох нь гарцаагүй юм. Төрд ажилласан туршлага, мэдлэг, улс төрийн болоод хувь хүний зангараг нь шинэ засгийн гол түшиг болох биз. Тэрбээр шинэ албан тушаалаа аваад “Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг орхихгүй, анхаарч ажиллана” гэсэн. Хууль зүйн сайд байх үедээ эхлүүлсэн ажил нь яах аргагүй мөн. Гэхдээ хэт үүндээ анхаарч Кихот ноён салхин тээрэмтэй байлддаг шиг юм болох вий. Бусдаар бол Ц.Нямдорж муу сонголт биш юм.

Соёлын сайд Ч.Номинг мөн л сайн муу олон янзаар ярьж байгаа. Барууны боловсролтой залуу хүний хувьд өнгөрсөн түүхээ хэт шүтэж, мунхаглах тал руугаа хэлбийх нь бага биз гэж найдна. Ямар ч байсан худам монгол бичиггүй бол бид сүйрнэ гээд “хаг хуг” гээд зогсоод байхгүй байлгүй дээ. Урлаг соёл, энтертаймент чиглэлээр хувийн компанидаа мөнгө олж байгаа шигээ Монголын кино урлагаас эхлээд соёлын салбарыг бүхэлд нь арай өөр түвшинд хүргэнэ гэж төсөөлж байна. Монгол соёлыг дэлхий сонирхдог, түүний төлөө мөнгө төлж үзэж сонcдог болчихвол түүний гавьяа байна биз ээ.

Эрүүл мэндийн сайд бол энэ цаг үеийн хамгийн чухал алба юм. Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дарга байсан С.Энхболд хамгийн эгзэгтэй хэцүү үед эрүүл мэндийн салбарыг удирдахаар томилогдлоо. Удирдаж байсан эмнэлэг нь дажгүй сайн зохион байгуулалт, үйлчилгээтэй, манай алдартнууд, дарга нар үйлчлүүлдэг уламжлалтай. Шинэ сайд маань ард түмэндээ элэгтэй, ээлтэй шийдвэрүүд гаргаж, салбарынхаа дотор нь орж ажиллах хэрэгтэй. Сая эмч нарын хэт хувиа хичээсэн мунхаг зан авираас болоод Засгийн газар огцорсон гэдгийг бодвол мартахгүй ажиллах биз. Огцордог сайд шигээ хэл ам дагуулав, зүгээр л ажлаа хийгээрэй. Өмнөх сайдыг нь сүрхий менежер гэж магтдаг, түүнийг хамгийн чухал цэг болох Халдвартын эмнэлгийн даргаар тавьчихвал санаанд оромгүй сайн үр дүнгүүд дуулдаж мэднэ. Энэ мэт хүмүүсээ зөв зохион байгуулж, зөв хуваарилалт хийх ёстой.

Хотын дарга асан С.Амарсайхан Шадар сайд боллоо. Хотын мээр байхдаа эдийн засаг унасан, тахлын ийм хэцүү үед асар өндөр үнэтэй усан оргилуур барьсан. Нийтээрээ эсэргүүцээд түүний энэхүү цагаа олоогүй шийдвэрийг болиулж чадаагүй. Илүү зардлаа танаж, хэмнэж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж суугаа одоо үед тэр мөнгө нөөцөнд байсан бол юутай тустай байхсан. Шадар сайд болчихоод усан оргилуур барина гэж мугуйдалж зүтгэдэг шигээ ард түмэнд наалдацгүй огцом тэнэг шийдвэр гаргав аа л гэж захья. Тэр дүүжин тээвэр энэ тэрээсээ холхон байгаасай. Дүүжин тээвэр гэж ихэнх тохиолдолд аялал жуулчлалд зориулагдсан байдаг. Жишээлбэл, Зайсан толгойг таглаж барьсан шилтгээнийх нь дээрээс уулын бэлд хүргэх гэх мэтээр ашигладаг. Түүнээс биш Баянхошуунаас хотын төвд ирэх, Таван шараас Амгалан хүрэх дүүжин нийтийн тээвэр гэж төсөөлөгдөхгүй. Амьдралд ойрхон шийдвэр гаргаж байгаасай.

Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Давс мэт шийдвэрүүд олон гаргана” гэж хэлсэн. Амьдралд хэрэгтэй, улс оронд нэмэртэй шийдвэрийг ард түмэн ойлгож дэмжинэ ээ. Улстөржилгүй, зөв л ажиллах хэрэгтэй.Орой эрт унтаж өглөө эрт босдог ард түмэн байна, англи хэлийг хоёрдугаар хэл болгоно, найз нөхдөө хорхогоор дайлдагаа болих, буяны тарга гэдэг ойлголтоос салах, жин барьдаг ард түмэн болно.Мөн хамгийн олзуурхууштай нь хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажиллана, шүгэл үлээгчийн хууль батална гэх зэрэг нь шинэ шинэлэг шинэ үе гарч ирж байгааг харагдуулсан мэдээлэл байлаа. Өмнөх Ерөнхий сайд хэвлэлд нэг удаа ч ярилцлага өгч байсангүй. Танхимын сайдууд нь ч алдаг оног хаа нэг дуугарч байв. Тэд юунд зорьж, юу хийсэн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, таг харанхуй буусан. Уучлаарай, нийтэд зориулсан сүржин мэдээллүүд хийснийг чинь энд зориуд оруулсангүй.

