Categories
гадаад мэдээ

Европын холбоо аль улсын харьяатаас үл хамаарч хүний суурь эрхэд ноцтой халдсан хувь хүн, хуулийн этгээдэд хориг тавина

Европын холбооны зөвлөл хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ хэрэгжүүлэх тогтоолыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталжээ. Улмаар тус байгууллага түүхэндээ анх удаа дэлхий даяар хүний эрхийг ноцтой зөрчсөн хувь хүн, аж ахуйн нэгж, тэр дундаа төрийн болон төрийн бус хуулийн этгээдийн эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой болсон байна. Тодруулбал, аль улсын харьяатаас үл хамаарч хүний суурь эрхэд ноцтой халдсан зөрчил үйлдэгч иргэн, хуулийн этгээдийг “хар жагсаалт”-д оруулж, Европын орнуудад зорчих эрхийг хориглох, хөрөнгийг нь царцаах арга хэмжээ авахаар болжээ. Мөн уг хар жагсаалтад багтсан хувь хүн, хуулийн этгээдэд Европын холбооны гишүүн орны банк, санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс шууд болон шууд бус хэлбэрээр хөрөнгө оруулалт авахыг хориглох аж.

Хориг тавих хүний эрхийн зөрчилд үй олноор хоморголон устгах, эрүүдэн шүүх, боолчлох, шүүхээс гадуур цаазлах, шүүхийн шийдвэргүй баривчлах, цагдан хорих гэх мэт үйлдлийг хүний эрхийн эсрэг ноцтой зөрчилд тооцох юм. Харин хүний эрхийн бусад зөрчилд Европын холбооны дүрэмд тусгасан гадаад аюулгүй байдлын нийтлэг бодлоготой системийн хувьд нийцэхгүй, эсвэл ноцтой анхаарал татсан тохиолдолд хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ.

Түүнчлэн Европын холбооны гишүүн орнууд болон Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн саналыг үндэслэн Европын холбооны Зөвлөл хүний эрхийн зөрчлийн эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлэх хар жагсаалтыг баталж, хянан, нэмэлт өөрчлөлт оруулж байхаар шийдвэрлэжээ. Энэ талаар тус байгууллагын албан ёсны мэдэгдэлд “Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах нь Европын холбооны гадаад үйл ажиллагааны тулгын чулуу, тэргүүлэх чиглэл хэвээр байгааг энэхүү шийдвэрээр онцолж байна. Хүний эрхийн ноцтой зөрчил, гэмт хэргийг арилгахын төлөө Европын холбоо шийдэмгий байгааг үүгээр илэрхийлж байна” гэж онцолжээ.

Европын холбоо нь Магнитскийн хуулийг үндэслэн Канад, Их Британи ижил төстэй хориг арга хэмжээ авсны дараа ийм алхам хийжээ. Магнитскийн хууль гэдэг нь хөрөнгө оруулагч, улс төрийн идэвхтэн Билл Браудерын өмгөөлөгч агсан С.Магнитскийн нэрэмжит Обамагийн үеийн хууль аж. 2009 онд Магнитский Кремлийн албан тушаалтнуудыг хамарсан томоохон залилангийн схемийг илрүүлснийхээ дараа Оросын шоронд нас барсан юм. 2012 онд Магнитскийн үхэлтэй холбоотой Оросын албан тушаалтнуудад АНУ-ын хөрөнгийг битүүмжилж, хилийн чанадад хориглох шийтгэл ногдуулахаар гарын үсэг зурж байв. 2016 онд Магнитскийн тухай хуулийг дэлхийн өнцөг булан бүрт хүний эрхийг зөрчигчдөд үйлчлэх зорилгоор өргөжүүлжээ.

Хүний эрхийн асуудлаарх Европын холбооны баталсан шинэ хуулийг АНУ талархан хүлээн авч буйгаа мэдэгдэж, дэлхийн хэмжээнд хүний эрхийг цаашид хамгаалах “бүтээн байгуулалтын ажил” гэж тодорхойлжээ. Олон улсын зарим байгууллагууд энэ эвслийг өргөжүүлэхийг уриалснаар авлигатай ч мөн тэмцэх болно гэж үзэж байгаа юм. Энэ хооронд Европын холбооны албан тушаалтнууд “Хүний эрхийг хамгаалах жагсаалт”-даа хэнийг оруулахаа шийдэх ёстой аж. Мөн хуулийг баталсны дараа тус байгууллагын гишүүн орнууд саналаа ирүүлж эхэлсэн тухай мэдээлж байв. Мөн Хятад дахь уйгуруудыг саатуулах, Хонконг, Беларусьт эсэргүүцэгчдийг дарах, Мьянмар дахь Рохинжа үндэстнүүдийн хоморголон устгалд хариуцлага хүлээлгэсэн хүмүүс багтаж магадгүй гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *