Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, дөрвөн зорилтоо танилцуулсан юм.
Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалж, газрын тосны үйлдвэр, төмөр замын төслүүд, байгалийн хийн хоолой, Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны хувь заяатай салшгүй холбоотой томоохон төслүүдээ хэрэгжүүлж дуусгана гэдгээ илэрхийлье.
Манай Засгийн газар цар тахал өвчин, түүнээс улбаалсан дэлхийн эдийн засгийн хямрал, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, иргэдийн амьжиргаанд тулгамдаж буй олон асуудал, нийгмийн бухимдал, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөржилт зэрэг олон асуудалтай нүүр тулна гэдгийг бүрнээ ухамсарлаж байна.
Тиймээс ч миний бие өнөөдөр чихэр мэт сайхан зүйл ярихгүй ээ. Харин өнөөдөр сонсоход давс мэт шорвог ч, Монгол Улсын ирээдүйд тустай дөрвөн зорилтыг товч танилцуулъя.
ЗОРИЛТ 1. ЦАР ТАХЛЫГ БОГИНО ХУГАЦААНД ДАВАН ТУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ. Гадаадад буй иргэдээ мэргэжлийн байгууллагын зөвлөгөөнд үндэслэн үе шаттай татан авчрах ажлыг эрчимжүүлнэ.
ЗОРИЛТ 2. ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэл зүйд автан ухарч болохгүй ээ, харин одооноос цар тахлын дараахь үеийн эдийн засагт бэлтгэлээ хангах хэрэгтэй.
Иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн өсөлтгүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Тиймээс шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг хурдасгахыг гол зорилтоо болгоно. Эдийн засгийн хөгжил, түүнийг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн суурь ч шинжлэх ухаан, мэдээлэл, технологийн салбараас ихээхэн хамаарна. Шинжлэх ухааны академи, инновацийн хүрээлэнгүүдийг уялдуулж, шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрээр зохион байгуулна.
Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллана. Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгийн сан байгуулна. Үндэсний баялгийн сан хуримтлалын, тогтворжуулалтын, хөгжлийн гэсэн үйл ажиллагааны гурван чиглэлтэй байна. Баялгийн сангийн орлогыг байгалийн баялаг ашигласны онцгой татвар, төрийн өмчит компаниудын ашгаар бүрдүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулах болно. Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюу толгойн гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш харин өвтэй үлдэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана. Засгийн газрын тэргүүний хувьд “Алсын хараа 2050” бодлогод тулгуурлан эдийн засгийн дараахь салбаруудыг тэргүүлэх чиглэл болгож, бодлогоор онцгойлон дэмжих болно. Уул уурхайгаас гадна, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар үүнд багтана. Яагаад эдгээр салбарыг бусдаас онцлов гэдгийг цөөн үгээр тайлбарлая. Юуны өмнө бид байгалийн баялагтаа нэмүү өртөг шингээх учиртай. Нүүрсээ угааж, зэсээ хайлуулж, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулах шаардлагатай. Ганцхан жишээ дурдахад, “Эрдэнэс Таван толгой” ХК-ны олборлолтын аманд нэг тонн коксжсон нүүрсний үнэ 63 ам.доллар байдаг. Тээвэрлэгдэн Ганцмод боомтод хүрч угаагдахад 200 ам.доллар болж өсдөг.
Монгол Улс жилд 6.1 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн гаднаас худалдан авч байна. Үүний нэг тэрбум ам.долларыг газрын тосны бүтээгдэхүүнд зарцуулдаг.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ. Аж үйлдвэржсэн орон болоход дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно. Ингэснээр жилд Монгол Улс тээврийн зардлаас 600-900 сая ам.доллар хэмнэж, нийт экспортын хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой. Авто замын төслүүдийг хэрэгжүүлэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, тэргүүн ээлжинд хилийн боомтууд болон аялал жуулчлалын замыг холбох болно. Далайд гарцгүй манай улсын хувьд тээвэр логистикийн салбарыг цогцоор нь хөгжүүлэх нь туйлын чухал юм.
Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно. Манай улс нэг хүнд ногдох малын тоо болон газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Гэвч хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвараар 192 орноос 180 дүгээрт эрэмбэлэгдэж байна.Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр болон тээвэрлэлтийн суурь төвүүдийг үе шаттай барьж байгуулна.
Цар тахлын дараа хамгийн хурдтай сэргэх салбар бол дэлхийд аялал жуулчлалын салбар гэдэг нь ойлгомжтой. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн Монголд ирэх гадаад жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим Элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Бахархам түүх, баялаг соёлынхоо өв уламжлалд түшиглэн бүтээлч эдийн засгийн салбарыг хөгжүүлнэ. Соёлын яамны менежмэнтийг шинэ түвшинд гаргаж, соёл, урлаг, кино урлагийг дэлхийн түвшинд гаргаж, эдийн засгийн үр өгөөжтэй байх зорилтыг дэвшүүлнэ. Хөрөнгийн бирж, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг олон улсын түвшинд хүргэнэ. Цаашид Монгол Улс төв Азийн санхүүгийн томоохон төвүүдийн нэг болох суурийг тавина. Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл, Бизнес эрхлэгчдийн зөвлөл, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулж, ширээний ард хурал хийх биш, самбарын өмнө шийдэл ярилцах Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлж, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах болно. Ордны өрөөнд шигдсэн биш олон нийтийн дунд ажилладаг Ерөнхий сайд байх болно.
ЗОРИЛТ 3. ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ШИНЭ ТОГТОЛЦОО
Нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж орлоготой иргэд өнөөдөр хүүхдийн зулай мэт эмзэг байна. Цаг алдалгүй дундаж орлоготой иргэдийг дэмжиж үндэсний цоо шинэ тогтолцоонд шилжин орохгүй бол дундчуул маань ядуурлын гүн далай уруу өдрөөс өдөрт живсээр байна. Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бүрдүүлэхэд манай улсын хувьд хамгийн чухал зүйл бол орон сууцжуулах асуудал юм.
Манай Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд “Залуус 1, 2, 3 хороолол”-ыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэх болно. Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бий болгох хоёр дахь хөшүүрэг бол чанартай боловсрол юм. Боловсрол хүний амьдралыг ядуурлаас чинээлэг түвшинд шууд аваачиж чадах хүчирхэг онгоц.
Монгол хүн болж төлөвших сургалтын багц, монгол хэл, бичгийн төгс хэрэглээ, хот, хөдөөгийн сургалтын чанар, их дээд сургуулийг нэгтгэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдогч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх зэрэг асуудлыг онцгой анхаарна. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүхэн зарлаж, Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй шинэ үеийг бэлтгэхэд анхаарч ажиллана. Засгийн газар Боловсролын шинэчлэлийн багц хуулийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн барих болно.
Ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих болно. Ингэснээр бид жилд 100-120 сая ам.долларыг гадаадад эмчлүүлэхэд зарцуулж байгаа урсгалыг 30-40 хувиар бууруулах боломжтой юм. Үүнээс гадна дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд халамжаас хөдөлмөрт шилжих, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд дэх оролцоог нэмэгдүүлэх, банк санхүүгийн төрөлжсөн тогтолцоо бий болгох зэрэг амин чухал асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ.
ЗОРИЛТ 4. ШУДАРГА ЁС, ЦАХИМ ЗАСАГЛАЛ
Жанжин Д.Сүхбаатарын талбайд -30 хэмийн хүйтэнд 30 мянган иргэн цугларч, өнгөрсөн 30 жилийг цэглэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллага дамнан оршсон бүлэглэлд “ҮГҮЙ” гэж хэлснийг би хэзээ ч мартахгүй ээ. Миний бие ордон дотор хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно. Энэ удаагийн авлигатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш, харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно.
Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагыг ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ. Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Төрийн албаны ёс зүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд манай Засгийн газар дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагынхантай нягт хамтран ажиллана. Засгийн газар чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг дээдэлж, иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн ажиллана. Олон нийтийн дунд эргэлзээтэй маргаан дагуулдаг томоохон асуудлуудаар бодит мэдээллийг өгч, илүү судалгаатай, баримттай хандахад дэмжлэг үзүүлж ил тод, нээлттэй хамтран ажиллахыг эрхэмлэнэ.