Цар тахлын улмаас эдийн засаг гацсан, нийтээрээ айдас хүйдэстэй энэ үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний танхимын хамгийн түрүүнд хийх ажил бол бүх нийтийн вакцинжуулалт. Яг өнөөдрийн байдлаар “тэдэн тун вакцин төчнөөн төгрөгөөр захиаллаа” гэсэн мэдээлэл байхгүй л байна. Ер нь вакцинд мөнгө төсөвлөөгүй бололтой харагдах юм. Энэ ч хөтөлбөрт хамрагдана, тэр ч тусламжаар үнэгүй авчих юм яриад л байна. Гурван сая гаруйхан монголчуудынхаа эрүүл мэндэд ямар хайнга хөндий хандаж байх юм гэж гайхмаар. Яг л хуучин энд тэндээс төсвийн цоорхойг нөхөх хэдэн доллар олж ирдэг шигээ л яриад байх юм. Ард түмний эрүүл мэнд ийм хоёр гуравдугаар зэргийн ажил болоод удаж байна. Үүнийг л хамгийн түрүүнд болих хэрэгтэй. Дахин хэлье, танай Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол бүх нийтийн вакцинжуулалт. Энэ засаг 100 хоногт вакцинжуулахаа зарлалаа. Тэгвэл хуучин засаг энэ хоёрдугаар сарын дундуур эхэлнэ гэж байлаа. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ тал дээр юу ч хийгээгүй худлаа ярьж ард түмнийг хууран цаг нөхцөөж байсан гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар вакцинжуулалтын ажлыг шинээр эхлэн хийх бололтой. Хуучин У.Хүрэлсүхийн ажил явцтай байсан бол юу гэж ингэж 100 хоногоор хойшлох билээ.

Төдийгөөс өдий хүртэл хамгийн сайн вакциныг нь захиалж, мөнгөө төлчихөөд, ирэхийг нь хүлээж суухад хангалттай цаг хугацаа, боломж байсан. Энэ ажилд нэг л хойрго хандаад байгаа мэт санагдах боллоо. Удирдлагууд сүйхээтэй, сэтгэлтэй, ард түмнээ боддог улс орнууд хэдийнэ вакцинжуулаад эхэлсэн. Манайд болохоор хувийн ганц нэг компани л цөөн тун вакцин захих гэрээ хийх гэж байгаа тухай дуулдах юм.

Одоо эрүүл мэнддээ мөнгө зарцуулдаг болмоор байна. Хамгийн сайн гэж байгаа вакциныг яаралтай худалдаж авч ирэх амин чухал хэрэгцээ байна. Эрүүл байхад ажил хийж болно. Энэ ард түмнийг тахлын вакцинаар хангачихаад ажиллуулаад үзээрэй. Яриад байгаа эрт босч ажиллах, давс мэт шийдвэрүүдээ гаргаад шахаад өг. Юунаас эхлэх, яаж ажиллах гээд төсөл төлөвлөгөөгөө гаргасан биз, харьцангуй урт хугацаа энэ засагт байна. Эдийн засгаа чадах ядахаараа босгоод л ирнэ, энэ ард түмэн чинь. Дахин хэлэхэд, эрүүл хүн л эрч хүчтэй ажиллана.

УИХ-ын зарим гишүүд “Шинэ Засгийн газрыг бага шүүмжлээрэй” гэж байсан. Зөв ажиллаад, зүгээр л хийх ёстойгоо хийгээд байвал хэн тэднийг шүүмжилж баалах билээ. Буруу тийшээ зүтгээд, улстөржиж гүйгээд байвал шүүмжлэх байтугай л юм болно. Сая нэг гайхам гоё жишиг тогтсоныг анзаараа биз дээ. Ард түмэндээ, эх орондоо хүнийрхүү цэвдэг сэтгэлээр хандаад, үл тоогоод байвал хөгшин залуугүй шууд л гараад эсэргүүцлээ илэрхийлдэг болсныг. Тэр эсэргүүцэл та нарыг шүүмжлэх байтугай дор нь огцруулах хүчтэй. Ер нь огцруулах байтугай л юм болно шүү. Энэ бол ард түмний хувьд маш зөв соёл болж тогтох ёстой юм. Та нарын буюу эрх баригчдын хувьд бол аюултай муу зан сургасан гэсэн үг л дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *