Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган таалал төгсчээ

Ард олноо Хатанбаатар Магсаржавын дүрээрээ алдаршсан Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин, найруулагч Л.Эрдэнэбулган 80 насандаа таалал төгсчээ. Тэрээр 1940 оны хоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат сумын Бухын гол хэмээх газар төрсөн байдаг. Сайн дуучин, жүжигчин төдийгүй дуурийн авъяаслаг найруулагч тул Монголын хөгжмийн театрыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн гавъяатан. Түүний найруулан тавьсан, захиалан хийлгэсэн дууриуд Монголын сонгодог урлагийн түвшинг дэлхийд харуулж чадсан билээ.

Тэрээр Улсын дуурь, бүжгийн театрт гоцлол дуучнаар 10 гаруй жил ажиллахдаа үндэсний болон дэлхийн сонгодог 20 гаруй дуурьд дуулжээ. Үүн дотроос амьдралд нь хайр дурлал, аз жаргалыг харамгүй бэлэглэсэн нэгэн дуурийн дүрийг зайлшгүй онцолдог юм.

Амгаланбаатар хотын Жанжны клубт 1968 оны арваннэгдүгээр сард Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол алдарт “Учиртай гурван толгой” дуурь тавигдав. Нансалмаад П.Цэвэлсүрэн, Балганд Б.Готов, Хоролмаад Д.Пүрэвсүрэн, Худалдаачинд Д.Жамъяанжав нар дуулж, М.Санжмятавын удирдсан энэхүү дуурьд Софи хотын консерваторийг дүүргэсэн залуу дуучин Л.Эрдэнэбулган Юндэнгийн дүрд дуулснаараа Улсын дуурь, бүжгийн театрын тайзнаа Эрдэнэбулганы хэмээх тодотголтой Юндэнгийн дүрийг бүтээх дархан эрхтэй болжээ.

Энэ тухайгаа дурсан ярихдаа “Төрөлх театрынхаа тайзан дээр ч, урлагийн бригадаар Монгол орноо бүтэн дөрвөн удаа тойрохдоо ч, мөн гадаадын нэг бус орны тайзан дээр ч нүүр бардам Юндэндээ дуулж явлаа. Эргэн санаж, 319 удаа Юндэнд дуулснаа бодохоор юутай их баяр баясгалан…” хэмээж байв.

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, НЭРТ НАЙРУУЛАГЧ Л.ЭРДЭНЭБУЛГАНЫ НАМТАРААС:

1957-1959 онд Булган аймгийн Соёлын ордонд туслах кино механикч, дуучин

1960 оны 3-р сарын 15-аас УХДТ-т найрал дуучин

1962-1967 онд БНБАУ-ын Софи хотын Консерваторийн Дуурийн дуучны ангид сурч төгссөн

1967-1975 онд УДБТ-т гоцлол дуучин

1975-1980 онд ЗХУ-ын Ленинград хотын Консерваторийн Хөгжмийн театрын найруулагчийн ангийг дүүргэсэн

1980-1993 онд УДБЭТ-т гоцлол дуучин, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, театрын даргаар ажиллаж байв.

НАЙРУУЛАН ТАВЬСАН ДУУРЬ:

1979 он Ж.Россини “Севилийн үсчин”

1980 он П.И.Чайковский “Евгени Онегин”

1980 он С.Гончигсумлаа “Үнэн”

1981 он Ж.Пуччини “Тоска”

1982 он “Лусын дагина”

1983 он Коваль “Чоно ба долоон ишиг”

1983 он Л.Мөрдорж “Хөхөө Намжил”

1984 он Г.Дарамзагд “Нүүдлийн замд”

1985 он Ж.Бизе “Кармен”

1985 он Д.Лувсаншарав “Нүцгэн ноён”

1986 он М.Минков “Хөгжмийн гайхамшиг”

1989 он Ж.Верди “Отелло”

1990 он Ж.Пуччини “Турандот”

1994 он Ж.Верди “Трубадур”

1994 он Д.Жанчив “Хөх торгон дээл”

1995 он Ж.Верди “Риголетто” /Саха-Якутын театрт/

1997 он Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” /шинэчлэн тавив/

1997 он С.Рахманинов “Алеко”

1999 он П.И.Чайковский “Гилбэрийн хатан” /Улаан-Үд хотын театрт/

2001 он Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” /Говь-Алтай аймгийн ХДТ-т/

2002 он О.Николай “Виндзорын овжин авхай нар”

1986 он Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс”

1988 он Ц.Нацагдорж “Үүлэн заяа”

1989 он Х.Билэгжаргал “Гэрэл, сүүдэр”

1991 он Ц.Нацагдорж “Өгөдэй хаан”

2003 он Б.Шарав “Чингис хаан”

2011 он Х.Алтангэрэл “Ай, Нан аа”

КОНЦЕРТ

Түүхт ойн концерт

Улсын баяр наадмын концерт

Гадаад улсаас манай оронд айлчлан ирсэн хүндэт зочдод зориулсан концерт

Аймаг, орон нутагт болж буй түүхт ой, тэмдэглэлт арга хэмжээнд зориулсан концерт

“Алтан намар” хөгжмийн наадам

Гадаад оронд зохиогддог Монголын соёлын өдрүүдийн концерт \ЗХУ, Болгар, Чехословак, Польш, Румын, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг 271 концертийг 20-иодхон жилийн хугацаанд найруулан тавьжээ. Энэ бүхнээсээ Л.Эрдэнэбулган найруулагч 3 концертыг онцгойлон дурсах дуртай.

Нобелийн Энх тайвны шагналт, дээрхийн гэгээнтэн,

XIY Далай лам Данзанжамцыг анх удаа Монгол оронд

залрахад нь зориулсан хүндэтгэлийн концерт

Удирдаач: Ж.Чулуун /МУАЖ, ТШ/, С.Сүндэд /МУУГЗ/

Зураач: Л.Гаваа /МУАЗ, ТШ/

БНМАУ болон ЗХУ-ын баатар, сансарын нисгэгч

Ж.Гүррагчааг угтан авах ёслолын баярт зориулсан

хүндэтгэлийн концерт.

Удирдаач: Ч.Жамсранжав /МУУГЗ/, С.Сүндэд /МУУГЗ/

Зураач: Б.Төмөрхуяг

Монголын нууц товчооны 850 жилийн ойн

баярын концерт,

Хөгжмийн зохиолч: Б.Шарав /МУУГЗ, ТШ/

Удирдаач: Ж.Чулуун /МУАЖ,ТШ/, Н.Бүтэнбаяр /МУУГЗ/

Зураач: Ч.Гунгаасүх /МУАЗ/

КИНО ЖҮЖИГЧИН

“Хатанбаатар” 2 ангит у/с киноны Магсаржав

“Зарлаагүй дайны оршил” у/с киноны япон генерал Сато

“Нарны унага” у/с киноны Жалцав

“Фронтод явах өргөдөл” у/с киноны Сумын дарга Дорж

“Намар нахиалсан мод” у/с киноны Лодон лам

“Алтан шонхор” 2 ангит у/с киноны Ниругун баатар

“Цагаан сүүний домог” у/с киноны Бүүвэй баатар

“Ач тус, атаа хорсол” Монгол, БНХАУ-ын хамтарсан у/с кинонд Г.Доржсамбуугийн хамт гол дүр бүтээв.

КИНО НАЙРУУЛАГЧ

“Учиртай гурван толгой” Кино опера 1993 он

“Чин ван Ханддорж” 1994 он

“Үхэж үл болно-Чингис хаан” 2008 он

“Хүнчин” 2012 он зэрэг уран сайхны кино,

Булган аймгийн 60 жил

Геологи, уул уурхайн 90 жил

Булган аймгийн Тэшиг сумын 90 жил

ШШГЕГ-ын 90 жил зэрэг 20-иод баримтат кино бүтээсэн.

Ум сайн амгалан болтугай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *