Categories
мэдээ нийгэм

ЧДТХ: Зээлээр суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй

Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт буюу тухайн жилд төлсөн төлбөрийн 10 хувийг буцаан авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн мэргэжилтнээс тодрууллаа.

-Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах хуулийн хугацаа хэднийг хүртэл вэ. Бүх материалаа цахимаар бүрдүүлэх боломжтой юу?

-Тайлагнах хуулийн хугацаа 2021 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл байгаа. ХХОАТ-ын хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэн нь татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт 2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор багтааж, цахимаар ирүүлнэ гэсэн үг. Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн хувь хүний орлогын албан татварын тайлангаа цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.Үүнд:

  1. Сургуулийн тодорхойлолт /файл/
  2. Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/

Тэгэхээр бүрдүүлэх материалын хувьд оюутнууд сургалтын албанаасаа дээрх хоёр материалыг файлаар авахад л хангалттай гэж ойлгож болно.

-Эцэг эх нь хувийн байгууллагат ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол буцаан олголт авч болох уу?

-Хувийн байгууллагат ажилладаг ч гэсэн хувь хүний орлогын албан татвар төлдөг бол буцаан олголт авах боломжтой. Хэрэв төлдөггүй бол авах боломжгүй.

-“Оюутны хөгжлийн зээл”-ээр сурч байгаа оюутнуудад энэ хөнгөлөлт хамаарах уу?

-Хувь хүн өөрөө төлөөгүй учир оюутны зээлээр сурсан оюутнуудын хувьд хамрагдах боломжгүй гэсэн үг.

-Буцаан олголтын мөнгө нь хэзээ орох вэ?

-Тухайн жилд тайлагнасан хугацаанаасаа хамаарч I-IV улирал гэж хуваагдаж, материалаа бүрдүүлж өгсөн хугацаанаас хамаарч янз бүр олгогддог. Өмнөх жилийн тухайд хамгийн сүүлийн буцаан олголт долдугаар сар гэхэд орж дууссан.

-Өмнө аваагүй төлбөрийн буцаан олголтоо нөхөж авч болох уу?

-Зөвхөн тухайн ондоо тайлагнаж, олгогдох зохицуулалтай учраас өмнөх жилүүдийг нөхөн авч болохгүй.

-Тайлант хугацаанаас хоцорвол яах вэ. Материалаа нөхөж өгч болох уу?

-Хуулийн хугацаанаас хоцорсон тохиолдолд нөхөж авах боломжгүй байдаг учраас өмнө орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэд 2021 оны хоёрдугаар сарын 15-наас цахимаар материалаа бүрдүүлж өгөх ёстойг анхаарна уу.

Ч.Биндэръяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *